Тэмдэглэл: Пауло Коэльо “Алхимич” туужаас

Ari
Ari
Jul 27, 2017 · 9 min read

Хэдэн арван жилдээ нэг удаа хүмүүсийн амьдралыг өөрчилж чадахуйц хүчтэй сайхан зохиол мэндэлдэг. Пауло Коэльогийн “Алхимич” нь ийм номуудын нэг. Дэлхийн сонгодог уран зохиолын санд хэдийнээ орсон энэ бүтээл нь хамгийн олон хувиар зарагдсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан, хамгийн олон орноор аялсан орчин үеийн зохиолын ном билээ.

“Алхимич” туужийн баатар Испани хончин Сантьяго урд өмнө нь хэн ч хэзээ ч олж хараагүй, ертөнцөд хосгүй сайхан эрдэнэсийг олж авах мөрөөдлөө даган Испани эх орноо орхин алс хол аян замд гардаг. Тэрээр Африк тивийн баруун хойд өнцөгөөс Египтийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд Орчлонт ертөнц тэр чигээрээ түүнд тусладагийг ойлгож авна. Ингээд Сантьягогийн ертөнцийг нээх хийгээд өөрийгөө олох том аялал эхэлдэг.

“Алхимич” нь хүн өөрийн зүрх сэтгэлээ сонсох, амьдралын зам дээр буй дохио тэмдэгүүдийг олж харах, хамгийн чухал нь мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдрах тухай өгүүлж уншигч бидний сэтгэлийн хэмнэлийг хөглөх увидастай зохиол юм.

… Бичигдсэн цагаасаа хойш 150 гаруй оронд 67 хэлээр орчуулагдаж хэвлэгдэн гарсан энэ зохиол 20 насан дээрээ Монгол уншигч тантай золгож байна (2008 он) …

~ БАЛ Паблишерс хэвлэлийн газрын өмнөх үгээс

“Алхимич”-ийг бичиж байхдаа би амьдрал, оршихуйн утга учрыг ойлгохыг хичээсэн. Чингэхдээ гүн ухааны үзэл баримтлалуудыг эргэцүүлэхийн оронд өөрийнхөө дотоод сэтгэлд орших бяцхан хүүхэдтэй ярилцахаар шийдсэн юм. Харин миний гайхшралыг төрүүлсэн нэг зүйл бол дэлхийн сая сая хүний дотор тэр л хүүхэд маань амьдардагийг олж мэдсэн явдал билээ. Хариулт нь үгүй учир амьдралыг аугаа их адал явдал болгон хувиргадаг тэр л асуултуудаас уншигч тантай хуваалцахаар энэ номыг бичлээ.

~ Пауло Коэльо


ЭХЛЭЛ

Аянчдын нэгнийх нь авчирсан номыг Алхимич авч үзэв. Ном хавтасгүй ч Оскар Уайльд гэсэн зохиогчийн нэр нь байв. Номын хуудсыг сөхөн эргүүлж Нарциссын тухай өгүүлсэн хэсгээс уншив.

Горхины усанд өдөржин өөрийгөө тольдон баясдаг байсан үзэсгэлэнт хөвгүүний тухай түүхийг Алхимич мэддэг аж. Нарцисс хөвгүүн дүрсээ харсаар сэтгэл алдуурч горхинд унаад живж үхсэний дараа горхины эргээр нь ургасан цэцгийг түүний нэрээр нэрлэсэн түүхтэй.

Харин Оскар Уайльд тэр түүхийг өөрөөр өгүүлсэн байлаа.

“Нарциссыг үхсэний дараа горхины ус нулимсаар нэвширч, шорвог амттай болсныг Дриадууд гэгч ойн савдагууд анзаарчээ.
- Чи яагаад уйлаад байгаа юм бэ? гэж Дриадууд асуухад горхи,
- Би Нарциссыг санаад байна гэж.
- Арга ч үгүй биз дээ. Түүнийг ой дундуур явж байхад бид бүгдээрээ хойноос нь дагаад гүйдэг байлаа. Харин түүний гоо үзэсгэлэнг дэргэдээс нь хардаг байсан нь ганцхан чи биз дээ? гэж Дриадууд хэлэхэд горхи,
- Тэр үзэсгэлэнтэй байсан юм уу? хэмээн асуув.
- Чамаас өөр хэн үүнийг хэлж чадах юм бэ? хэж Дриадууд гайхав.
- Тэрээр чиний эрэг дээр, чиний ус руу тонгойсоор өнждөг байсан биш үү?

Горхи нэлээн дуугүй байснаа:
- “Би Нарциссын үзэсгэлэнг огт анзаарч байсангүй, харин үгүй болсныг нь үгүйлэн уйлж байгаа юмаа. Яагаад гэвэл тэр эрэг дээр минь ирээд ус руу минь тонгойх бүрт түүний нүднээ миний өөрийн гоо сайхан тусдаг байсан юм” гэв. “Ямар гайхамшигтай түүх вэ” хэмээн Алхимич бодов.


… Малчдад ч бай, далайчдад ч бай, явуулын наймаачдад ч бай ялгаагүй дэвэн дэлхийгээр дур зоргоороо тэнэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, тэр л эрх чөлөөгөө золиослоход хүргэдэг тийм бүсгүй амьдардаг ямар нэгэн онцгой нандин хот заавал байдаг билээ …


Цыган эмгэн: … зүүд гэдэг чинь Бурханы бидэнтэй ярьдаг хэл. Бурхан дэлхийн аль нэгэн хэлээр ярьдаг байсан бол би орчуулж өгч чадна. Харин Бурхан чамтай чиний сэтгэлийн хэлээр ярьсан болохоор түүний хэлсэнийг чамаас өөр хэн ч ойлгохгүй …


… Сантьяго хаа сайгүй найз нөхөдтэй санж. Тиймээс ч тэрээр аялах дуртай. Шинэ найзтай боллоо гээд түүнтэй заавал өдөр бүр уулзах шаардлагагүй. Шашны сургуульд байх үеийнх шиг эргэн тойронд нь нэг л ижил хүмүүс байхад тэд гарцаагүй амьдралд чинь оролцоод эхэлдэг. Тэгээд бүр амьдралыг чинь өөрчлөх гэж оролдоно гээч. Хэрэв чи тэдэнтэй адилхан байхыг хүсэхгүй бол гомдоно. Хүн бүр энэ хорвоод яаж амьдрах нь зүйтэй вэ? гэдгийг яг таг мэддэг гэж бодно. Даанч өөр өөрийнхөө амьдралыг яагаад ч юм бэ хэн ч аятайхан зохицуулчихаж чаддаггүй. Яг л Цыган эмгэн шиг зүүдийг тайлбарлаж чаддаг, харин бодит зүйл болгож чаддаггүйтэй адил …


… Манай гариг дээр ганцхан агуу Үнэн байдаг юм. Чи хэн ч бай, юу ч хийж бай гагцхүү ямар нэгэн зүйлийг үнэхээр хүсч, зорьж байвал чи түүндээ хүрнэ. Яагаад гэвэл ийм хүсэл Орчлонт ертөнцийн оюун сэтгэлд ч төрсөн байдаг. Тэр нь энэ хорвоо дээрх чиний хувь тавилан болж байгаа юм …

… Хувь Заяагаа дагаж явах нь хүний цорын ганц үүрэг. Энэ үүрэгт л бүх юмсын утга учир оршино. Чи аливаа нэг зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд чинь Орчлонт ертөнц тэр чигээрээ чамд туслана гэдгийг ямагт санаж яв …


… Хүмүүс амьдралынхаа утга учрыг мэдчихлээ гэж хэтэрхий эрт боддог хэмээн өвгөн хэлэхэд нүдэнд нь гуниг хурсан байхыг Сантьяго анзаарав. Тийм болоод л амьдралын утга учраас дэндүү эрт татгалздаг байж магадгүй. Дэлхий ертөнц ийм янзаар л зохион байгуулагджээ дээ, хөөрхий …

… Эзэмшээгүй юмаа амлана гэдэг эзэмших эрхээрээ дэнчин тавина гэсэн үг …


… Дассан юм, даллаад байгаа юм хоёрынхоо аль нэгийг нь сонгох хэрэгтэй …

… Өдрүүд нэг нь нөгөөтэйгээ адилхан байдаг тохиолдолд өдөр бүр л амьдралд нь ямарваа нэг сайн сайхан зүйл тохиодгийг хүмүүс анзаарахаа больдог …


НЭГЭН ТҮҮХ:

Нэгэн наймаачин аз жаргалын нууцыг мэдээд ир гээд хүүгээ хамгийн мэргэн хүн рүү илгээж гэнэ. Залуу элсэн цөлөөр дөч хоног явсны эцэст уулын орой дээр үлэмж гоё шилтгээн байхыг олж харжээ. Түүний хайж явсан Мэргэн тэр шилтгээнд аж төрдөг болой.

Санасныг бодвол шилтгээн нь гэгээнтний аглаг сууцтай ер адилгүй, харин ч хөл ихтэй газар байж. Тэнд бараагаа санал болгосон наймаачид холхиж, булан тохойд нь хүмүүс цугларан элдвийг ярьцгааж, жижиг найрал хөгжим ялдамхан ая тоглож байсны дээр том танхимын дунд энэ нутагт олж болох хамгийн тансаг нандин идээ ундаа тавьсан ширээ зассан байж гэнэ.

Мэргэн зочдынхоо дундуур яаралгүй явж ярилцаж байсан болохоор залуу ээлжээ хоёр цаг хүлээж гэнэ.

Залуугийн хүрэлцэн ирсэн хэрэг зоригийг сонсоод Мэргэн аз жаргалын нууцыг одоо тайлбарлах завгүй учир шилтгээнээр явж байгаад хоёр цагийн дараа энэ танхимд ирэхийг түүнээс хүсчээ.

“Гэхдээ би чамаас бас нэг юм хүсмээр байна, хэмээн Мэргэн хэлээд залууд хоёр дусал тостой цайны халбага өгөөд энэ халбагыг аваад яв, харин тосыг нь асгаж болохгүй шүү” гэж.

Залуу халбаганаасаа харцаа салгалгүй ордны шатуудаар өгсөж, бууж явсаар байгаад хоёр цагийн дараа Мэргэн дээр ирэхэд тэрээр:

“За, зоогийн танхим дахь Перс хивсүүд чамд таалагдав уу? Цэцэрлэг дэх арван жилийн турш хамгийн уран мастеруудын ургуулсан мод, цэцэг ямар санагдав? Миний номын санд байгаа эртний ном судрууд таалагдав уу?” гэв.

Ичсэн залуу шилтгээний эзний даатгасан тосыг асгахгүйг хичээн түүнд бүх анхаарлаа төвлөрүүлсэн учир юуг ч хараагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд Мэргэн:

“Тэгвэл дахин явж миний гэрийн бүх гайхамшгийг үзээд ир. Хүн хаана, яаж амьдардагийг мэдэхгүй бол түүнд итгэж болдоггүй юм” гэжээ.

Халбага барин залуу дахиад л танхим, хонгилуудаар явж гэнэ. Энэ удаад биеэ тэгтлээ их барихгүй өрөөнүүдийг чимсэн ховор нандин зүйлс, урлагийн бүтээлүүдийг харж авчээ. Цэцэрлэгүүд, шилтгээнийг бүсэлсэн уулсыг харж, анхилам сайхан цэцэгс хийгээд уран зураг, баримлуудыг нүдийг нь олж байрлуулсныг үнэлжээ.

Мэргэн дээр буцаж ирээд үзэж харсан бүхнээ дэлгэрэнгүй тоочиж гэнэ.

“Чамд асгалгүй аваад ирээрэй гэж өгсөн хоёр дусал тос хаана байна вэ?” гэж Мэргэн асуув.

Залуу нөгөө тосоо асгачихсанаа сая л нэг юм мэдэв.

Аз жаргалын нууц нь хорвоогийн гайхамшиг, сайхан бүхнийг олж харж явахдаа цайны халбаган дахь хоёр дусал тосоо мартахгүй байхад оршдог юм. Чамд миний өгч чадах ганцхан зөвлөгөө минь энэ дээ” хэмээн Мэргэн хэлж гэнэ.


… Одоо харин би гутаж гуньж байна. Яахаа ч мэдэхгүй. Хэн нэгэн хүнд мэхлэгдэн хууртагдсанаар би өширхөж, атгаг муу санасан, хүн бүрийг сэжиглэсэн хүн болно. Эрдэнэсийг өөрөө олж чадаагүйдээ түүнийг олсон хүмүүсийг би үзэн яддаг болно. Өөртөө байгаа ялихгүй юмаа тас атгана. Яагаад гэвэл бүх дэлхийг танин ухаарахад би хэтэрхий өчүүхэн билээ …


… “Би яг л бусдын адил хүссэнээ бодит зүйл хэмээн эндүүрч хорвоог байгаагаар нь биш, ийм байгаасай гэсэн хүслээрээ хардаг юм байна даа” …


… Нарийн боовчны лангууг тавилцаж өгч байх үед тэр нь Арабаар, өөрөө Испаниар ярьсан атлаа ойлголцоод байсныг сая ухаарч, “Тэгэхээр үгнээс хамааралгүй хэл байдаг байх нь ээ. Би тэр хэлээр хоньтойгоо харилцаж байсан, одоо хүнтэй ч ярьж үзэв шив дээ” гэж бодов …


… “Үүнийг Аз гийсэн Эхлэл гэдэг юм. Юмыг шинээр эхэлж байгаа хүмүүст аз тохиодог юм. Яагаад гэвэл амьдрал чамайг Хувь Заяагаа дагаасай гэсэндээ зол завшаанаар зоригжуулдаг юм” гэж өвгөний хэлсэн санаанд нь орлоо …


… Мөрөөдөл бодит зүйл болсон цагт энэ хорвоо дээр амьдрах хэрэгцээгүй болно гэж би айдаг юм …


… “Юу хүсч байгаагаа тов тодорхой мэдэж байх хэрэгтэйг санаж яв” гэж Мельхиседек хэлж байсан сан …


Болор наймаалагч: -Зүгээр л би нэг хэвээр амьдарч дассан юм. Чамайг ирэхээс өмнө найз нарыгаа яваад л, ирээд л, баяжаад л, хоосроод л байх зуур би нэг л байрандаа хичнээн ч удаан суув даа хэмээн боддог байсан юм. Би энэ бүхнийг маш гуниглан боддог байлаа. Одоо бодохноо миний мухлаг яг л миний хүссэн, миний хэрэгцээг хангасан хэмжээнийх байж. Би юмаа өөрчлөхийг хүсэхгүй байна, яаж өөрчилдөгийг ч мэдэхгүй. Би өөртөө хэтэрхий их дасчээ … Би юм бүхэнтэй болж чадах боломжтой, даан ч тэр нь надад хэрэггүй …


… Гэвч хонь нь түүнд илүү чухал зүйлийг, тухайлбал хорвоод хэн бүхний ойлгодог хэл байдаг гэдгийг зааж өгсөн. Үүний ачаар наймаагаа цэцэглүүлэхийн тулд Сантьяго бүтэн жилийн турш хүн бүрийн ойлгодог хэлээр ярьсан аж. Энэ нь урмын хэл, дур сонирхлын хэл, итгэл, хүслээрээ бүтээсэн юмны хэл аж. Танжер түүний хувьд харь газар биш болжээ. Энэ хотыг байлдан дагуулж чадсан шигээ бүх дэлхийг ч байлдан дагуулж чадна гэдгээ залуу ухаарч байлаа …


… Мөрөөдлөө гүйцээх гэж бүхэл бүтэн жил ажилласны эцэст тэр мөрөөдөл нь гэнэтхэн сэтгэлийг нь татах хүчээ алдсан байлаа. Эсвэл энэ нь мөрөөдөл биш байсан юм болов уу? …


… Хүн ямар нэг юм хийхээр санаа шулуудан сонголтоо хийнэ гэдэг нь ширүүн урсгалд ороод очно гэж огт бодоогүй газраа хүрчихтэй адил юм …


… “Өөрийнхөө Замаар яваад л байвал тэр Зам амьдралыг чинь улам нарийн тодорхойлоод байх юм байна даа” гэж залуу бодов …


… Дэлхийг энэ л хөдөлгөж байдаг юм шүү дээ. Алхимид үүнийг Замбуулингийн Сүнс гэж нэрлэдэг юм. Аливаа юмыг бүх сэтгэлээсээ хүсэх юм бол Замбуулингийн Сүнс хамсдаг юм. Түүнд асар их хүч хуримтлагдсан байдаг. Сүнс зөвхөн хүмүүнд байдаг юм биш. Чулуу, ургамал, амьтан, бодол санаанд хүртэл сүнс бий гэж Англи хүн хэлэв …


… Хорвоогийн бүх юм нэг л зүйлийн олон янзын илэрхийлэл байдаг …


… Хэрэв дандаа одоо цагтаа байж чадвал чи хамгийн аз жаргалтай нэгэн болно …


Фатима: Салхи элсэн манханы хэлбэрийг өөрчилдөг ч элсэн цөл хэвээрээ л үлддэг. Бид хоёрын хайр дурлал ч хэвээрээ л үлдэнэ …


Төлгөч: Ирээдүйг би хардаггүй. Би түүнийг зүгээр л таамагладаг. Яагаад гэвэл, ирээдүйг Бурхан тэнгэр мэддэг бөгөөд тэрээр онцгой тохиолдолд л түүнийг задалдаг. Би яаж таамагладаг гэж үү? Өнөөгийн дохионуудыг хараад. Чухамхүү одоо үед л бүх нууц байдаг юм. Өнөө үедээ зохих анхаарал тавих юм бол түүнийгээ сайжруулж чадна. Өнөөгийн үеэ сайжруулснаар ирээдүйгээ ч таатай болгож чадна. Ирээдүйдээ бүү санаа зов, өнөөгөөрөө л амьдар …


… Алхимич лонх задлан шилэн аяганд улаан шингэн юм хийгээд Сантьягод өгөв. Тэр нь залуугийн амьдралдаа хэзээ ч ууж үзээгүй дарс байлаа. Гэвч Хуулиар дарс уухыг хориглосон билээ.
- Хүний аманд ордог нь биш, амнаас гардаг нь хор байдаг юм шүү гэж Алхимич хэлэв …


… Хайртай болоод л хайртай байдаг юм. Хайр дурлалд баримт хэрэггүй …


… Зүрхээ сонсож бай. Түүнд дэлхийн бүхий л юм яруу тод байдаг. Яагаад гэвэл зүрх чинь Замбуулингийн Сүнстэй агаар нэг байдаг бөгөөд хэзээ нэгэн цагт түүндээ эргэж очих учиртай …


… Сантьяго шөнө ч сайхан унтаж, өглөө сэрэхэд нь зүрх нь Замбуулингийн Сүнсний тухай өгүүлж эхлэв. Зүрх нь хэлэхдээ, аз жаргалтай хүн дотроо Бурханыг тээж явдаг юм. Мөн аз жаргалыг Алхимичийн хэлж байснаар ганц ширхэг элснээс ч олж болно. Учир нь, тэр ширхэг элсийг Орчлонт ертөнц түм буман жилийн турш бүтээсэн аж …


… Мөрөөдөл биелэхээс өмнө Замбуулингийн Сүнс сургамжуудыг нь эзэмшиж чадсан эсэхийг шалгахаар шийддэг. Үүнийг тэр яах гэж хийдэг вэ гэвэл биднийг мөрөөдлөө биелэгдэх мөчид замынхаа турш олж авсан сургамжуудаа бүү мартаасай билээ гэж. Яг энэ үед л ихэнх хүмүүсийн зориг алдардаг. Цөлийн хэлээр үүнийг “Баянбүрд тэнгэрийн хаяанд байхад харангадаж үхэх” гэдэг юм. Эрэл хайгуул ямагт Аз гийсэн Эхлэлээс эхэлдэг. Харин энэ нь сорилтоор төгсдөг юм.

Сантьяго “Хамгийн харанхуй үе үүр цайхын өмнө байдаг” гэдэг нутгийнхаа эртний үгийг санав …


- Зүрх хүнд дандаа тусалдаг уу? гэж тэрээр асуулаа.
- Хүн бүрт биш. Зөвхөн өөрийнхөө Хувь Заяаг дагадагт нь, бас хүүхэд, согтуу хүмүүст, хөгшчүүлд.
- Тэд тэгвэл аюулд өртөхгүй гэсэн үг үү?
- Тэдний зүрх хамаг хүчээ шавхдаг л байхгүй юу …


… Өрөөлийн Хувь Заяанд хөндлөнгөөс оролцдог хэн боловч өөрийнхөө Хувь Заяаг туулж чаддаггүй жамтай …


- Чи тэдэнд миний бүх мөнгийг өгчихлөө шүү дээ! Гэж залуу хэлэв. Миний бүх насаараа цуглуулсан мөнгийг!
- Үхвэл чи мөнгөөр яах юм бэ? Чиний мөнгө чамд гурван хоног амьд явах боломж өглөө. Угтаа бол мөнгө үхлийг ганц хормоор ч хойшлуулж чаддаггүй л юм …

… Аливаа мөрөөдөл биелэхэд саад болдог ганцхан юм нь бүтэхгүй байх вий гэсэн айдас …


… Үхэл гэдэг чинь амьдралын хүч, мэдрэмжийг улам хурц болгодог юм …


… Тиймээс бидний аж төрж буй газар дэлхий илүү сайн болох, илүү муу болох нь бидний өөрсдийн сайн, муу байхаас хамаарна. Яг ингэхэд л хайрын хүч чадал хэрэг болдог. Яагаад гэвэл хүн хайрлаж эхлэхээрээ илүү сайн болохыг эрмэлздэг учиртай …


“Нэг удаа тохиолдсон юм дахиж хэзээ ч тохиолдохгүй байж болно. Харин хоёр удаа тохиолдсон юм гуравдахь удаагаа заавал тохиолддог” (Араб зүйр үг)


Ari, 2017.07.27


    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade