Буулт хийхийн гайхамшиг /ГАДАГШАА БУЮУ ЭКСТРАВЕРТ ХҮН БҮР АНХААРЛАА ХАНДУУЛАН УУ ❗️/
#Дуугай номын тэмдэглэл

Дуугай номыг анх хараад дотогшоо хүмүүст л зориулагдсан ном байна даа гэж бодож байлаа. Уншсан хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод “яг л намайг бичээд байгаа юм шиг” гэх үед маш сонирхол төрсөн. Нэг уншигч бүүр “би өөрийгөө гадагшаа хүн гэж боддог байсан, харин энэ номыг уншаад дотогшоо хүн гэдгээ ойлгосон” гэж хэлэхэд би ч гэсэн өөрийгөө илүү танихын тулд зүгээр л авч унших ёстойг ойлгосон.
БИ ЯМАР ХҮН БАЙВ?
Уншаад би өөрийгөө Амбиверт буюу гадагшаа ч шинж чанартай дотогшоо ч чанартай хүн гэдгээ мэдэж авсан. Түүгээр ч зогсохгүй эцэг эхчүүд бид хүүхдээ гадагшаа болон дотогшоо эсвэл Амбиверт ч болгож болох боломжтой. Үүнд нөлөөлөх хүчин зүйл нь мэдээж гэр бүлийн хүмүүжил цаашлаад хүрээлж буй нийгэм юм.
Номонд гардаг шиг ази хүмүүсийн хүмүүжил дотогшоо шинж чанарыг эрхэмлэдэг ч өнөөгийн нийгэм гадагшаа хүмүүсийг магтан дуулдаг байх жишээний. Гэвч үнэн хэрэгтээ энэ номын хамгийн давуу тал нь ямар ч хүн өөрийн давуу талтай тул, хүн өөрөөрөө байж сурснаар амжилтанд хүрдэг гэдэгт оршин.
Экстраверт хүн бол:
Би гадагшаа учир дотогшоо хүний зан чанарыг уншаад яах юм гэж та бодож байвал маш том эндүүрэл. Яагаад гэвэл дуугай хүнийг магтан дуулсан гэхээс илүү хувь хүн бүр өөрийгөө таних мөн өөрийн давуу талыг хэрхэн ашиглах боломжтойг таниулсан ном.
Интроверт хүн бол:
Урьд нь би дуу цөөтэй хүмүүсийг маш их зантай хүн мэт хардаг байлаа. Учир нь миний бие өөрөө “амбиверт” хүн болоод ч тэр үү олны дунд өөрийгөө танилцуулах ярих гэх мэт нь миний хувьд асуудал үүсдэггүй тул интроверт хүмүүсийг төдийлөн ойлгохгүй байх үе зөндөө. Ганцаараа байх үедээ өөр төөгөө үлдэж болдоггүй юм байх даа?! Эсвэл юм дуугарахгүй байсан ч хамт олонтойгоо байхад ядаг байнаа гэх мэт бодол тээн. Харин энэ номыг уншаад дуугай хүмүүсийг илүү таньж авсан минь гэр бүлийн харилцаанд болон нийгэм дээр хүмүүст хүлээцтэй хандах ёстойг ухамсарлав.
Хүүхэд өсгөж буй хүн бол:
Зайлшгүй унших ёстой номын нэг‼️
Сампин сайн гээд тийшээ явдаг балет гоё хэмээн балетад явуулдаг ээж аавуудад хамгийн хэрэгтэй ном. Таны хүүхэд өөрөөрөө байж чадах нь чухал гэдгийг та л ойлгож байж таны хүүхэддээ өгөх хүмүүжилд нөлөөлөх учитрай. Хүүхэд тань ямар мэргэжилтэй хэн болж өсөх нь танаас болон өөрөөс нь хамааралтай ч, хүүхдүүд тань эргээд сайн аав бас ээж болох нь таны өнөөдрийн сонголтоос хамааралтай санагдсан. Өөрийгөө таньсан цагт өөрийнхөө хүүхдийг таньж ямар зан чанарын хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ мэдвэл сайн хүн болж төлөвших нь гарцаагүй.
Гэр бүлийн харилцаанд :
Чулуу чулууг дийлдэггүй, чулууг ус дийлдэг хэмээн эмээ минь сургаж ирсэн нь эмэгтэй хүнийг төлөв даруу байх ёстой гэсэн ардын сурган хүмүүжүүлэх ухаан байсан. Тэр л ухаанаар гэр бүл зохиох үед баримталж ирсэн ч дуугай байдал хүн бүрт тохирдоггүй юу эмэгтэй хүн чимээгүй байж чададгүй юу гэсэн асуулт төрсөн юм. Гэтэл энэ ном бас л хариултыг минь өглөө. Гэр бүлийн харилцаанд хосууд би тийм л хүн гээд суух аваас харилцан ойлголцох боломжгүй бөгөөд “Чөлөөт зан авирын онол” гэх мэдээллийг олж уншаад гэр бүлийн харилцаанд ч баримталж болох боломжтойг ойлгосон. Тодруулбал “Чөлөөт зан авирын онол гэдэг нь таны төрөлхийн хийгээд чөлөөт буюу олдмол зан авирууд нь хамтдаа нэг хүнд оршихыг хэлж буй зүйл. (Нэг үгээр та дуугай хүн ч гэлээ олны өмнө гарч бие барилгүй ярьж чаддаг болох нь олдмол зан гэж үзнэ. ) Өөрийгөө ялан дийлж чадах нь гэр бүлийн болоод нийгмийн харилцаанд жинхэнэ буулт хийхийн гайхамшгийг үзүүлж болох мэт санагдсан шүү. Төгсгөлд нь энэ ном бол интроверт экстроверт амбиверт буюу бүх л хүмүүс уншиж хэрхэн өөрийгөө ялан дийлж хүнийг гоё муухай гэж дүгнэхийн оронд байгаагаар нь хүндэлж өөрийгөө ч ялан дийлж сурахад зориулсан ном байлаа.
