ИХ НУУЦ ЭРДЭМИЙН ШИДИЙГ ҮЗҮҮЛЭГЧ ЕГҮЗЭР МИЛА БОГД номын тухай сэтгэгдэл

Мила богд бол — XI зуунд Түвд-д амьдарч байсан нууц тарнийн хөлгөний шид чадал үзүүлэгч, хувилгаан, шүлэгч, бясалгагч , гоц чадвартан байсан бодит хүн байжээ.

Тэрээр маш муу хар үйл буюу их хараалчаас үйлийн үрээ цайруулсаар гэгээрсэн хүн билээ.

Номын үйл явдал Мила богд өндөр нас дээр гарсан байх бөгөөд түүний үнэнч шавь Райчун багшаасаа өөрийнх нь намтар, зам мөрийн талаар асууснаар өрнөж эхлэнэ. Мила богдын өвөг нь эрдэм чадалт хүн байсан ба нэгэн их хүчтэй буг чөтгөр хоргодсон айлд очтол — Ий, Мила, Мила ( айлаа ,айлаа ) гэж өнөөх чөтгөр хэлэн айн зугтсан тул ард олон тэрхүү эрдэм чадалт хүнийг Мила хэмээн нэрийдэх болсоноор Мила богдийн түүх эхэлдэг. Ийнхүү өвөг дээдсүүдийнх нь тухай яван явсаар Мила богдын эцэг дээр ирнэ. Мила богдын эцэг ажилч, хөдөлмөрч, хөрөнгөтэй нэгэн байсан ба хүүдээ их дууч хэмээн Тойвогоо гэж нэрийдэн дууддаг байжээ. Мила бага балчир насандаа эцэг эхийн хайр халамжинд охин дүү Бидатайгаа амар сайхандаа аж төрөн, ард олны хайр хүндэтгэл хийгээд бага ч үгүй атаархалыг нь төрүүлэн амьдардаг байж. Үүлэн чөлөөний наран лугаа адил Мила богдын жаргалтай хүүхэд нас удаан үргэлжилсэнгүй . Эцэг нь нас эцэслэх болж өөрийн дүү нартаа буюу Мила богдын авга ах , эгч 2т нь гэр бүлийнхэнээ, эд хөрөнгөө даатгаад амьсгал хураатал, авга ах эгч 2 нь тэднийг хөсөр хаян боолын амьдралаар амьдруулж хамаг хөрөнгийг нь булааж авчээ.

Мила богдын сүй тавьсан Зесай хэмээх охины гэрийнхан, нагац ахаас бусад нь эд хөрөнгөтэй байсан үеийнх шиг нь элгэмсэг дотно хандахаа больжээ. Өнчирсөн 2 хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцорсон Мила богдын эх, өршөө хорсолдоо автаж, ганц авч үлдсэн тариан талбайгийнхаа хагасыг зарж, мөнгөөр нь хүүгээ их хараалчид шавь оруулж, эргээд авга ах , эгч 2ийг нь хүйс тэмтрүүлэхээр хол сургахаар явуулна. Хүүдээ заавал хүйс тэмтэрэхгүй юм бол боож үхнэ гэж захисан тул хүү эжийдээ их хайртай байсан учир үг дуугүй хараал жатга сурахаар одов. Ингээд найр хийж байсан авгынхаа гэр дээр их мөндөр буулгаж, хөгшин залуу 35 хүнийг хөнөөжээ. Гэвч тэр үед авга ах , эгч 2нь байсангүй. Иймд Мила богдийн эхийнх нь сэтгэл ханасангүй. Мила богд ийнхүү их хар нүгэл үйлдэж олон хүнийг хөнөөсөндөө дотроо ихэд гэмшиж, ээжийн захиаснаас айн, багшид амалсан амлалтаа зөрчихөөс эмээж байв.

Тэгсэн нэг өдөр Мила богдийн хараалч багш : амьдралын хоосоныг ухааран орж ирээд, — Чи залуу хүн гэм бурууг чинь багш нь хүлээе, нарны эртэд нүгэлээ наминчилахаар яв даа хэмээн чөлөөлсөнөөр Мила богдын өөрийн үйлийн үрээс нь салгах багшийн эрэл эхлэнэ.

Шавь бэлэн болоход багш гарч ирдэг

Ингэж явсаар өөрийн багш Марватай учирна. Марвад урд шөнөөс нь билэгшээлтэй зүүд зүүдлэгдэх болсон учир өөрийн үнэнхүү шавьтайгаа учирна гэдгийг урьдчилан мэдэж байсан ч үүнийгээ ил гаргалгүй хүлээж байдаг. ( Чойжин ламын музей-д Мяла богдын багш Марва, Марва-н багш Нароваг дүрсэлсэн хөшөө байдаг юм билээ.)

Марва багш Мила богдод үнэхээр л гэм нүглээсээ ангижрахыг хүсэж буй юм бол өндөр уулын орой дээр олон давхар чулуун байшин барь хэмээн тушаана. Гэсэн ч байн байн хэлсэн үгнээсээ буцаж буй мэт дүр эсгэн байшинг нь хэд дахин буулгуулж, өөр өөр газар бариулах ба Мила богдын нуруун дээр зөндөө шарх сорви үүссэн ч тоохгүй л байлаа. Ингэснээр Милад үйлийн үрээс нь салгаж, хатуужил бэрхийг үзүүлсэн ажээ. Мила богд багшаасаа авшиг авах заяагүй юм байна хэмээн гунин гутарсан ч хэцүү бэрхээсээ ухрахгүй л байлаа. Марва багшийн эхнэр Мила богдод өөрийн хүү мэт хандан, өрөвдөж, асарч тэтгэнэ. Марва гаднаа үгийн хатууг хэлж, харалган хандаж буй мэт байвч үнэндээ өр зүрхэндээ өрөвдөн уйлдаг байлаа. Мила үүний учрийг мэдэхгүй учир, Марва багшийн эхнэрийнх нь зөвлөснөөр өөр багш дээр очин авшиг хүртэхээр явдаг ч Мила богдод зөвхөн Марва багшийнх нь авшигийг хүртэх хэрэгтэй байв. Тэгээд багш дээрээ эргэн ирдэг. Ингээд багшийн авшигийг хүртэн Сансарын тойрогоос чөлөөлөгдөх гэгээрлийн зам мөрөөр явж байхдаа нэгэн шөнө өсөж төрсөн гэрээ зүүдэлнэ. Хайрт ижий нь хэдийнээ нас нөгчиж, дүү Бида нь гуйланч амьдралаар амьдарч байна хэмээн зүүдэлж гэнэ.

( Сансарын хүрд: Хүний амьдралд төрсөний эцэст үхэх нь үнэн билээ. Сансарын хүрд , сансарын тойрог гэдэг үйлийн үрээр эргэлдэж байдаг бидний энэ амьдралыг илтгэнэ.)

Тэгээд багшдаа хандан явах хэрэгтэйгээ хэлэн салах ёс гүйцэтгэн харилаа. Гэртээ ирэхэд өссөн гэр нь балгас болчихсон, нэг хэдэн яс үлдсэн байсан нь ээжийнх нь яс байдаг. Энэ үед Милабогд хорвоогийн юмс үнэхээр хоосон гэдгийг ухааран гүн ихээр гашуудна. Дүү нь гуйлга гуйх гэж гараад ирээгүй аж, авга ах эгч нь одоо хүртэл амьд байх ба түүнийг харааж зүхсэн хэвээр л байлаа.

Цаашаа бичих гэхээр авч уншсан нь илүү байх гэж бодогдлоо. Миний уншсан ном Монголын Психитроникийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан хувилбар нь . Өөр бүр илүү дэлгэрэнгүй багш хийгээд өөрийнх нь сургаал бүхий ном ч байдаг. Тэр чигээрээ агуу хүний зам мөр, үлгэр дууриалал, билэг сургаалиар дүүрэн.

Тачаал, хорсол, үзэн ядалт, амиа хичээх, мунхаглал нь таван хор болой.
Хүн бүхэн алдаа , нүгэл үйлдэж орхидог ч үнэн сэтгэлээсээ гэмшиж чадваас тэр үйлийн үр төлөгддөг
Зам мөрөөр явах сацууд — Сорилт, туршилт, зовлон заавал дагалддаг зүйлс юм

Мила богдыг агуйд даянч хийгээд бясалгаж байхад нь Авга эгч нь нэг их сайн хүн шиг хүрч ирээд тариалангийнхаа талбайг өгөөч гэдэг . Өөрийнх нь амьдралыг өөрчилсөн , эхийнх сэтгэлийг өш хонзонгоор дүүргэж , амьдралыг нь баллалсан байхад Мила Богд ихэд тайвнаар :

- Хүмүүний амьдралын юмс хоосон тул та авбал ав. Энд таныг л тэвчихгүй юм бол өөр хэнийг тэвчих билээ. Сэтгэлийн их тэсвэр тэвчээрийг заах , тохирох хүн авга эгч та яг мөн .. хэмээдэг.

Сул дорой хүн бэрхшээл тохиолдохуйд шантарч суудаг бол

Хүчтэй хүн — Алив намайг сориод үз, чамайг л давахгүй юм бол өөр юуг давах юм бэ! гэдэг байх нь ээ :)

Үнэхээр гайхалтай ном. !

Амьдралын талаар миний хүүрнэх ч юу байх билээ. Уншсан зүйлс бага сага бий. Гэхдээ мэдэрч үзсэн зүйлс тун чиг цөөхөн байна даа