Биткойн гэж юу вэ?
Биткойн бол нэгэн зэрэг цахим мөнгө, мөнгө шилжүүлэх систем мөн хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Хэрэглээ нь бидний мэдэх PayPal эсвэл Skrill зэрэг төлбөр дамжуулах цахим үйлчилгээтэй тун ойролцоо боловч тэднээс эрс ялгарах олон онцлогтой.

Биткойны онолыг 2008 онд Сатоши Накатомо хэмээх өөрийгөө эсвэл өөрсдийгөө нууцалсан япон хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс бий болгосон. Түүний эсвэл тэдний биткойн бүтээх болсон шалтгаан нь гэвэл дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын тогтворгүй байдал тэдэнд үл итгэх итгэлээс үүдэлтэй. Өнөөдөр дэлхий дээр 6,5 сая хүн хувийн данс нээлгэх байтугай банканд хөлөө ч тавьж үзээгүй. Харин интернэтэд холбогдох боломжтой хүн бүр биткойны сүлжээнд нэгдэх боломжтой.
Яагаад биткойныг хэрэглэх хэрэгтэй гэж?
Биткойны сүлжээг ашиглан дэлхийн аль ч өнцөг рүү нэн даруй санхүүгийн гүйлгээ хийх боломжтой. Гүйлгээ хийхэд хоёр л хүн хэрэгтэй, биткойныг шилжүүлэгч болон биткойн хүлээн авагч. Ямар ч банк, санхүүгийн байгууллагын оролцоо хэрэггүй. Ингэснээрээ гүйлгээний шимтгэлийг хэмнэх боломжтой. Хаа холын Америкт байгаа найздаа биткойн шилжүүлэх эсвэл хажуу айлын хөршдөө биткойн шилжүүлэх хоёр яг адил.

Биткойны ард хэн ч байхгүй, биткойныг ажиллуулдаг байгууллага гэж үгүй, түүнийг үйлдвэрлэдэг улс, засгийн газар гэж байхгүй. Таны биткойныг хэн ч удирдахгүй таниас өөр хэн ч өмчлөхгүй, биткойны ханш зөвхөн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнээс хамаарна. Хүн бүр банк, санхүүгийн байгууллага эсвэл засгийн газраас үл хамаарах санхүүгийн эрх чөлөөг эдэлнэ гэсэн үг.
Биткойны сүлжээ бол нээлттэй сүлжээ. Аль хаягнаас аль хаяг руу хэзээ хэдэн биткойн шилжсэн гэх зэрэг мэдээллийг хүн бүр үзэж шалгаж болно. Нээлттэй учраас таны хувийн мэдээллүүд нууцлагдмал. Зөвхөн цахим түрийвчний тань хаяг болон нууц түлхүүр/үг байхад хангалттай.

Бүх хэрэглэгч тэгш эрхтэй нууцлагдмал учраас гэмт хэрэгтнүүд дуртайяа ашигладаг. Нэгэнт шилжүүлсэн биткойныг эргүүлж ухраах ямар ч боломжгүй, буцаан олгох, нөхөн төлөх гэсэн асуудал байхгүй учраас цахим дэлгүүрүүд төлбөр тооцоогоо биткойноор хийхийг эрхэмлэдэг болж байна.

Хүмүүс яагаад биткойнд итгэдэг вэ?
1980-аад оноос хойш цахим мөнгө анх гарч эхэлсэн боловч биткойноос өмнөх цахим мөнгөнүүд ”double spending” буюу ”давхар зарцуулалт” хэмээх асуудлыг шийдэж чадаагүй. Үүнийг жишээгээр тайлбарлавал: Хэрвээ та утсаараа зураг аваад найздаа илгээвэл тэр зураг одоо нэг биш 2 хувь боллоо гэсэн үг. Хэр их хүнд илгээнэ төдий чинээ олон хувь болно. Харин өөрт байгаа 10000 төгрөгөө интернэтээр ээждээ илгээвэл та ч 10000 төгрөгтэй, ээж тань ч 10000 төгрөгтэй болоод сүүлдээ олон хүнд явуулах тусам энэ мөнгө огт үнэ цэнэгүй болж хувирах аюултай. Энэ асуудлыг одоог хүртэл банк санхүүгийн байгууллагууд бидэнд зохицуулж өгсөөр ирсэн. Хэнд хэр их мөнгө байгаа, хэнээс хаашаа хэр их мөнгө шилжсэнийг зөвхөн банк болон банкны ажилтнууд л мэддэг байсан бол биткойн бий болсноор санхүүгийн салбарт асар их хувьсгал хийгдэж байна.

Та биткойноор гүйлгээ хийхэд blockchain (гүйлгээний хэлхээ) хэмээх дэлхий даяар тархсан, нээлттэй шилэн бүртгэлийн систем аль хаягнаас аль хаяг руу хэзээ хэчнээн биткойны гүйлгээ явагдсаныг бүртгэж байдаг. Blockchain технологи нь биткойн сүлжээнд холбогдсон хүн бүрт нээлттэй бөгөөд нэгэнт бүртгэсэн гүйлгээний мэдээллийг арилгаж, ухрааж, хуурамчаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Учир нь энэхүү нээлттэй гүйлгээний бүртгэл нь дэлхий даяар тархан байгаа биткойн сүлжээнд холбогдсон хэдэн мянган комьпютерт зэрэг бүртгэгдэж баталгаажиж байдаг .

Blockchain гэдэг нь block-гүйлгээ, chain-гинж хэлхээ хэмээх англи нийлмэл үг бөгөөд өмнө нь хийгдэж байсан бүх гүйлгээг өөртөө агуулдаг. Та биткойн шилжүүлэхэд нэг гүйлгээ болно таниас гадна дэлхий даяар олон хүн биткойн шилжүүлж байгаа тэр бүх гүйлгээ нийлээд нэг block болно. Block бүр тусгай түлхүүр буюу тоон өгөгдлөөр өмнөх block-тайгаа холбогдож гинжин хэлхээ үүсгэж байдаг. Арван минут тутамд нэг block бүртгэгдэж цаг хугацааны тамгаар тамгалагддаг. Өөрөөр хэлбэл банк өдөрт нэг удаа хааж маргааш нь нээгддэг бол биткойн технологи нь 10 минут тутамд хааж дахин шинээр нээгддэг. Аль цахим түрийвчнээс хэчнээн биткойн зарцуулагдаж байгааг хэн ч харж болох учраас таны хувийн мэдээллүүд нууц байна.
Хэрвээ биткойн мөнгө юм бол түүнийг юу үнэ цэнэтэй болгож байна вэ?
Bitcoin яагаад үнэ цэнэтэй вэ гэвэл алттай адил тун ховор. Биткойныг алт шиг олборлож болно. Алт олборлоход том том машин хүрз хэрэг болдог бол биткойн олборлоход комьпютер болон програм хангамж хэрэгтэй. Гэвч ингэж олборлохын тулд асар хэцүү математикийн тооцоог хийж гүйцэтгэнэ. Энэ тооцооны үр дүнг шалгахад маш хялбархан боловч тооцоог хийнэ гэдэг асар их комьпютерийн хүчин чадал, цаг хугацаа орно. Арван минут тутамд хүмүүс гүйлгээ хийгээд шинэ block гарч ирэхэд сүлжээнд холбогдсон хэдэн сая комьпютэр энэ block-г үнэн зөв эсэхийг баталгаажуулахын тулд хоорондоо уралдан математикийн тооцоо хийдэг. Хамгийн түрүүнд тооцооны хариуг бодож гаргасан комьпютерын эзэн шинэ block-ыг баталгаажуулсаны урамшуулал болгож гүйлгээний багахан хувьтай тэнцэх биткойн авах эрхтэй. Ингэж зах зээлд шинэ биткойн төрдөг. Үүнийг биткойн олборлолт гэдэг.

Биткойн олборлогч гэдэг нь комьпютерийн ард суугаад биткойн олборлох програм ажиллуулдаг хүн. Хэдий чинээ олон олборлогч байна төдий чинээ гүйлгээний баталгаажуулалт хурдан хийгдэж мөн төдий чинээ биткойн олборлоход хэцүү бас биткойны сүлжээг бат бэх болгож хакердэх боломжгүй болгодог. Нэгэнт баталгаажуулсан гүйлгээг өөрчилнө эсвэл устгана гэдэг огт боломжгүй зүйл. Тэгэхээр биткойн олборлогчид нь сүлжээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд гүйлгээний хэлхээнд шинэ гүйлгээ нэмдэг, шинэ биткойн төрүүлдэг бас сүлжээг бат бэх болгодог.
Зах зээлд байгаа биткойны хэмжээ урьдчилан тооцоолсон алгоритмийн дагуу нэмэгдэнэ. 2140 он гэхэд хамгийн сүүлчийн биткойн буюу 21-н сая дахь биткойн гарч ахин шинэ биткойн зах зээлд гарахгүй. Өнөөдөр нийт 21 сая биткойн үйлдвэрлэгдэхээс 16,47 сая буюу 78% нь зах зээлд эргэлдэж байгаа бөгөөд өдөрт 1728 шинэ биткойн үйлдвэрлэгдэж байна.

Биткойныг ฿ гэж тэмдэглэдэг бас манай монгол төгрөгийг MNT гэдэг шиг “BTC” ч гэж тэмдэглэдэг. Нэг биткойн 100 000 000 тэнцүү нэгж хэсэгт хуваагддаг. Биткойны хамгийн бага нэгжийг Сатоши гэж нэрлэдэг.
Биткойноос өөр 100-аад гаруй цахим мөнгө дэлгэрээд удаагүй боловч бүх цахим мөнгөний зах зээлийн ихэнх хувийг биткойн ганцаараа эзэлж байгаа бөгөөд хэрэглэгчид нь өдөр бүр нэмэгдсээр байна.

Биткойн ханш өссөөр байна.
2010 онд 1 BTC = $0.01 байсан.
2013 онд 1 BTC = $100 болсон.
2014 онд 1 BTC = $1000 хүртэл өсч дараа нь
1 BTC = $300 хавьцаа буурч зогссон.
2015 онд 1 BTC = $400-т хүрсэн.
Харин өнөөдрийн байдлаар буюу 2017 оны 7-р сарын 25-нд нэг биткойн 2562$ долларын ханштай байна.
~Amar Bitcoin~
www.amarbitcoin.com
