Хэрхэн өөрийгөө байгаагаар нь хайрлах вэ?

Amanda Oleander
Энэхүү нийтлэлийг уншиж буй танд юуны өмнө дахин давтагдашгүй, цор ганц нэгэн болж төрсөнд тань баяр хүргэе. Та бол хамгийн үзэсгэлэнтэй оршихуй.

Amanda Oleander

Мэдээж би хувь хүний хөгжлийн эксперт биш ч гэсэн нэгэн үед өөрийгөө байгаагаар нь хайрлахаа больж, бусдын харах өнцгөөр өөрийгөө хайрцаглаж байсан гунигт туршлага бий учраас энэхүү нийтлэлийг бичиж байгаа юм. Тэр үед би арван найман настай өсвөр насны охин байлаа. Үеийнхээ нэгэн хөвгүүнтэй нэгдүгээр курсын төгсгөлөөс үерхдэг боллоо. Анхандаа бидний харилцаа хэвийн байсан боловч, АНУ руу явж юм үзээгүй юм шиг их идэж багахан таргалсанаасаа хойш түүнд өдөр бүр “тарган” , “гахай шиг” гэх мэт янз бүрээр хэлүүлдэг боллоо. Мэдээж би тиймэрхүү зүйлд чимээгүй өнгөрдөг хүн биш л дээ. “Туранхай хүнээ олж авахгүй юу”, “тэгвэл тэгээд болихгүй юу” гээд л өөрийгөө хамгаалж мэтгэлцдэг байлаа. Би тухайн үедээ үг гэдэг тийм хүчтэй гэдгийг даанч ухамсарлаагүй явсан бөгөөд битүүхэндээ хурдан турах гэж нилээд л үздэг байлаа. Тарган гэдэг үг цаашлаад бүдүүн гуя, шилбэтэй, нарийн бэлхүүсгүй, х хөлтэй, жижиг хөхтэй, сүмбэн хуруугүй, за нөгөө хөөрхөн хөлийн хурууны тухайд яриад ч хэрэггүй, хэт том хацартай гэх мэт хөгийн хөгийн тэмдэг нэрүүд рүү шилжлээ. Би тэр болгонд нь өөрийгөө хамгаалаад, тэдгээр үгсийг үл ойшоож байна гэж боддог байсан боловч одоо бодоход худал үгийг 1000 давтахад үнэн болдгийн үлгэрээр би бүр тэдгээр үгсэд 1000 хувь уусч, өөртөө итгэхээ больж эхэлсэн байсан юм. Ёстой л манай нэг хоржин найзын хэлсэнээр сургуулийн хана дагаад, доошоо хараад явдаг loser нэгэн болж хувирав. Маш гунигтай байгаа биз. Өөртөө итгэх итгэлээ алдсан би цэцэг шиг мөрөөдлүүдээ тасдан хаяж, өөрчилж, чадахгүй байх даа хэмээн эргэлздэг болов.

Ер нь хүн бүр төгс байх албагүй, төгс хүнийг хэн ч угаасаа олж чадахгүй атал төгс байх гэж өөрийгөө эрэмдэглэсэн хэдэн мянган хүмүүс байдаг билээ дээ. Тэр бүхний эхлэл нь хэн нэгэн хүмүүжилгүй, жинхэнэ өөртөө итгэлгүй, loser нэгний бодлогогүй хэлсэн өрөвдөлтэй үгс байна гэдэг нь даанч харамсмаар. Хүний гадаад үзэмжийг шүүмжилнэ, зан байдлыг шүүмжилнэ, хандлагыг шүүмжилнэ. Шүүмжлээд байгаа гаруудыг харахаар бүр 00 ормоор санагдана.


Amanda Oleander

Хамгийн гоё нь хүн нэг л өдөр дөжирчихдөг, бусдын юу гэж худал шүүмжлэх нь хамаагүй болдог. Чи өөрийгөө толинд хар. Үнэхээр мэргэжлийн зургийн баг нь байвал Кендалл, Кайлигаас дутах зүйл бараг үгүй шахуу байхад хэн хүнийг элдэв янзаар гоочлох эрх ямар айлын нусхайд ер нь бий гэж.

Миний дотоод хүч бүрэн мөхөөгүй байсан тулдаа өөрийн нүдийг бусдын нүдээр сохлохоос татгалзаж чадсан юм. Гэтэл бүр сохолдгоо сохлоод, бусдад тааруулах гэж буруу шийдвэр гаргаад явж буй хүмүүс дэндүү олон шүү дээ. Яагаад бид ганц олдох амьдралдаа бусдыг хэцүү байдалд оруулж, өөрийнхөө хүссэнээр байлгаж кайф авч амьдрах ёстой юм бэ. Хүн бүрт хангалттай л зовлон, стресс байхад хэрэггүй хоосон үгээр л дутав гэж дээ. Би хэзээ ч бусдад үнэтэй, тансаг бэлэг авч өгч үзээгүй, үзэх ч үгүй байж мэднэ. Харин түүний оронд тэр хүнээс мэдэх хамгийн сайн сайхан чанарыг нь байнга сануулахыг хичээдэг. Урам өгөхийг хичээдэг. Хүн тийм л юмаар дутдаг гэж би боддог.


Amanda Oleander

Одоо би өөрийнхөө биеийн хэсэг бүрт хайртай. Эрхтэн, систем маань бүрэн бүтэн байна, би хүссэнээ хийж бүтээж байна. Өөр надад юу хэрэгтэй гэж. Бүх хүн амьд барби шиг байдаг байсан бол дэлхий хичнээн гунигтай вэ. Яадаг юм би том хацрандаа хайртай, нас ахисан ч хүүхэд царай минь бага ч гэсэн байдаг юм. Яадаг юм би том хөхгүй, гүйж харайхад амар байдаг юм. Солонгос охид шиг нарийн гуя, шилбэ энээ тэрээ нь ч алга. Гэхдээ давгүй халуун цуст орны хүүхнүүдийн стандарт руу дөхнө шүү. Яадаг юм би өөрийнхөө хэсэг бүрийг өмөөрнө хэнээс ч.


Ер хүн гэдэг яг л дарс шиг шүү дээ. Удах тусмаа улам амттай, үнэ цэнэтэй болдог. Надад байгаа гадаад үзэмж төдийгүй, надад тохиолдсон бүхий л амьдралын туршлагууд өнөөдрийн миний үзэл бодлыг, хүч чадлыг бий болгосон учраас туулсан хэдэн жилдээ би дэндүү их хайртай.

Эцэст нь хэлэхэд эр, эм гэлтгүй чиний ойр дотны хэн нэгэн, ер нь хэнбугай ч чамайг элдвээр шүүмжилвэл тархин дотроо дунд хуруугаа гозойлгоод, огтхон ч битгий тоогоорой л гэж хэлэх байна. Учир нь хүн бүр цор ганц урлагийн бүтээл.