ЭХЛЭЛ:

Өнгөрсөн цаг хугацаа руу буцаж болдог бол, дөчин долоо хоног гүрийсээр ингэж нэг зорилгодоо хүрэв үү хэмээн өөрөөсөө би асуумаар байлаа. Арван хоёр цаг өвдсөний эцэст 3160гр жинтэй бяцхан хүүгээ өлгийдөж авсан би өөрөөрөө хэзээ ч ингэж бахархаж байсангүй. Үнэхээр амаргүй даваа байдаг юм байна хэмээн анхныхаа хүүхдийг өлгийдөж авах зуураа бодов. Тийм ээ энэ бол миний өөрийгөө дайчилсан тэгээд санасандаа хүрсэн амьдралын минь хамгийн том амжилт байлаа. Гэвч энэ хүү амжилт минь жинхэнэ амьдралтай нүүр тулж буй миний эхний алхам байсныг хэн ч надад хэлээгүй. Мөн насаараа хийх хамгийн хариуцлагтай өндөр цалинтай ажил гэдгийг ч мэдээгүй явсан. Таны хүүхэд болоод ирсэн тэр жижигхэн хүн цаашдын амьдралын тань аз жаргалын утга учир нь байгаад зогсохгүй өөрийн чинь хамгийн сайн болоод муу хувилбарыг толинд тусгаж буй мэт тодхон харагдуулдаг нэгэн болж өсөхийг хожим би ойлгосон юм. Хүүхдээ хүмүүжүүлэх гэж бүү зүдэр өөрийгөө л хүмүүжүүл тэхдээ тэргүй чамайг л дуурайн хэмээн ам дамжин хэлж ирсэн энэ үг үнэн гэлтэй.
Яагаад өөрийгөө таних ёстой вэ?
Хүмүүс бид төрөхөөсөө үхэн үхтлээ өөрийгөө таних гэж хичээдэг хирнээ өөрийнхөө үргэлжлэл болох үр хүүхдүүддээ хоромхон хугацааг зарцуулж чадалгүй амьдрах нь туйлын эмгэнэлтэй. Энэ эмгэнэл нь хожмын үр хүүхдүүдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлж буйг хэн ч харахгүй ярихгүй өнгөрсөөр. Үнэн гэвэл бид гаргасан алдаагаа дахин дахин давтахгүй байх нь хамгийн чухал бус уу? Үүний тулд бид үлгэр жишээ ч аав ээж байх нь өнөөдрийн таны алдааг маргааш тэд давтахгүй байх боломжийг олгох нь тодорхой. Нэгэнт л аав ээж гэх эрхэм алдрыг зүүсэн л бол хэн болох чинь тэдэнд хамаагүй харин хэн байх чинь хамгийн чухал. Ирээдүйдээ санаа тавьж өнөөдрөөрөө амьдарч өнгөрсөнөөсөө суралц хан бидний үүрэг.
Тэгвэл хэрхэн үлгэр жишээ ч ээж аав болох вэ?
Хариулт нь маш амархан. Та хүүхдээсээ юу шаардана яг тэр зүйлээ л өөрөө тогтмол хийж сурсан байх тун. Нөгөөтээгүүр хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүснэ өөрөө тэр хүн нь эхлээд болох хэрэгтэй гэсэн үг. Ингээд бидний хувь хүний хөгжлийн эрхэм зорилго эндээс үүсэж болно.
