Илүү утга учиртай, илүү аз жаргалтай амьдарцгаая.

ZolzayaL
4 min readNov 14, 2017

*Жилийн өмнө wordpress дээр бичиж байсан блогоо нэг уншигчийнхаа хүсэлтээр дахин оруулав. /Би одоо ч дор дурдагдах жижиг хар цүнхээ барьдаг./

Нэгэн нэрд гарч амжаагүй байгаа агуу уран бүтээлчийн хэлсэн “Минимализм бол орчин цагийн гэгээрэл юм” гэсэн үгтэй бараг л санал нийлээд 2 сар болов. Тэгээд тэр гэгээрэлд хөл нийлүүлэхээр сэтгэл шулуудав. Хамтдаа цааш үргэлжлүүлье.

Хэн хэлсэн нь чухал биш, юу хэлсэн нь чухал шүү дээ !!!

Гэхдээ энэ бүхнээс өмнө : Азаар нэг өдөр том хар цүнхээ хулгайчид зүсүүлсэн тэр өдрийн маргаашнаас нэгэн асуулт тавигдсанаар энэ бүхэн эхлэв.

(Хулгайч цүнхийг минь зүссэн, гэхдээ юу ч авч чадаагүй. :)

Юу ч хамаагүй чихдэг, юу ч хамаагүй багтдаг том хар цүнх минь. Түүнгүйгээр би өөрийнхөө амьдралыг яаж төсөөлөх билээ…
Дэвтэр, бал, шил, гоо сайхны хэрэглэл, доод тал нь хоёр ном, 2–3 ширхэг дэвтэр, зарим нэг жижиг хэмжээтэй ороолт хувцас , утас , түрийвч, хэрэг болж магадгүй бүх зүйлийг түүндээ багтаадаг байлаа… Яг л шидэт хайрцаг мэт.
Гэхдээ сул тал нь хэтэрхий хүнд. Ийш тийш чирч явахад мөр их өвдөнө. Харин нөхөртэйгээ хамт явж байгаа тохиолдолд бариулчихдаг болохоор тэр зовлонг их цөөхөн мэдэрдэг байж. Үнэндээ бол тэр дотор байгаа зүйлээс их цөөхнийг нь хэрэглэдэг байснаа сүүлд анзаарсан юм. Аль нэг нь байхгүй бол их хоосон мэдрэмж төрдөг тул хэрэг болж магадгүй гэж бодсон бүхнээ байлгахыг хүснэ.

Тэгээд хулгайд зүсүүлсэний маргааш нь орлох өөр том цүнх байгаагүй тул байсан жижиг хар цүнхэндээ яаж энэ бүгдийг багтаах вэ? гэсэн асуулт байлаа…

Хамгийн зөв шийдэл нь мэдээж хамгийн их хэрэг болох зүйлсүүдээ авч үлдээд бусдыг нь үлдээх явдал байлаа. Ийм байдалтай эхний сар өнгөрөхөд үнэхээр хэцүү байлаа. Хурдхан том цүнх олж авах минь…

Харин 2 дахь сараас анзаарсан зүйлс: Энэ жижиг хар цүнх надад үнэхээр таалагдаж эхэлж байв. Хөнгөхөн, авсаархан, яг хэрэгтэй зүйлс бүгд багтана. Байгаа зүйлээсээ таашаал авна гэдэг энэ үү? эсвэл яг үнэндээ хэрэглэгдэхгүй илүү ачаанаасаа хөнгөрч, түүнийгээ дагаад сэтгэл цэгцэрсэн үү… бүү мэд.

Иймэрхүү мэдрэмжтэй байх тэр үедээ Минимализм, минималист амьдралын талаар санамсаргүй TEDx ийн нэг бичлэг олж үзээд үнэхээр таалагдав.
Аан, би санамсаргүйгээр минималист хэв маягруу орсон байв.

Минималист байна гэдэг: Өөрт хэрэггүй зүйлсээсээ салж, хэрэгтэй бүхнээ үлдээж, илүү цөөхөн зүйлтэй илүү утга учиртай амьдрахыг хэлэх юм байна.

Яг үнэндээ таны хэрэг болж магадгүй гэж хадгаладаг тэдгээр зүйлс ихэнхидээ хэзээ ч хэрэг болдоггүй байна.

Ингээд дараа нь үнэхээр аймшигтай их ном дэвтэр, бичиг цаас, хог новш овоорсон ширээгээ цэгцэлж янзлахаас эхлэв.

Тайлбар: Энэ зураг өөр зориулалтаар авагдсан. (Тэр цаана овоорсон ном гэхэд 3 эгнээ, хажууд нь хавтастай бичиг цаас бла бла зөндөө юм байв. Цэцэгний ард 2 ч шаазан баримал байлаа. )

Дараа нь ширээн дээрх зүйлсээ улам бүр багасгасаар байв.

Бүх зүйл хэрэг болчих юм шиг санагдаад, үнэхээр хаяж чадахгүй явсаар энэ процесс 2 сар гаран үргэлжлэв. Харин өчигдөр л нэг Минималист киног үзэж, үнэхээр том цэвэрлэгээ хийлээ. Доторх шүүгээгээ цэвэрлэж нэг тор хог гаргаж хаяв.

Бас Youth Avenue ротаракт клубээсээ Gift Day өдөрлөгийг санаачлаж, хүмүүсийн өмсдөггүй хэрэггүй хувцаснуудыг цуглуулан, хэрэгтэй хүмүүст нь хүргэх ажиллагаанд оролцов. Энд огт өмсдөггүй ч өлгүүрт зай эзлэдэг 3 тор хувцас гарав.

Энгийнээр бол минималист байна гэдэг нэг иймэрхүү…

Зүгээр л өөртөө байгаа бүхнээ яагаад байгааг, үнэхээр хэрэглэдэг билүү гэж асуу? Тийм гэсэн зүйлсээ авч үлдээд бусдыг нь бүгдийг нь хая, эсвэл хэрэг болох хүнд нь өг, бэлэглэ, зар. Дэлгүүр хэсэхдээ, худалдан авалт хийхээсээ өмнө энэ үнэхээр надад хэрэгтэй билүү? гэж асуу?

Хэт их материалист хэрэгцээг шүтэж, утга учиргүй худалдан авалт бүү хийгтүн. Энэ нь зүгээр л донтолт байх магадлалтай бөгөөд нөгөө талаас дотор байгаа хоосон орон зайгаа дүүргэх гэсэн ухамсаргүй үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

Минимализм бол эрх чөлөөний хязгаарлалт биш илүүдэл зүйлийн таналт юм.

Дараа дахиад энэ талаар бичнэ. Харин Илүү ихийг мэдмээр бол энийг үз

Бас Монголд Энэ хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа Энэ мундаг охины ярилцлагыг уншаад үзээрэй. 20 м2 байрандаа яаж гэрийнхээ эд хогшлуудыг багтаах вэ? гэсэн асуултанд хариулах гэж явсаар энэ урсгалруу орчихсон гэдэг. Бас л сонирхолтой эхлэл. Facebook групп байдаг гэсэн.

Миний хувьд дөнгөж минималист болж эхэлж байна, учир нь би үүнийг зөв гэж боддог. Сооори, 100% минималист болчихоод энэ талаар бичнэ гэвэл дэндүү оройтох байх. Тиймээс хамтдаа минималист болох хүсэлтэй хүмүүст уриалга гарган ийн бичив. Зарим хүмүүс 2 жилийн турш энэ амьдралруу тэмүүлж, тэмцэж, илүүдэл өөрт хэрэггүй зүйлсээ танасаар л байна. Харин би дөнгөж 3 дахь сар дээрээ явж байна… Гэхдээ амьдралд минь байх ёстой зүйлс байж, байх ёсгүй зүйлс нь явж байгаад туйлын баяртай байна.

Илүү утга учиртай, илүү аз жаргалтай амьдарцгаая.

Минимализмийн талаар ярьж байж мангар урт блог биччихсэн байнашд… :))

--

--

ZolzayaL

Сторителлер — Миний мартахыг хүсээгүй дурсамжууд… (Хувь хүний хөгжлийн блог буюу яг үнэндээ бол миний өөрийн сурсан мэдсэн, туулсан зүйлсийн тэмдэглэл)