
Тэртээ эрт цагт,
Хамгийн тунгалаг нүдээр намайг ширтэх гэж
Хаврын хүү манай гудамжинд ирдэг байсан.
Түүнийг дурсах бүрий,
Бороо, эсвэл цас одоохон орох гэж буй юм шиг
Бодогдоод ирмэгц би нүдээ аньчихдаг…Тэгмэгц л,
Томдуулж эсгэсэн банзлын минь дэрвэсэн хормой, тэр нэг удаа
Тоонолжин шалыг товшлоод дуу аялж байсан нь, бас
Ширээн дээр нь жижүүрлэх мэт дандаа харагддаг
Сэнжтэй төмөр аяга сэлт санаанд буудаг…
Цас орох гэж буй мэт санагдахаар л түүний
Цамцных нь буган хээ, дулаахан бор өнгөн дундаас
Царай нь хэрхэн тодроод, хацар дээрх мэнгэ нь яг л нүд шиг
Цавчилгүй ширтээд буй мэт санагддаг байсан нь дурсагддаг.
Баруун хацар дээрх тэр мэнгээрээ одоо ч намайг хааяа
Барин тавин ширтдэг юм биш байгаа гэж гайхширдаг.
Гэтэл юу юугүй бороо асгачих мэт болмогц л
Гэнэт эргэж харснаа юу ч юм бэ асуусан нь,
Уруул нь хэрхэн нээгдэж, тэндээс ердөө гуравхан үг
Урдах номын минь хуудсан дээр харсаар байтал уначихсаныг,
Уншиж амжихаас минь өмнө нуугдаж амжсан тэр үгсийн
Утга нь одоо балархай ч, зүрхээрээ ч юм уу сонссоноо,
Улайсандаа болоод юу ч гэж хариулж чадаагүйгээ санадаг.
Шархираагч тэр мөч дахин тохиохгүйг, хэзээд юу ч хэлж чадахгүйгээ
Шаналсан атлаа жаргаж бас болдгийг хэн хэн нь тэгэхэд л ухаарч…
Чамайг санагдуулагч нэрийн чинь үсгүүд, цамцны хээ, сэнжтэй аяга
аньсан нүдэнд минь үзэгдэх бүр
Намайг санагдуулагч шүлэгтэй цаас хуучин хувцасны чинь халааснаас үе үехэн
Олддог тухай төсөөлөл л
Одоо надад үлдэж…
…Тэртээ эрт, тэртээ эртийн цагт
Тэгэхдээ бүр өчигдөрхөн мэт тэр цагт
Хаврын хүү манай гудамжинд өдөр бүр ирдэг байлаа
Хамгийн тунгалаг нүдийг ширтэх гэж би өдөржин түүнийг хүлээдэг байлаа.
03/2015
