42 газрын эморол: Coffee Esperanto

Ulaanbaatar Passport
Nov 8 · 4 min read

“Coffee Esperanto”-р зочилсон Anudry

Хааяа бас тийм ч дотно биш хүнтэйгээ дотны яриа өрнүүлэх гоё тэ. Би тэр хүний талаар сайн мэдэхгүй. Тэр хүн ч миний талаар сайн мэдэхгүй. Аль аль нь гэхдээ биенээ мэдэх хүсэлтэй. Ярих дуртай түүхийг тань сонсоод инээх, догдлохыг нь харахад сэтгэл уужраад аль хэзээний эртнээс биенээ мэддэг хүмүүс шиг болчихсон байдаг. Дотны хэдэн найздаа дахин сөхвөл нөгөө л улиг болсон түүх гэж бодох нь тодорхой. Арай муухай хэлчихлээ. Гэхдээ харваас сонсохдоо тийм ч дуртай бус байгаа нь хичнээн хичээн сонсож дүр эсгээд ч нэмэргүй.

Өнөөдөр харин тохиолдлоор ажлын охинтойгоо “Coffee Esperanto” орох ажилтай болоод хамт ирсэн юм. Улаанбаатар паспортаа ашиглаад сэндвич авбал 1 гүцтэй цай 50% OFF эрхээ хэрэглэчихлээ. Манай хүн ажлаа амжуулаад ч дууслаа. Ургамал, цэцэг болсон цайнаас нь тухтай гэгч уугаад, сэндвичээ хувааж идээд сууж байна. Зиак яриа эхэллээ. Бидний эхэлж ярьсан сэдэв бол нөгөө л мөнхийн сэдэв “Хайр”. Эхний бөгөөд төгсгөлийн сэдэв. Нэг нэгнийхээ хайрын түүхийг сонсож, догдолж, инээж суусаар орой болсныг анзаарсан юм. Хайр, хайр, хайр. Яагаад бид хорвоо дээр за болъё, Монголд 3,238,479 хүн байгаагаас 1,591,848 эрэгтэй хүн байхад за тэр дотроос 19–24 насны 148564 үеийн залуучууд байхад зарим цөөн хэд нь харц булааж, ганцыг нь хайрлана.

/Статистикийн мэдээллийн нэгдсэн сан/

10 жилдээ анхныхаа хайртайгаа учраад удаагүй байх үедээ нөгөө сэтгэл зүрх, нүд, хамар, чих нээсэн номыг Их дэлгүүрт зүгээр л дэмий хэсэж яваад номын хэсгээс содон зурагтай нэг номыг олж харсан юм. Зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана гуайн “Дурлал зохион бүтээгч” гэдэг ном байв. Өмнө нь амьдралдаа хичээлээс гадуур дур мэдэн сонирхож уншсан анхны зохиолын ном. Цаашид утга, уран зохиолыг шимтэн бишрэх болсны эхлэл болсон ном. Энэ номын эхний өгүүллэгийг уншиж дуусах алдад зүрх минь хурдан хурдан цохилж, хамгийн таашаалтай айдас, догдлолыг мэдэрсэн. Яг миний мэдрээд буулгаж чадахгүй байсан мэдрэмж энд бүгд бичээстэй байсан. Уул нь хэсэг мөрийг нь салгаж аваад оруулах гэсэн чинь утга санаа нь алдагдах гээд нэг цогцолбор оруулчихлаа. Та нарт бас таалагдана гэж найдаж байна.

“Дурлал зохион бүтээгч” номын хэсгээс /ху 16/:

“Сэтгэл зүрхийг минь ховстох учиртай хэн нэгний тухай төсөөлөлтэйгөө бид анхнаасаа л хамт төрдөг мэт. Тэр төсөөлөл балчир наснаас эхлэн ухаан санаанд минь биежиж, бидэнтэй цуг өсөж торнисоор, нас биед хүрэхийн цагт зүрхийг маань дотроос нь түрж дэлбэ татахаар заналхийлдэг. Тэгээд л бид хэн нэгэнгүйгээр амьд явж чадахгүй мэт зөн совинд автсандаа, ухаан санаагаа гээчихдэг. Гээж байгаа ч юм биш ээ. Гээгдэх учиртайгаар анхнаасаа заяагдсан үйл л тэр. Ингээд бид мөнөөх хэн нэгнийхээ эрэлд хатдаг. Төсөөлөлтэй маань огт төсгүй хүн тааралдавч, бид түүнийг зөвхөн өөрөө л харж чадах тийм нүдээрээ өөрчлөн хардаг. Амьдрал дээр олдсон тэр хүн маань төсөөлөлд анхнаасаа л төрсөн хэн нэгэнтэй хичнээн олон талаар адил төстэй байна, бид тэр чинээгээр аз жаргалыг мэдэрдэг. Харин төсөөллөөс маань зөрчихвөл, хэтэрхий хол зөрүү байгааг гэнэт олж харвал, бид ухаан сууж, тэр хэрээрээ жаргалгүй болдог.”

Амттай яриа өрнүүлэхийн тулд амттай юм идэж, уух хэрэгтэй.

Яг энэ бүгдийг уншиж дуусаад өмнө “Анхны хайр” гээд тайлбарлаж чадахгүй тодорхойлолтыг ойлгосон юм. Анхны хайр гэдэг бол анхнаасаа бидэнд хэн нэгний тухай төсөөлөлтэйгөө төрдөг тэр хүний гоц жишээ болж амьдралд гарч ирж буй анхны хүн. Тухайн үед үүнийг уншаад би нэг л хүнийг бодож байсан. Тэр л анхны хайр минь гэж би амьдралынхаа туршид итгэж амьдрах байх. Тархи, зүрх дотор бужигнаж байсан эдгээр бодлууд 4 жилийн өмнөх явдал л даа. Анхны хайр бүтдэггүй гэдэг бас оргүй хоосон үг байгаагүй юм байна лээ. Анхны хайр маань бас өөр нэг хүний дүрийг дотроо тээчихсэн, юун намайг харах. Ийнхүү анхны хайр маань тодорхойлж боломгүй байсан төсөөллийн маань бодит биелэл болж дүрслэгдэн үлдээд би дараагийн эрэлдээ нөгөөх дүр зургаа төсөөлөн явсаар, надархуу хүнийг төсөөлж явсан хүнтэй учран энэ асуудал дууссан байдаг юм. Дуусах нь хаашаа ч юм. Одоо ч бие биенээ танин мэдэн явсаар л…

Ажлын охины хувьд ч амьдралд нь учирч байсан хайр дурлалынхаа түүхийг ярих үедээ үнэхээр сэтгэл нь хөдөлсөн, чин сэтгэлээсээ ярьж буй нь илт. Энэ удаагийн эморол үнэхээр хөнгөн гунигтай, жаргалтай эморол байлаа.

Esperantooo

Амьдралд тохиолдсон хамгийн сонин мэдрэмжүүдийн нэг энэ бол мөнөөсөө мөн. Энэ тухай ярьж байхдаа бүр чин сэтгэлээсээ, нүд минь гялалзаж байсан гэхэд эргэлзэхгүй байна. Тухтай суугаад хамгийн сэтгэл огшоосон түүхээ ярихад хүргэсэн “Coffee Esperanto”-г хаанаас олсныг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade