Цасны тэмдэглэл
/Блог архив. 2010 онд ийм нэг тэмдэглэл бичиж байж. /

Өчигдөр үдшээс эхлэн орсон цас ойрд үзээгүй өвлийн амьсгалыг ёстой мэдрүүлэх шиг л боллоо. Бүр орой ажлаасаа гараад иртэл бөөн цас, бөөн салхи… Ажлын газрын хоёртойгоо дунд нь орж сугадаж байгаад л жаахан хүүхдүүд шиг цас өшигчин инээлдэн гүйлдсэн…
Гэртээ ороод жиндсэн хөлөө хөнжлөөрөө хулдан суугаад цонхны цаадтайх цасны чимээ, салхины исгэрээг чагнаархахад Түнэлдээ оччихсон шиг…
Аавтайгаа өвлийн шөнөөр машинтай төөрчихсөн, эргэн тойрон исгэрэх салхи, цаснаас өөр юу ч үгүйд “зам удахгүй олдоно доо” гэсэн итгэлтэйгээр бэдчин байх шиг…
Харанхуй сарниагүй үүрээр сургууль руугаа томдсон цүнхээ даахгүй шахам, шагайгаар татсан цасанд шигдэн алхалхад “ширээний найз” Ууганаа гүйсээр ирээд цүнхийг минь барьж, хар хурдаараа гүйчихсэндээ амьсгаадах хэрнээ дуржигнатал ярьж явах шиг…
Амралтын өдөр ээжийн өрдсөн гал чад падхийн ноцох чимээ, аавын хашаан доторх цас малтах дуунаар сэрээд ахынхаа том хүрмийг эгэлдэргэлэн, ээждээ тэвэр дүүрэн түлээ оруулж өгчихөөд, яаран гарч, аавын цэвэрлэсэн “зам”-ыг зориуд тойрон шинэхэн цасан дээр “тракторын мөр” гаргаж тоглох шиг…
Гэвч, аньсан нүдний минь гүнд тодорсон энэ дүр зургийг зүрхний гүнээс цэлэлзсэн “тэнгис”-ийн долгион аажимхан долоосоор замхруулж орхивой…
“Ай, дөнгөж орсон цас шиг бага насны минь өдрүүд яасан гэрэлтэй байгаа вэ?”
Өглөө гэрээс гармагц жавар тачигнан угтах байх даа гэтэл харин ч бүр дулаахан, байшингийн өмнөх шинэсийн мөчир дээр цас тогтчихож. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж энэ л байх…
“Шинэсийн мөчирт тогтсон цас!
Шидэт өвлийн тэсгим амьсгалаар бүтээгдсэн
Тийм гоо үзэсгэлэн…” эсвэл,
“Гацуурын дээр тогтсон цас!
Гагц, өвөл-шидтэний илбээр буй болох
Тийм гоо үзэсгэлэн…”
Нэгэнт шүлэг хөглөснийх, сарны гэрлийг халхлан хаялах шинэ цас хүний сэтгэлийн дотор нэгэн өөр “дүр” буй болгох… нэг иймэрхүү утгатай шүлэг чинь юу билээ?
“Өвлийн эхэн сард хүйтэн сая эхлэхэд
Өвгөд, хөгшид галыг түлэн, гэрийг дулаацуулна
Өмнөд уулын оройгоор шамрага будан ороход
Эрэгтэй эмэгтэй залуучуудын сэтгэл хөдөлж, бие биеэ бодно
Шинэтгэл сарны гэрэл халхлагдаад шинэ цас хаялахад
Хүн бүхний сэтгэлийн дотор тус тус нэг янзын дүр орно.
Сэвсийн хаялах цасанд гутлын ул нуг нуг дуугарахад
Шивэр авир гэлцэх дуу бүрхэг өдрийг баясуулна
Жавар хүйтэн нэн чангадаж цасны их улам унах тутам
Залуу хүний цус оргин буцалж , хүйтэн салхийг мөрөөднө
Зургаан мичид орой дээр гялалзаж, зулын гэрэл хажууд сүүмэлзэхэд
Зүрхний толин өвөр дотор гялбаж зэргэлдээ айлын үүдэн дээр тусна.” /”Анхны цас” Д.Нацагдорж/
Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж абугай тэртээ 1931 онд ийн тэрлэжээ.
Харин Эрээнцавын хэмээх найрагч Нямсүрэн юу гэж шүлэглэлээ?…
“Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…” / “Би цас болно” Д.Нямсүрэн/
Очирбатын Дашбалбар… Монголын яруу найргийн тэнгэр дэх нэгэн их ОД цагаан гэгээ татуулан будрах цасны тухай ийнхүү дуулжээ
“Цас бударна
Цав цагаан гэгээ татна.
Өнө эрт
Өлгий дээр минь үлгэр мэт цагаан цасан
Алгуурхан…алгуурхан…унаж л байсан…
Аниргүй зөн билигт минь уусаж л байсан…
Цас үнэртэнэ
Цаг хугацаа бударна.
Малгайлан орох цасан ширхэгүүд
Манай гаригийн нууц-найраглал…
Зөөлөн…зөөлөн…бударч л байна
Зөрөг зам дээр би гэлдэрнэм.
Цас үнэртэнэ
Цантсан сормуустай хөөрхөн охин
Цангинатал инээнэ.
Цас бударна…цагаан инээд цацарна.
Өвч биеийг нь цасан бүрхэж
Өнөөх охин тэнгэрээс буугаа юу?…
Цас, цас, орчлонгийн үнэр…гацуурын үнэр…
Цагаан гэгээ татуулан анхилна.
Уулс…толгод…хээр талд…нам гүм…нам гүм…
Улиастайн хөндий зүүд зөнд автан зүүрмэглэнэ.
Ус гол минь мөсөн доогуур жирэлзэнэ…
Утаа мэт амьдрал алгуурхан замхарна…
Цас бударна
Цайдам орчлон-цагаан диваажин…
Ариун горхийн дээр цас бамбарлан бударна
Аглаг уулсын дэл дээр малгайлан бударна.
Цагаан униар татсан хээр талд минь
Цантсан дэрс уйтайхан бохөлзонө…
Цас бударна
Цайраад л байгаа уулсын альхан талд нь
Царайлаг төрсөн амраг минь
Цайгаа чанаж суугаа бол?…
Цагадай хааны үеийнх шиг
Цагаан цасан бударна…
Цас үнэртэнэ
Цаг улирна…
Цаашдаа би ч хөгширнө.
Найман зуун жил бударсан
Нарийн ширхэгтэй цас
Намайг өөртөө уусгана.
Цас үнэртэнэ…
Цалин цагаан морьтой
Цал буурал өвгөн
Цагаан нөмрөг унжуулан хээр талаар явах шиг
Цас бударна,
Цаг улирна…” / “Цагаан гэгээ” О.Дашбалбар/
Саяхан “Харсан тэнгэр” нэрт шүлгийн түүврээ өлгийдсөн найрагч Ц.Доржсэмбэ ахын ийм нэг дөрөвтөд нь би дуртай байдаг юм
“Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана” / “Өвлийн хүмүүс” Ц.Доржсэмбэ/
Харин миний оюутан цагийн нэгэн найз цасанд ийн хөглөгджээ.
“Ертөнц нүдээ аниад
Зүрхээ дараад
Тоолж эхэлсэн
Нэг, хоёр, гурав…
Бөөн, бөөн үүлс
Харанхуйгаас төрөөд гэрэлд хуваагддаг
Ер бусын…
Жижиг жижиг үүлс
Гэрлээс ангид харанхуйд уусдаг
Цаг бусын…
Бөмбөг шиг бөөрөнхий
Бөрт шиг толботой
Загас шиг, загалмай шиг
Шороо шиг шоргоолж шиг цас
Цас биш үүл бутардаг
Бэлзэг шиг,
Хуруундаа зүүвэл хайлах
Хүйтэн…
Нулимс шиг,
Нүдээ анивал алдуурах
Цэвдэг…
Сар шиг,
Санаа алдвал гунигаа мартагнах
Гэгээн…
Хонх шиг,
Үлээвэл үл тасалдан жингэнэх
Намуун…
Цас биш үүл бутарна” /О.Отгондэлгэр/
Найрагч Л.Өлзийтөгсийн гэрэлтсэн гоё шүлэг дуу болсныг ч бас…
…Тиймээ, зүрх, тархинд минь цас шиг л алгуур будран буй зөөлөн, эмзэг энэ л мэдрэмжийг юухнаар ч үргээмээргүй байнам…
“Ялимгүйхэн гунигтай цас орж байна,
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна…
Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд
Яруухан хайлж одох ч гэлээ
Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа
Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас
Үүлнээс тасарсан бяцхан амь,
Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг
Алган дээр минь буун хайлна, будран хайлна
Ай, би яг одоо л инээж чадахгүй нээ” / “А тэмдэглэл” түүвэр, Ц.Дэлгэрмаа/
