Харж байгаа бүхэн чинь цэцэг. Бодож байгаа болгон чинь сар

Arima
Arima
Oct 12, 2015 · 6 min read

Мацүо Басё яруу найргийн тухай


Хайкуг санаанд тулгуурлан бичих хэрэгтэй.


Цэцэг навч харж, шувуу жиргэхийг сонсохоороо би шүлэг бичдэг. Шүлгэнд мннь тэдний амьдрал, сэтгэл санаа, ертөнцийн хувьсал хөдөлгөөн оршдог юм.


Эргэн тойронд оршин буй бүхнээс яруу найраг олж болох бөгөөд чингэе хэмээвээс анзаарах хэрэгтэй. Эртнээс эрхэмлэн ирсэн яруу найраг эгзл жирийн юмсад хаа сайгүй оршиж байдаг.


Сайхны тухай ярихын тулд сайхан үл оршино.
(«Мацуо Басё-ын тухай өгүүлэл» номоос)


Өтөл тэнэгүүд эд юмс хурааж. хураасан хөрөнгийнхөө төлөө цаг ямагт зовниж суудаг. Урлагийг амь зуулгын хэрэгсэл болгогчдын сэтгэл санаа нь шуналаар дүүрч. өөрийгөө ахуйн балчигт шигтгэж байдаг бөгөөд тэд урлагийг сэрүүн тунгалаг хадгалж явах чадвар мөхөс ажгуу.
(«Ганцаардлын тухай бодол» өгүүллээс)

Басё нэрийг авснаасаа хойш түүнээ сольсонгүй, солих ч хэрэг байсангүй. Дээрх нэрийг хэрэглэж явсан цаг бол урьд өмнөх яруу найрагчдын зам мөр буюу уламжлалыг дагаж явсан үе нь юм. Хотынхны амьдрал, тэдний явдал төрхийг хошин хурц үгээр элэглэн даажигнахаас үл хэтрэх «Данрин»-аас тасран, яруу найргийн язгуур үндсийг судлах, эрэл хийхийн тулд хотын шуугиан, олны хөлнөөс дайжин Гадилын хийдэд гагцаар суун ном үзэж бясалгал үйлдэн суусныхаа шанд хайкуг ертөнцтэй дүйцэх утга агуулгатай, сайхантай тэнцэх хөг аялгуутай болгосон юм. Магадгүй энэ нь тэр үеийн зарим нэртэй яруу найрагчдын нэг адил шавь нарын шүлэг зохиолыг засч мөнгө олох явдлаас Басё ямагт зайлсхийдэг байсантай нь холбоотойгоос гадна ерөөс эд хөрөнгө, эхнэр хүүхдийг залуу зандан цагаас эс хүсэмжлэн явж ирснийх ч байж мэднэ. Юутай ч гзсэн мөнгө төгрөгөөр ховор живэр, тарчигхан амь зууж байсан нь 1680-аас 1682 оны хооронд бичсэн шүлэгт өөрийн эрхгүй туссан байдаг. Энэ нь нэг талаас мөнгө төгрөгний үнэнхүү гачигдалын илрэл боловч нөгөө талаас тэр үед шимтэн уншиж байсан Хятадын яруу найргийн нөлөө, ядуу зүдүү амьдрахыг ертөнцийн шунал тачаалын хүлээснээс ангижрах арга хэмээн үзэж байсан түүний үзэл баримтлалтай ч холбоотой юм. 1680 онд Эдо хотын зах болсон Фу лагава дүүрэгт шилжин суурьшжээ. Шуугиант хотыг орхин, үер усанд автамтгай эл хуль, бөглүү энэ дүүрэгт сууршихаар ирсэн явдал цаанаа учир утга, алс хэтийн зорилго замналтай байсан ажээ. 1681 онд буюу энд ирснзэсээ хойш нэг жилийн дараа Сумида голын эрэгт орших нэгэн бяцхан байшин руу нүүжээ. Энэ байшинг түүний шавь Сугияма Сампу түүнд бэлэглэсэн бөгөөд Рика хэмээх өөр нэгэн шавь нь байшингийнх нь ойролцоо гадилын мод тарьж өгчээ. Далбагар том ногоон навч бүхий үзэсгэлэнт энэ мод салхи ширүүсэхийн сэжүүрээр яах ийхийн зуургүй навчаа унагалан уйтгарлах нь найрагчийн сэтгэлийн төрхтэй агаар нэгэн бөгөөд удалгүй мөнөөх бяцхан байшингийн ойр орчныг чимэх болсон тул яруу найрагчийн энэ байшинг шавь нар нь «Гадилын хийд» хэмээн нэрлэх болсон төдийгүй найрагч ч өөрөө «Гадил» гэдэг нэрээр шүлгээ хэвлүүлэх болжээ. Японоор гадилыг Басё хэмээдэг ажгуу. Түүний багын нэрийг Киноаку гэдэг байсан бөгөөд Басё нэрийг авч хэрэглэхээсээ өмнө Собо, Тосэй, Тюмон гэх мэтийн зохиомол нэрийн дор шүлэг зохиолоо хэвлүүлдэг байжээ.


Нарсны дэргэд нь очиж гэмээнэ нарснаас, хулсны дэргэд нь очиж гэмээн хулснаас сурна. Өөрийгөө орхи. Өөрийгөө даван туулаагүй цагт энэ үнэнд үл хүрнэ. Юмс үзэгдэлд нэвтрэн орж, түүнийг мэдрэн, мөн чанарыг нь нээсэн цагт л сая шүлэг төрдөг.


Бичсэн шүлгээ өвөр зуураа хэдэн зуу, мянга дахин чангаар унш.


Хэрвээ яруу найрагчийн сэтгэл санаа үзэгдэл юмсын мөн чанарт ямагт чиглэж байсан цагт тэрхүү үзэгдэл юмсын сүнс сүлд, сэтгэл санааг түүний шүлэг угтан авч чадах болно.


Юмс бидэн хоер ангид оршиж байсан цагт жинхэнэ яруу найраг хэзээ ч төрдөггүй.
(Мукай Кёрай-гийн тэмдэглэлээс)

«Өчигдрийн минь шүлэг бол өнөөдрийн үхэхийн өмнөх шүлэг. Өнөөдрийн минь шүлэг бол маргаашийн тулд зөв болов уу, буруу болов уу хэмээх эргэлзлийг сэтгэн бодохуйд төрөхөөс өмнө маш хурдан амжиж бичих ёстой Ийнхүү эгшин зуур гэгээрч, юмсын мөн чанарт нэвтрэхийн тулд олон хоногийн хичээл зүтгэл хэрэгтэй байдаг юм» хэмээн шавь нартаа сургасан байдаг.

Үзэгдэл юмсын гүнд нэвтрэх явцад сэтгэлийн догдлол саад болох нь олонтаа. 1690-ээс 1694 оны хооронд бичсэн «Умарын жимээр» хэмээх тэмдэглэлдээ байгалийн үзэсгэлэнт сайхнаараа гайхагдсан Мацусима хэмээх газрыг үзээд «Шүлэг бичиж чадалгүй хажуулсан боловч нойр хүрсэнгүй» хэмээн бичсэн байдаг. Уул, ус, байгаль, дэлхийн үзэсгэлэнгийн сүр хүчинд дарагдан шүлэг бичиж чадаагүй явдал олон яруу найрагчид тохиолдсон байдаг. Тийм ч учраас Фүжи уулын тухай алдарт шүлгээ Басё манан, буданд халхлагдан Фүжи уул огт харагдаагүй тэр өдөр бичсэн гэдэг.

Бумбын шашин бол ертөнцийн үзэгдэл юмсын учир шалтгааны үүднээс тунгаан, сэтгэн бодох нь тэрхүү үзэгдлийн тухай жинхэнэ мэдлэгийг өгч чадахгүй гэж үздэг бөгөөд гагцхүү үзэгдэл юмст сэтгэл зүрхээрээ нэвтэрсэн цагт мөн чанар нь нээгдэн сэтгэлийг гийгүүлдэг гэж үздэг юм. Юмс үзэгдлийн мөн чанарыг нээх арга бол зөн. Үзэгдэл юмсын гүнд зөнгөөр нэвтрэхийн тулд өөрийн хар амиа бодох үзэл, өөрийнхөө «би»-г давах ёстой. Өөрийнхөө «би»-гийн хил хязгаарыг үгүй болгохын тулд сэтгэл хөдлөлд автахгүйг эрмэлзэх ёстой хэмээн сургадаг. Бумбын ёсны энэ аргын тухай нэгэн домогт ийн өгүүлжээ.

Бумбын шашны нэгэн хийдийн дзэврийн дотор талд луу зурах үүрэг нэр цуутай нэгэн зураачид оногдсонд тэрбээр «Энэ насандаа би луу гэгч амьтан үзээгүй тул би хэрхэн зурах билээ» хэмээн сандарсанд багш ламтан нь «чи тэр амьтныг энэ насандаа үзээгүй хэмээн бүү сандар. Чи өөрөө амьд луу болон хувир. Тэгээд зур» гэж гэнэ. Тэгэхэд нь «Би яаж луу болж хувирах билзэ» хэмээн мөнөөх зураач улам гайхан сандарсанд лам «Гэртээ хариад хамаг ухаан санаа, бие сэтгэлээ тэр амьтан дээрээ төвлөрүүл. Тэгсэн цагт луу зурж чадах нь гэдгээ өөрөө мэдрэх болно» гэжээ. Мөнеөх зураач багшийнхаа хэлснийг ширхэгчлэн биелүүлсний хүчинд Киото хотын Мёсизи хэмээх сүмийн дээвэр луутай болсон гэдэг.

Басё ч мөн ялгаагүй «луу зурах» аргыг зохиол бүтээлдээ хэрэглэдэг байсан юм. Тийм ч учраас «Гэгээрч мэдэрсэн тэрхүү гайхамшигт мөчийг алдахгүй бичих нь үхэхийн өмнөх шүлэг болох болно. Насан туршдаа би шүлэг бичсэн бөгөөд шүлэг болгоноо би үхэхийн өмнөх шүлэг хэмээн бодож бичсэн юм» гэсэн байдаг.
(Миямрри Асаторо-гийн «Хайкугийн дээжис» номоос)

Байгалийг хармагц сэтгэл догдлох тул чи шүлэг бичиж үл чадна. Тийн учир алив нэгэн зүйлнийг хармагцаа түүнийг амьд чигээр нь ухаан санаандаа хадгалан, хүүрнэлийн хэлбэрээр тзмдэглэн авч дараа нь амгалан тайван сууж шүлэг, болгох хэрэгтэй. Чингэхдээ сэтгэлийн догдлолд автахгүйн тулд тун хянуур байх ёстой.
(Хиттори Дохогийн дурсамжаас)

Харж байгаа бүхэн чинь цэцэг. Бодож байгаа болгон чинь сар. Хэрэв чамд юм бүхэн цэцэг шиг харагдахгүй байгаа бол чи мунхагтай адил. Хэрвээ юм бүхэн чамд сар шиг санагдахгүй байгаа бол чи араатан, жигүүртнээс ялгаа юун.
Тийм бөгөөс мунхгаасаа салж, араатнаасаа зайлагтун. Байгалийг дагаж байгаль руугаа эргэхтүн.
(Мацуо Басё-ийн бүрэн түүврээс)

Сэтгэлд шүлэг төрнө гэгч тэнгэрт од харвахтай адил юм. Энэ мөчийг Басё «Аварга том модыг түлээчин хүн унагадаг шиг, хортон дайсантайгаа цавчилдан байгаа баатар эр шиг ч юмуу аль эсвэл хурц хутгаар тарвас зүсэх лүгээ нэгэн адил» хэмээн зүйрлэн бичсэн байдаг. Басёгийн шүлгийн өөр нэгэн онцлог бол үл хувирах ёс ба хувиран өөрчлөх ёс нэгэн шүлгэнд шүтэн барилдаж байдагт оршино.

«Хуучин цөөрөм,
Ус руу мэлхий үсэрнэ
Аниргүйн дунд ус цалгина»

мөнхийн амгаланг бэлгэдсэн хуучин цөөрөм. Эгшин хормыг илэрхийлсэн ус цалгих дуун. Харагдахгүй байгаа дараа дараачийн мөр дахиад мөнхийн амгалан «Хэрвээ үл хувьсах ёсыг эс мэдвээс шүлгийн үндсийг бүтээхэд бэрх болно. Хэрвээ хувьсан өөрчлөгдөх ёсыг эс мэдвээс шүлгийн шинэ сэргэг нь үгүй болно» хэмээн бичсэн байдаг. Басё 1644-өөс 1694 оны хооронд тавин нас наслахдаа мянга орчим гурван мөрт буюу гуравхан мянган мөр шүлэг бичсэн хэдий ч тэрхүү гайхамшигт шүлгүүд нь хүн төрөлхтний оюун сангийн үнэт эрдэнэс болж чадсан юм.

«Орой намрын цаг.
Орь ганцаар байхуй
Хөрш минь яаж шуу амь зууж байгаа бол хэмээн бодном»

Энэ бол түүний өөд болохынхоо өмнөхөн бичсэн гурван шүлгийнх нь нэг. Энэ шүлгийг уншсан хэн боловч өөрийгөө Басёгийн херш гэдгээ мэдэрдэг ажгуу.

Дармажисрай*

  • Мацуо Басё гэдэг нэр нь бараг “япон яруу найраг” гэсэнтэй адил ойлгогдох хэмжээнд хүртэл алдаршсан шүлэгчийн яруу найргийн тухай үзэл хандлагын талаар Дармажисрай нэрээр зохиолч Дарма.Батбаяр 1990-ээд оны эхээр ийм нэгэн бичвэрийг “Ил товчоо” сониноо хэвлүүлж байжээ.

Arima

Written by

Arima

Цагаанчулуугийн Дэлгэрмаа

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade