Энд ирж байж, өнгөрсөнөө бас бусдын түүхийг уншиж байж л нэг ухаан орох юм даа.

Заримдаа үгүй ээ ихэнхидээ би мартчихдаг. Бодох нь ямар чухал гэдгийг… зүгээр л энэ хүмүүсийн урсгалд автчих юм.

Би сүүлийн хэдэн цаг бусдын бичвэрийг уншиж өнгөрөөлөө. Хүн гэдэг түүний бодол санаа гэдэг гайхалтай хязгааргүй зүйл юм. Бас олон ч өнцөгтэй. Бүгд өөр өөр аргаар бодож бас бичнэ. Уншаад л тайвширч инээмсэглэх бичвэрийг бичих хүн байхад хэдэн цагаар бүр өдрөөр ч бодолд автуулж чадах тийм л түүх бичих хүмүүс ч бас байх юм.

Тэгээд өөрийнхөө бичвэрүүдийг уншиж үзлээ. Ямар сэтгэгдэл төрүүлдэгийг мэдрэхийг мэдэхийг хүссэн юм. Гэтэл дотор минь зүгээр л хоосон болчихсон, сүүлдээ бүр бачуурч эхэлсэн гээч…

Миний бичдэг зүйлс бусдад ч бас тийм сэтгэгдэл төрүүлдэг болов уу? Хэрэв тийм бол гунигтай л юм.

Миний бичих шалтгаан бол…

Тайвшрах… үгүй ээ, яасан ч үгүй. Бичих тусмаа харин ч улам л бодолд автдаг. Хэдий гадаад төрх минь тайвширч болох ч дотроо бол харин ч бүр галзуудаг.

Нэг удаа ийм үг уншаснаа санаж байна. « People write because no one listens» Миний хувьд бол би харин ч бусдад сонсгохыг хүсээгүйдээ бичдэг юм шиг санагддаг. Миний мэдэрдэгээр бол хүмүүс саад болдог, бодоход бас бичихэд. Үнэндээ тэр үг бол яг одоо надад ямар ч утгагүй худал зүйл шиг л санагдаж байна. Би бусдыг сонсоход үргэлж нээлттэй байдаг, чин сэтгэлээсээ шүү. Гэхдээ ямар нэг худал хуурмаг, утгагүй хов жив биш харин чин сэтгэлийн үгийг, тэдний юу мэдэрч байгааг…

Нэг түүх санаанд орлоо. Нэг удаа найз минь надаас “чи яагаад юмнуудаа ярьдаггүй юм бэ, дотроо хадгалаад байх хэцүү биш үү” гэж асуусан. Уг нь би ярьсан шүү дээ, дотроо хадгалагддаг тэр үгсээ хэлж өгсөн. Харин түүний асуусан “юмнууд” бол зүгээр л хоосон, утга учиргүй яриа. Миний хаана амьдардаг, эцэг эх ах эгч нар маань ямар ажил эрхэлдэг эхнэр хүүхдүүд гээд л … бурхан минь одоо бодоход ч надад төвөгтэй санагдаж байгаа тэр л зүйлсийн талаар мэдэхийг хүсдэг гэж үү. Сонирхолтой л юм, тэр юу нь тийм чухал гэж.

Энэ явдалыг эргээд сайн санавал энэ яриа миний амьдралд тохиолддог асуудлуудаас эхлэлтэй юм. Тэр асуудлууд нь түүний сонирхолыг татсан ч би ярихыг хүссэнгүй. Энэ түүний хэлсэн тэр үгсийн шалтгаан юм. Гэхдээ “дотроо хадгалах хэцүү биш үү” би энэ үгийг үнэхээр ойлгохгүй юм. Би асуудлаа хэн нэгэнд хэлсэн ч, хэлээгүй ч тэр дотор минь л үлдэнэ шүү дээ. Хүнд түүнийхээ талаар яричихвал л асуудал маань хөнгөрөөд дотор минь уужрах юм гэж үү. Миний хувьд бол үгүй. Би зүгээр л тэр төрлийн хүн биш.

Зааазааа…. Одоо тайвшраад сайхан амрахыг хичээнээ. Гүнзгий амьсгаа аваад… гаргаад… тэгээд л бүгдийг нь тавиад явуулчихая.

Show your support

Clapping shows how much you appreciated Anamka’s story.