Махгүй өнгөрүүлсэн 3 хоног

Anujin Unurjargal
Nov 8 · 3 min read

Зарим хүмүүст бол энэ тийм ч содон сонсогдохгүй байх л даа.. Заримд нь бүр мөнгөгүй байгаа юу даа ч гэж бодогдох байх.

Ихэнх Монгол хүний нэгэн адил өдрийн 2–3 удаа махаар хооллож, энэ зуршлаа 22 жил хадгалж явсан миний хувьд шинэ нээлт байлаа. Яагаад ингэхээр болов гэж үү? Онцгой шалтгаан байхгүй.. Нээрээ шүү дөнгөж тэтгэлэг буучихсан байсанг ч хэлэх үү? дотуур байрны өрөөн дотроо хувийн хөргөгчтэйг хэлэх үү? (орноос 1 алхам, ширээнээс нэг алхам) сүүлийн үед огцом турж яг хэвийн жиндээ байгааг ч хэлэх үү? надад “3 хоногийг махгүй өнгөрөөх” зайлшгүй гэмээр шалтгаан байгаагүй юм даг. Харин зүгээр тэгэхээс нэг тэг гэсэн шиг өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн юм. Хажуугаар нь гэдсээ сайхан цэвэрлэчихье гэсэн санаатай. Бид өрөөгөө ямар бохир байгааг хардаг болохоор л дуртай дургүй өдөр бүр цэвэрлэдэг ч, гэдэс доторхоо харж чаддагсан бол яаж халаглаж, өрөвдөх бол доо хөөрхий гэдсээ. Энэ бодол надад танилуудтайгаа гадуур хооллож шарсан, хуурсан, давстай, чихэртэй элдэв юм идэж, пиво овоо хэд балгалсан өдрийн орой гэртээ хариад бодогдсон юм. Тэгээд л хөөрхий муу ходоод гэдэстээ 22 жилийн хөдөлмөрийнх нь дараа 3 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдсэн юм даа..

Заа тэр ч яах уу? гол яриандаа орьё.

Мах идэхгүй байна гэдэг нь мах л идэхгүй байна гэсэн үг. Өөр бусад зүйлс бүгд зөвшөөрөгдсөн. Гэхдээ би хувьдаа согтууруулах зүйлс болон түргэн хоолноос давхар татгалзсан. Ингээд хэлэхээр намайг согтууруулах зүйлсийн байнгын хэрэглэгч гэж битгий бодоорой. Би зүгээр японд амьдардаг юм. (Тэд пиво-г хоолтойгоо хамт ус мэт л хэрэглэдэг нь ердийн)

Эхлээд юу идэж энэ 3 өдрийг өнгөрөөсөн талаараа хальт яръя.

Өдөр #1

  • Өглөөний цай: Панкэйк, овьёос
  • Өдрийн хоол: Ногооны салад, талх
  • Өдрийн хоол: Йогурт, онигири
  • Оройн хоол: Ногооны гёоза (шарсан банш)

Өдөр #2

  • Өглөөний цай: Чихэрлэг төмс, панкэйк + Кофе
  • Өдрийн хоол: Мөөг, томатотой паста
  • Өдрийн хоол: Чийзкэйк, кофе
  • Оройвтор оройн хоол: Паста (өдрийн үлдэгдэл)
  • Оройн хоол: Төрөл бүрийн жимстэй хамт йогурт

Өдөр #3

  • Өглөөний цай: Смүүти, талх with peanut butter
  • Өдрийн хоол: Өндөг, чихэрлэг төмс, хулуутай салад
  • Өдрийн хоол: Банана, Салмон загастай онигири
  • Оройн хоол: Шарсан өндөг, талх + Смүүти
  • Шөнийн хоол: Талх with peanut butter

Үр дүн:

  1. Дээрхээс харж байгаачлан махан зүйл идэхэд бид өдрийн 2–3 хооллоход л хангалттай байдаг бол, махгүй төрлийн зүйлээр хооллоход өдрийн дор хаяж 4–5 хооллох шаардлагатай болсон. Энэ нь гэхдээ хийхэд тийм ч цаг авдаггүй хөнгөн зүйлс болохоор хэцүү бол биш. Гол нь биеэ сайн мэдэрч хооллохоо мартаж болохгүй санагдсан.
  2. Дээрхтэй хамаатайгаар хөнгөн юм идэж байгаа болохоор өлсөх нь их хурдан идсэнээс цагийн дараа ходоод хоосон нь мэдэгддэг. Гэхдээ учиргүй гэдэс дугараад өлсөөд эхлэнэ гэсэн үг биш.
  3. Бие хөнгөрнө. Хоолны дараах нозооролт гэж огт байхгүй. Өглөө ч ортойгоо ноцолдохгүй год гээд л босоод ирнэ. Шөнө нойр хулжихгүй бие бараг өөрөө орондоо орох дохиог өгөөд байгаа мэт санагдсан. Гэхдээ ядарна гэсэн үг биш
  4. Сэтгэн бодох, бодох чадвар арай багассан санагдсан. Гэхдээ юу ч ойлгохгүй байна гэсэн үг биш. Мэдээллийг хүлээж авах нь 1 секунд удааширсан
  5. Арьс…. Арьс гоё болно гэж бодсон уу? Арьс хуурайшиж, өнгөө алдсан. Учиргүй батга гарахгүй ч, цаанаасаа л нэг чийгшилгүй яг л ээждээ загнуулаад гэмшсэн мууран нүдтэй жаал шиг болсон. Ойлгож байна уу? Гайхаад судалж үзтэл мах ч бас арьсанд хэрэгтэй эд юм байна лээ.
  6. Эдийн засагт хэмнэлттэй. За энийг тайлбарлар нь илүүц биз. Ганц махны мөнгө хэмнээд зогсохгүй гадуур хооллох боломж багасчихаар гэртээ л хийх гэдэг болсон байсан
  7. Ус ихээр уусан. Яалтчгүй гэдэс цэвэрхэн болж байгаа гээд төсөөлөхөөр улам л цэвэрхэн болгомоор санагддаг юм байна лээ. Тэгээд ч ус уух нь өлсөх мэдрэмжийг дарж өгдөг тул ус уумаар л санагдаад байсан
  8. Жин… 1 кг хассан байсан. Гэхдээ жин ч нээх чухал биш л дээ

Эцэст нь 3 хоног махгүй байж үзсэний үр дүнд цаашид 30 жил ч махгүй байх сонголт миний хувьд хэзээ ч байж боломгүй бол биш санагдсан. Гэхдээ ямар ч зүйлд балансийг барих нь чухал гэж би хувьдаа боддог тул цаашдаа огтхон ч мах идэхгүй биш, 7 хоногтоо 1 удаа 1–2 өдөр махгүй дэглэм барьж, бусад өдөртөө аль болох багаар хэрэглэж байх шийдвэрт хүрсэн.

Та ч бас маханд дуртай, хангалттай туранхай, өдөр бүр шарсан мах идэхээр мөнгөтэйгөөс үл хамааран зүгээр л өөрийгөө чадах нь уу? үгүй юу гэдгээ сориод туршаад үзээрэй. Биеэ чагнаж, биетэйгээ ярилцах сайхан болзоо болно гэдэгт итгэлтэй байна.

Дараа ямар чаллэнж туршиж, өөртэйгөө дотносдог юм билээ?

Япон улс, Нагояа хот, Нагояа их сургууль, өрөөндөө суунгаа ийнхүү бичив. Одоо гарч хүнсээ цуглууллаа. Сэнпайн өгсөн хуучин дугуйг унаад жирийгээд байж дээ..

2019.11.8

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade