Тайван бүс №5 Хасах тэмдэг үргэлж нөлөөлнө

olKhon
olKhon
Nov 7 · 1 min read

Хичээл тарлаа л бол гэрийн зүг гэлдэрдэг үе өнгөрч, тарах хонх математикийн давтлага эхэлснийг мэдэгдэнэ. Хоёр давхарын баруун жигүүрт ялаа сонстох нь уу гэлтэй чимээгүй. Ангийн хаалгыг нээн харвал сурагчид дэвтэр үзгээ нийлүүлэн тоогоо бодох нь тэр. Би амьдралдаа хэзээ ч хичээлээ ийм удаанаар хийж байгаагүйдэг. Гэтэл манай ангийг дааж авсан шинэ багш ходоод хоосон дээр хичээл давтахыг илүүд үзнэ.

Самбарын урд гарч хичээл заахдаа нэг өгүүлбэрийг байнга давтдаг. Хасах тэмдэг үргэлж нөлөөлнө. Өнөөх хаалтны гаднах хасах тэмдгээ мартаад нэмэхийг хасах, хасахыг нэмэх болгож хариугаа шал буруу гаргаж байсан тохиолдол цөөнгүй. Хүссэн мэргэжилээрээ Зөвлөлт улсад суралцах боломжоо -2 онооноос болж алдсандаа ч тэр үү, бидэнд байнгын дээрх өгүүлбэрийг хэлнэ.

Буржгар үс, хар контуртай нүд, бөмбөлгөн ултай гутал өмсдөг багшийг маань Мөнхцэцэг гэдэг. Би л хувьдаа олон багшийн гар дамжилгүй арван жилээ төгссөндөө баяртай байдаг. Нэг удаа ангийн охидоос “Өндөр цалинтай, бага цагтай ажилд орохыг санал болгосон. Миний шавь нар юу гэж бодож байна” гэж асуулаа. Би ч дотроо багшийг явчихбал өдөр бүр ядаргаатай давтлага нь орохгүй нь гэж ихэд баярлаж билээ. Харин ямар азаар багш минь бид нарыг гэж бодон үлдсэн юм бол гэж би гайхан сууна.

Манай ангийн хүүхдүүд бүгд багш байж үзсэн. Бие биедээ хичээлээ зааж, цагтай уралдаж ч цэвэрлэгээ хийдэг байсансан. Бага цагт их зүйл амжуулахыг ёстой л цэвэрлэгээ хийж байж мэдэрсэндээ. Цаг харлаа гэх дуунаар хоёр нь хогоо шүүрдэж, хоёр нь шалаа арчаал. Зарим хүүхдүүд тамирын хичээл дээр ч гаргаж үзээгүй хөлсөө цэвэрлэгээ хийхдээ гаргасан байж магад.

Математик бол монгол хэл. Харин хайр бол зовлон.

    olKhon

    Written by

    olKhon

    👽