“Огторгуйн очир” баригчийн гансралын дууль

Arima
Arima
Oct 13, 2015 · 11 min read

Орчуулагч Ж.Нэргүйн “Хүмүүсийн тухай роман”-д ийм нэг нийтлэл байдаг юм. Тогоонтөмөрийн Содномнамжил агсан бол бүгдийн эс мэдэх ч анзаарахгүй байхын аргагүй яруу найрагч билээ.


Эхлэл
Хавтсан дээрээ хөх номин тэнгэр, цав цагаан үүл, том том углуурган товчтой улаан тэрмэн дээл өмсөж гараа энгэртээ зөрүүлээд алс холыг ажиглан үүлсийн дунд умбан зогсоод алсын алсыг ажиглан буй залуу гурвын зурагтай ном ширээн дээр маань бий болоод нэлээд хугацаа өнгөрвэй. Энэ бол Тогоонтөмөрийн Содномнамжилын “Огторгуйн очир” хэмээх шүлгийн түүвэр бөлгөө.
Лам дүүгээ дурсан, зүрх алдран алдран номын хуудсыг ганц нэгээр нь аяархан аажуухан эргүүлбээс урьд, энэ хийгээд хойд насны төрлөө мэддэг, дээд нирваан, дунд орчлон, доод замбативийн оршин буйн хоосон чанарыг нэт эзэмшчихсэн, номын чадлыг очир мэт бат атгачихсан төгс төгөлдөр санваартан хүний эрхэм дүр судрын үсэгт хувилан оюун санааны минь гүн рүү аандаа асгарах ажгуу. Тийм дээ, огторгуйн дээдээс өчүүхэн ч атугай авьяасыг булааж төрсөн усан нүдтэй, цусан зүрхтэй хэнбугай ч гэлээ эрдмийн үсгийг хэлхэж чаддаг гэвээс, номын чадлыг нэн гүн шингээж, бурхны сургаалын төгс төгөлдөр гүн ухааны хажууд суугч санваартан л шүлэг бичиж, яруу найрагч хэмээх өндөр алдрыг хүртмүү. Ийн бодохуй, аглагхан дэлхий дээр алхлан зэрэгцэн явахдаа шашны гүн ухааны аясаар ингэтлээ айхтар шүлгүүд бичдэгийг нь там тумхан л гадарладаг байснаа одоо ингээд нирваанд төгс нөгчигсөн хойно нь анзаарахын зэрэгцээ, “Амьдралаа бодсонгүй, архи дарсанд нэвширлээ чи” хэмээн цаг үргэлжид л ундууцан буруутгаж явсныгаа өчүүхэн бодолтой хүний л шинж байж дээ хэмээн ухаарч, нэгэнт ийм сайхан юмнууд бүтээж явсан хүнд ер нь энэ насны эрээн алаг өдрүүдийн амьдрал ч гэж ер ямар хамаа байсан юм гэж уужирнам зэ. Уужрахын зэрэгцээ басхүү амьдад нь хааяахан буруутгаж явсныгаа нүгэлд эс тооцдог ч гэлээ, өчүүхэн гэмийг арилгахын ялдар, дээд ахуйгаасаа харж, толгой дээгүүр минь ариун сүнс ину эргэлдэх аваас буян нэгийг хураахыг минь үзсүгэй хэмээн номыг нь зориглон задалвай.

Нэг. “Содномнамжилын Шамбал”

Задлахгүй бол зүгээр л нэг хачин гайхамшигтай зохист аялгуу мэдрэгдэхээс бус, хүмүүний энэ ба хойд насны учир ухаан үл тайлагдму. Задлах гэж оролдоод учрыг нь үл тайлбаас зүгээр л нэг “Модернист найрагч” хэмээн өөрийнхөө цээжийг балбаюу:

“…Саран тунамал орчлонгийн цаст уулнаа суухад
Санан санасаар очих Шамбалын минь орон илхэн.
Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч гэсэн орно.
Харанхуйд барьсан зул шиг тодорхой гэгээн байдаг аа.
Туяарагч намрын сар шиг гиймэл ариун Зонховдоо
Туждаа хамт байж гэгээрэхийн ерөөл талбимой”

Ингэхэд ер нь Бурхан Буддагийн гэгээн дүрээс адистад хүртэгч хийгээд авшиг горьдогч хэн бүхний дурлан хайрлагч, дурсан хүсэгч Шамбалын орон гэгч юу юм бол оо? Яахаараа чухамхүү бурхны номыг задлан танигч сахил санваартны бийрийн үзүүр, билигт хэлнээс л энэ тухай хамгийн үнэмшилтэй, хамгийн зөөлөн үгс урсаад, тийшээ хэрвээ галт тэрэг, нисэх онгоц явдаг маршрут гээч нь байдаг бол одоохон ингээд тийз аваад суучихмаар санагдана вэ? Наран, саран хоёрыг хөлөглөж үүлэн дундуур зорчигч ягшас нарын диваажин юм уу, эсвэл хэзээ нэгэн цагт оршин буй доод замбативээсээ гарч ирээд дэлхийг аврахаар зэхэгч брахма нарын орчлон юм уу? Өөр хэмжээстэй, өөр шалгууртай, өөр гүн ухаантай тийм нэг ертөнц яах аргагүй байдаг учраас л Александр Македонскийн агуу их байлдан дагуулалтын түүхэнд ч үзэгдэж л байдаг, XII зууны Византийн эзэн хаан Мануил Комнин, Ромын пап лам Александр III нарын хамтын бүтээлд ч дурдагдаж л байдаг, аль эсвэл их сэтгэгч Николай Рерих, уран нийтлэлч, байгаль шинжээч Фердинанд Оссендовский хоёрын эрэл хайгуулд ч бишрэгдэж л байдаг юм бол уу? Юу ч гэсэн үүнийг Монголдоо л лав шашны номондоо нэвтэрхий гэгдэх Чойжамц хамба, Пүрэвбат лам хоёроос өмнө Со-гоосоо асуугаад үзмээр ээ. Нас барагсдыг эхлээд нэгэн их, том, хурц гэрэл угтдаг гэж “үхээд боссон” (өршөөгөөрэй, “тэнгэрийн түлхүүрийг атгаад алдсан” гэвэл зүй байх) европ хүмүүсийн дурсамжинд бичсэн байдаг. Харин үүнийг Со маань бурхны ном үзсэнийхээ хувьд тэртэй тэргүй нэвтэрхий сайн мэдэх ажгуу. Хорвоогийн нас хязгаартай тул хэний ч үхлийг хэн ч хаахгүй. Тиймээс Шамбал гэгч нь диваажин, эсвэл там гэгч нь ч байг хамаагүй, аль нь ч байлаа гэсэн хаалга нь онгорхой байдаг аж. Тэгээд бас гэрэлтэй буюу. Мянга, түм, буман гайхамшиг зэрэгцэн буй энэ насны хорвоо дээрээс зуухан бээрийн алсад атлаа зөвхөн Шамбал л туяарах нь мөнөөхөн мянга, түм, буман гайхамшиг бүрэлдэн тогтсон “дэлхий-Цэцэрлэг”-ээс зугтахын учир буюу. Зугтахын шалтгаан нь гэгээрсэнд оршму. Гэгээрсний тайлал нь юунд ч үл гайхах, үл гансрахын эс зовлон ажгуу:

“…Түмэн бодис алаглан ургах дэлхий-Цэцэрлэгийн төвд
Мянган бурхан гийгүүлэн мандах Очирт суурин гайхамшиг.
Буман хандын түгээмэл гэрэл элбэг агаад сэрүүхэн ч
Зуун бээрийг нэвтлэн туяарах Жан Шамбалыг би хүснэ.
Уйт намрын хөх үдэш навчсын сэрчигнэхийг сонсоод
Уян сэтгэлийн алтан хонх жингэнэн дуурсах яруу.
Гансрал гуниг, ерийн үнэн, ертөнцийн хэрэгт би уйтгарлаад
Гадаа зул асаасан өвлийн шөнө Шамбалын орныг би зоримой…”

Хүмүүн бөгөөс өөрийг нь эвдэх, өөрийг нь зовоох юм бүхнээс зугтмой. Зовлон ч хүнийг эвдэнэ, жаргал ч хүнийг эвдэнэ гэдэг. Зовлонд ч төгсгөл буй, жаргалд ч төгсгөл буй. Зарим нэг нь зовлонгоо түргэтгэхийн тулд мансуурахыг жаргал гэх болой. Эцэст нь түүнийгээ сүжгээр л цагаатгамуй. Со-гийн маань бурхантай нэвт сүлжилдсэн гүн ухаан энэ:

“Сэрүүн үдшийн зүүднээ гань ганцаар жаргаж
Сэрчигнэх моддын хүрээлэнд ханз дарсаар согтоно.
Үдшийн шаргал саран гөрөөсний дүрсийг багтааж
Үлгэрийн энэ цэцэрлэг-сүмд даяанч нэгэн гансарна.
Согтуу орчлонгийн билэгт учрал, оюун жаргалыг хүсч
Сондгойрогч хүмүүн хатуужин бясалгаж, нирвааны амгаланг эдэлнэ.
Гэмшүүлэгч орчлонгийн гэгээн өнгөнд хөгшин, залуугүй хууртжээ.
Гэрэлт Шамбалыг зорих хүмүүний сүжгийн онгоц л хөвмой”

Хэдийгээр дээр дурдсан Николай Рерих ч, Фердинанд Оссендовский ч, эс бөгөөс бурхны сургаалууд Шамбал гэж нэг тийм гайхамшгийн орон байдаг, гэхдээ тэр нь олддоггүй нууцлаг орчлон хэмээн дурдсан байдаг ч гэлээ, хэний ч хувьд Шамбал гэгч нь хүний зүрх бололтой юм. Харин түүний хаан нь ертөнцийн эрт, эдүгээ, ирээдүйн орших, эс оршихуйн хамаг явдал, учир жанцанг танин мэдсэн ХҮМҮҮН өөрөө буюу. “Бурхан ч сэтгэлд буй, там ч сэтгэлд буй” хэмээн Ноён хутагтын догшидтойгоо “зөрчилдсөн нь” бурхан номын сургаалийн дээд бус уу?

Хоёр. Содномнамжилын “Янагийн дуулиуд”
Со дүү маань үнэхээр гэгээрсэн хүн байжээ. Гэгээрсэн учраас хааяа нэг (хааяа нэг ч байтугай даа) балгачихдаг байж. Ер нь Буддын шашны улааны ба шарын гэдэг хоёр урсгалаас улааныхан нь арай эрт гэгээрдэг гэдэг. Манай Содномнамжил Равжаа хутагт, Баянтүмэний Захын Ялгуугсаны л нэгэн адил улааны шашны лам байсан. Ерөөс хүний бие махбодид оршигч 88 мянган нүглээс ангижрахын тулд бясалгал хийдэг, харин бясалгал хийхэд асар их энергийг дотогшоогоо хуримтлуулдаг учраас түүндээ дэлбэрчихгүйн тулд, тэр их энергиэс муу зүрхээ аврахын тулд архи уух, тачаалыг өдөөж үрийн шингэнээ гадагшлуулах хэрэгтэй болдог хэмээн улааны шашин үздэг юм гэнэ лээ. Тиймээс л Со дүүгийн амьдрал нь донсолгоотой, олны зүрхэнд тийм ч амар хүлээн авшгүй санваартан байжээ. Энэ нь түүний янаг амраглалын хийгээд гоо үзэсгэлэнгийн шүлгүүдээс хамгийн тодорхой харагддаг. Ямар сайндаа л түүнийг эхнэрээсээ салсан (Тэр нь ч зөв болсон юм) хойно нь л эхнэртэй байсныг нь би мэдэж бөөн инээдэм болж билээ. Амраглал, тачаангуйн шүлгүүд нь түүний дарсанд халамцах, Шамбалыг хүсэмжлэх, сарны гэрлийг бишрэх мэдрэмжүүдтэйгээ яг адилхан нэгэн зүгийн урсгалтай:

“Үзэхүйеэ, нүүр цайвар дорно бүсгүйн үсэнд цагаан тууз ялгараад
Үзэмж гоо охины цэнгэн явахад цагаан гутал нь шөнийг чимэглэнэ.
Дэргэдүүр өнгөрөн одогч харь охины царай хүслийг өдөөх тул
Дэнлүүний бүүдгэр улаан гэрэлт архины гуанзыг зүглэв ээ”

Үүнийг тэрбээр Хятадын нэгэн тосгонд явж байхдаа бичсэн бөгөөд “явахыг хүсэгчийн хөлийг хугалах, ярихыг хүсэгчийн амыг боох” хатуу сахилгыг тунхагласан винайн ёсыг сахин чадагчийн байтугай барин ядагчийн сэтгэлд чөтгөрийг өдөөх зууван урт нүдтээс үлдэн хоцорвоос уушны газрыг л зүглэхээс өөр яах? Архичин бидний ч муулах харийн тэр газарт юм чинь өөр яалтай! Шүлгүүд нь хичнээн яруу тансаг хэллэгтэй, судар номын дансанд хаахна нь нууцлагдан үлдсэн юм болоо гэмээр гайхмаар байдаг гээч. Энэ нөхөрт аягүй бол түвд хэлнээс Дамдинсүрэн гуайн буулгасан яруу шүлгүүдийн нууц орчуулга байсан байх гэмээр. (Нөгөөх, Галсансүхэд Францын яруу найргийн хэн ч мэдэхгүй орчуулга байдаг байх аа хэмээн түүнийг дөнгөж Хэнтийгээс гарч ирж байхад нь боддог байсан шиг юм санаанд минь орчихлоо.) Гэхдээ энэ зүйрлэл арай ч оноогүй юм уу. Зүгээр л нэг хаа хамаагүй, хэний ч шүлгэнд цогиж явдаг үгсийг барьж аваад маанийнхаа эрхинд хэлхчихээр ийм гайхмаар болдог ч юм уу:

“Асар тэнгэрийн дундаас бууж ирсэн юм шиг
Арван долоотой охин сүмийн хаалгаар орж ирлээ.
Алаглагч олны дундаас өнгийн цэцэг шиг ялгарч
Амирлагч сарны үүл хөвөх мэт төгөлдөр өө.
Арван долооны саран мэт тэргэл дүүрэн царайтай,
Анхилуун үнэр түгээх нь сэрүүн зандангийн чанартай,
Асрангуй сэтгэлийн үзүүрт зул бадруулам гэрэлтэй,
Ал улаан уруул нь бурхад атаархам гэгээтэй…”

Ёстой гайхамшиг. Энийг одоо Дандины зохист аялгууны онолын 35 чимгийн хэддүгээр чимэг гэдгийг нь нэг муу европ зүгийн техникийн дунд боловсролтой мөхөс би үл мэдсү! “Арван тавны саран мэт” гэхээсээ илүү арван долооны саран гэх нь илүү нандин агаад дотносог, хүмүүнлэг, тэгээд ч “Арван долоотой охин” гэдэгтэй нийцээд хавсайны гурил шиг яв цавхийтэл наалдчихсан байгаа биз? Сэрүүн зандангийн чанартай! Ямарваа нэг модны чанартай гэх нь аягүй л бол металлын чанарыг дархчуулын зүйрлэн ярьдагтай ойр буух шиг санагдавч “Анхилуун үнэр түгээх нь сэрүүн зандангийн чанартай” гэчихлээр тамхины утааг хүжсийн үнэр дарамтлахтай агаар нэгэн бөлгөө. Саргүй бол үүл юун харагдах. Үүл наагуур нь хөвөхгүй бол сарны үзэгдэх гайхамшиг юундаан аж. Сарны наагуур үүл хөвөх нь сарыг бүүвэйлж буй мэт. Төгс төгөлдрийн шинж нь болохоор “Амирлагч сарны үүл хөвөх мэт төгөлдөр өө”! Ёстой “шүлс асгарам”! Цааш “хөвье”:

“Огторгуйг дүүргэгч очир адил
Онохын хязгаарыг барихсан.
Оюун санаа хэзээ эхэлсэн юм бэ,
Огтоос сэтгэшгүй нэгэн хүсэл байна.
Насны эрхээр гуниг төрж, ертөнцийг таних нь уйтгартай.
Налсан өвс мэт гандан хоцроод, цаг хугацаанд гүйцэгдэнэ.
Гуниггүй амьдрагч хүүхнүүд хаа байна, би тэднийг харахсан.
Гуних нь мунхрал мөн, бас гэгээрэл ч мөн, би зүүдэлжээ.
Сүнс, хий үзэгдэл, шүтээн хэмээгч нь бодитой байлаа гээд ч
Сүр жавхлантай энэ хорвоо гэгч л хоосон үзэгдэл мөн”

Бүх юмыг илтэд аваачихуйн чимэгт дахиад л захируулж, хоосон чанарт зангиджээ. Гуниг угаасаа насны эрхээр төрдөг, гэгээрч байж ертөнцийг танина, таничихсан хойноо уйтгартай санагдана, эцсийн эцэст гуних нь мунхрал, нөгөөтэйгүүр бас гэгээрэл болохоор хоёрын дундаас хоосон л үлдэнэ. Дорнын гүн ухаан бол шашны бясалгалд тулгуурласан амьдрах ухаан юмсанж. Налсан өвс мэт гандаад би үхнэ, тэгээд л цаг хугацаанд гүйцэгдэнэ, гагцхүү тэр цагт арван долоотой охин бас л хоосон үзэгдэл мэт санагдах ажгуу. Үүнийг өөрөөр ч бас яруу тансаг хэлж болох:

“…Охин хэдий үзэсгэлэнтэй ч
Чиний буяны хөрөнгийг сүйтгэгч өт хорхой мөн.
Охин хэдий ялдам энхрий ч
Чиний ном лугаа зохилдсон сэтгэлийг үймүүлэгч чөтгөр шулам мөн.
Амар амгаланг чи орчлонгоос эрэх хэрэггүй, найз минь,
Амьдрал хэмээх амтат үлгэр ингэсхийгээд дуусна”

Дээрх мөрүүд хичнээн үнэн гэлээ ч, хэрвээ Содномнамжил ламтан биш, өөр нэг дэггүй шүлэгч бичсэн бол хэн ч тоохгүй. Аль эсвэл:

“Туурвил үлэмж бичгийн хүний зохиол унших өлзийт үдэш
Туяат цонхноо умрын гэрэл болор шилийг гялалзуулна.
Цасны будраанд дуучин эгч миний гэрийг гийгүүлээд
Цангинасан агаар анхилууныг авчирч, уруулын үнсэлт шагнамуй.
Эгчийн цүнхнээс алим сэнгэнэж өнгөт усны үнэртэй хослоод
Эрдэнийн чимэг, үсний хавчаар үлэмж чамин нь ахуйг сэрээнэ.
Анхан үдшийн гоёл, янаг хайрын үгс давтагдашгүй.
Амраглагч хүүхний сайхныг зуу дахин мэдрүүлэх ялдамхан.
Маргад эрдэнийн шөнө нимгэн даашинзтыг тэврэн унтах нь
Магад миний үзэж амжаагүй гайхамшигтай зүйрлэм тийм сайхан”

Мөн л Со бичээгүй, өөр хэн нэгэн шалдир бульдир шүлэгч бичсэн бол өдгөө цагийн Нямдоржтон мэт мунхгууд “Садар самууны чиглэлтэй” хэмээн загнах биз. Зохиогч-бүтээл, эзэн-зардсын зохилдлогоо гэгч энэ буюу. Үүнийг сайтар ухварласан хүний бүтээл мөнхрөх. Харин над шиг “нэг муу шалдан банди” гарч ирээд Занабазарыг лут эх оронч ч гэх юм уу, эс бөгөөс Дамдины Сүхбаатарыг анхандаа Хятадын гар хөл бологч гээд бичээд унавал “Зохиогч-бүтээл”-ийн зохилдлогод хэзээ ч үл нийцнэ. Үүн лүгээ нэгэн адил, “Содномнамжилын Шамбал” мэт зүрх рүү нисэн ирж, сарны цагаан гэгээ мэт гэрэлтэж, бийрийнх нь үзүүрээс цааснаа бууж, цэцгэн таван сумаа нарийн бэлхүүстийн зүг илгээсэн хайр, гансралын дууллууд нь (шүлэг гэдэг үг нь сонгодог утгаараа бол “уйтгар, гансрал” гэсэн учиртай гэх) дээр үгүүлсэнчлэн, дэндүү ялдам, дэндүү тансаг, Галидасын “Үүлэн зардас” шиг, Цаньянжамцын “Янагийн дуулал” мэт, Данзангийн Нямсүрэнгийн “Арван хоёр үзэмж” лүгээ эрдэнэсийн саванд нэгэн дор багтаж чадах ажгуу:

“…Үлэмж тод царайд нь баясгалан гийгээд
Үзвээс алимны модонд гэрэл тусаад, шүүдэр тогтсон адил.
Үзэсгэлэнт эхнэрүүд мишээсний тул хавар дэлгэрээд
Үймрэн гуниглах үест нь намар буцдаг аа …”

“Асрын дээд давхарлиг сэрүүн лаврин мэт тансаг үнэртэй.
Ангид оршигч бичгийн хүмүүн сэтгэлийн дотроо энэлэнтэй.
Гоо эмсийн хамтаар суух байшинд орж, зүрхний үгсийг хэлэлцээд
Гол мөрөн урсан ирэх хавар цагийг угтмой.
Ариун уснаа шувуудын жиргэх нил тунгалаг агаар байдаг.
Ийн үзвээс яахин эртлэн босохыг үл шамдмой.
Алтан чимэгт гялбалзагч хасын царай нэгэн зуур цухалзахуй

Амандаа эрдэнийн сувдыг хийсэн мэт нэг ч үгийг унагаж амжсангүй ээ.”

Сонсголонтой! “Эрт, эдүгээгийн гайхамшигт сайхан судар оршвай”-г уншиж буй ч мэт, Бодоо, Ядамсүрэнгийн салхин сарны явдалт туужуудыг эргүүлж буй ч мэт. Дандины Зохист аялгууны онолыг бол дэндүү нэвтэрхий мэддэг байсан нь илт. Даанч нас нь богинохон байж, түүнээс биш, асар гайхамшигт дууллуудыг бичих байсан буй заа. Шашны гүн ухаан, бурхны сургаалын нэвтэрхий мэдлэг (сайн уншлагатай лам шүү гэж Дорнодынхон хэлцдэг байсныг нь би мэднэ. Муудаа л, хийдийнхээ хамба болов гэж), шашны яруу найргийн гүн ухааны торгон мэдрэмж -Энэ бүхнийг одоо хэдийдээ олоод авчихдаг байнаа?! Архи л уугаад яваа сонсогддогсон, хөөрхий минь, төрлөө л мэддэг байсан юмсанж уу даа. Шүлгүүдэд нь нэвт шувт гэрэлтсэн энэ гайхамшигтай сэтгэлгээ шашны эрдэмд нэвтэрснийх нь ач уу, аль эсвэл Дашбалбарын шууд нөлөө юу? Балбарын нөлөө ч шүлгүүдэд нь байгаад л байгаа юм, харин сэтгэлгээ нь өөр юм аа. Юутай ч, найргийн галын дэргэд найрлан суугаа хөвгүүддээ захихад, сахил санваарыг нь хүртэхгүй ч гэсэн шашны гүн ухааныг судлах нь илүүц биш шүү. Үгүй ядахнаа, Үржинханд, Зонхов хоёрын ялгааг таньдаг болно.

Гурав. Дурсамжийн урсгал
Тэрбээр хар багаасаа Баянтүмэнээс гарч, Гандан хэмээх номын ариун өргөөнөө ирэн суусан. “Гэнэн” сахиус хүртээд амралтаараа анх Дорнодод очиход нь хэд гуравхан шүлгэнд нь өмнөтгөл бичээд орон нутгийн хэвлэлд анх тавьж өгсөндөө өвгөрч буй ах хүү нь өдгөө баяртай явдаг аа. Тэр хайчилбар одоо ч Ган-Очирт хадгалаатай байгаа гэсэн. Баярланам зэ. Тэр ч бүү хэл, Д.Одонхорлоо ахтай хамтран 1984 онд “Ялалтын симфони” гэдэг шүлгийн түүвэр гаргасныг маань олж үзчихээд хоёр шил архи өвөртлөн Хэрлэнгийн хөвөөн дээр бид хоёрыг дагуулан аваачиж задласан анхны хүн бол Со дүүгийн маань аав Тогоонтөмөр гуай байсанд би одоо ч эргээд бэлгэшээж байна. Дорнодын Махкомбинатын суурийг анх тавихаас нь эхлээд мэргэжлийн боловсон хүчнээр хангах гэж “махаа цайж” явсан, залуучуудыг дандаа л “хүү минь, дүү минь” хэмээн хөөрхийлдөг, нээг их том хөөрөгнөөс салдаггүй, яриа гэдэг нь жигтэйхэн, номхон улаан бяруу шиг томоотой, махлаг шар хүн байсансан. Дарьгангын том ламын хүү юм гэнэ лээ гэж сүүлд л би сонссон. Тогоонтөмөр гуайг Дарьгангынх гэдгээр нь бэлгэшээгээд би ээжийнхээ нагац ах, мундашгүй их эрдэмтэй лам “бага” Маамыг (Шарав) бурхан болоход Со дүүгээ тэр жил гэрт нь аваачиж номонд нь салхи оруулуулж, “Вра вра врасам гадам”-ыг заалгаж явлаа. Нямсүрэнг хамгийн сүүлд хотод ирээд сар болоход бид хоёрын юу ярилцдаг байсныг Со дүү маань л хамгаас тодорхой мэднэ. “Чи л тэр бүхнийг сайн мэднэ дээ” гэж Нямсүрэнгийнхээ тухай бичсэн хөрөгтөө би Со дүүгээ Шамбалын очирыг атгаагүй байхад нь дурдсандаа одоо ч баярлаж л явдаг. Нямсүрэн маань Бат-Орших тэр хоёрыг дэндүү ихээр хайрладагсан даа.

“Зөөлөн эгшигт цэцэг
Зөөлөн эгшгийг үүсгэнэ.
Зөөлөн аядуу шүлгээр
Зөвхөн шүлэгчтэй л хүүрнэнэ”
гэсэн дөрвөн мөрт Со-гийн номон дотор байж байх юм. Нямсүрэн ахтайгаа уулзаж, уулцаж суухдаа л бичсэн байх даа, хөөрхий минь.

Төгсгөл
Содномнамжилын “Огторгуйн очир” хэмээх түүвэрт орсон шүлгүүдийг ийнхүү товчхон, товчхоноор сонголт хийн задлахыг оролдохуй “Шамбал-нирваан”, “Янаглал, амраглал” гэх хоёр гол төрөлд хувааж болох мэт. Гэхдээ энэ хоёр нь хоорондоо нягт уялдаатай. Гэгээрч амжсан, гансарч амжсан учраас ертөнцийг танин мэдэхэд хангалттай хугацааг тэрбээр туулж. Тэгээд л Шамбалын орондоо явчихаж. Үржинхандын дуудлагаар даяан хийхээр ч байж магадгүй. Угаас, бясалгал, даяан хэмээх зан үйл нь ертөнцийн бохир, булай бүхнээс зугтах гэсэн арга хэлбэр гэж нэгэн өвгөн лам надад ам алдаж билээ. Бохир, булай нь ч юу байхав, ерөнхийдөө л бүх юм уйтгартай санагдах.

“Тачаан дурлах хэрэггүй, анд минь, эцэст нь чи гансарна.
Танил энэ хорвоод үнэнч хайр гэж үгүй”
гэжээ, Со ламтан. Тэгээд гансарч гүйцээд, гэгээрч гүйцээд даяан хийхээр оджээ, хөөрхий.

2007.04.29 Модны хоёр-Төрийн ордон.


ОГТОРГУЙН ОЧИР

Асар тэнгэрийн дундаас бууж ирсэн юм шиг
Арван долоотой охин сүмийн хаалгаар орж ирлээ
Алаглагч олны дундаас өнгийн цэцэг шиг ялгарч
Амирлагч сарны үүл хөвөх мэт төгөлдөр өө

Арван долооны саран мэт тэргэл дүүрэн царайтай
Анхилуун үнэр түгээх нь сэрүүн зандангийн чанартай
Асрангуй сэтгэлийн үзүүрт зул бадруулам гэрэлтэй
Ал улаан уруул нь бурхад атаархам гэгээтэй

Уйтгарт орчлонгийн үүрэглэгч амьдралд
Улаан сувд гэрэлтэх ийм гоё шөнө
Дахиад хичнээн ч Гулранса өөрийгөө давтан үл шүлэглэх
Давтагдашгүй тэр гоо сайханд цаг хугацаа бид амьд үлдэнэ

Огторгуйг дүүргэгч очир лугаа онохын хязгаарыг барихсан|
Оюун санаа хэзээ эхэлсэн юм бэ, огтоос сэтгэшгүй нэгэн хүсэл байна
Насны эрхээр гуниг төрж, ертөнцийг таних нь уйтгартай
Налсан өвс мэт гандан хоцроод цаг хугацаанд гүйцэгдэнэ

Гуниггүй амьдрагч хүүхнүүд хаана байна вэ, би тэднийг хармаар байна
Гуних нь мунхрал мөн, бас гэгээрэл ч мөн, би орчлон ертөнцөд зүүдэлжээ
Сүнс, хий үзэгдэл, шүтээн хэмээгч нь бодитой байлаа гээд ч
Сүр жавхлантай энэ хорвоо гэгч л хоосон үзэгдэл мөн.

Arima

Written by

Arima

Цагаанчулуугийн Дэлгэрмаа

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade