Саарал, бүдэг эсвэл бараг л …

Зургийг: Dongen, Kees van (1877–1968)

Эргэн тойрон зөрөн өнгөрөх олны харцнаас та юуг олж хардаг вэ? Уйтгартай уйтгаргүй харц. Бие биеийнхээ байтугай өөрийн харцаа ч мартагнасан алгуур мэт өнгөрөвч алганд тогтолгүй урсах элсэн өдрүүд. Жирэлзэн өнгөрөх хотын зам, тэртээх он жилүүдэд байсаар л байсан гэрэлтэй гэрэлгүй гудамж, өөрт агуулах иргэдийн төрхийг шингээсэн мэт бүүдгэр хот. Миний хайртай хот. Миний хайртай муу муухай. 
Урт улирлын түүхийг өгүүлэх мэт холцорсон хана туургат байрны жижигхэн цахилгаан шат. Жижигхэн лифтэнд хүртэл нэгнээсээ зугтах харцууд. Ямар ч утга үл илэрхийлэх харцууд. Үгүй байз харц биш. Гоёмсог давхраатай, нямбай гэгч нь будсан эсхүл царайлаг залуугийн гельдсэн үсээ гутаах хоосон харц. Муухай нүднүүд. Хамгийн их айдаг зүйл минь. Өөрөө ч тийм байх вий гэхээс хар дармаар айдас. Өөрийгөө ширтэж болохгүй нь аврал ч юм уу. Ямар ч утгагүй харц. Ядаж л өмнөөс минь ширтэж, эгцлэн харж уурлах бухимдах, эерэхийн алины ч хамаагүй үзүүлээсэй. Таагүй ч болтугай илэрхийлэмж байгаасай. Тэр чинь амьд шүү дээ. Үхмэл, саарал харцаар битгий өөрийгөө эсгээч дээ.

зургийг: Geoffrey Johnson

Гэнэтхэн чангаар хөхрөх дуунаар эргэн харвал бяцхан жаал хацраараа хана налан зогсоно. Цав цагаан хацар. Халтар хана. Дэндүү цэвэр инээд. Хурдал гэх эхийн дуу. Эргэн харахдаа инээмсэглэлээ үлдээх хиртэж амжаагүй ч хэзээ мөдгүй булингартчих мэт хэврэг харц.

Ойролцоох мухлагаас өнөөдрийн хэвлэлээ авлаа. Ширүүн харцтай эгч байсангүй. Оронд нь үеийн залуу сууж байна. Дуусашгүй өвлийн царцмаг байдлыг нэвт шингээсэн мэт харц. Хоосон.


-Муухай ааштай эгч яасан юм бол ? Өвдөөгүй байгаа ? гэсэн бодол тээсээр суух ёстой автобус минь дүүрэн хүн чихэн одохыг харан хоцорлоо.

2017.01.11

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.