
Хөл нь муудсан
Хөөрхий ижий минь
Амьдралын эгэл бор хоногууд дахь
Ачаанаас минь хөнгөлөлцөх гэж
Хөлд орж ядах хүүхэд шиг атлаа
Хөнгөн шингэн алхаж явааг нь
Хөшгөө сэм ярчихаад харж зогсоно.
Алхаж яваа тэр замаараа урьд нь
Аавтай хоёул,
Зам гудас дахь энэ тэрхнийг хөөрөлдөн айвуухан,
Заримдаа шувууны гэр бүл шиг цуварчихсан
Айсуй яваа нь үзэгддэгсэн…
Хөлөө үл ялиг майгадуухан гишгэж аав минь,
Хүчирхэг, түргэн алхааг нь гүйцэж яданхан ээж минь
Хүүхдүүд рүүгээ ирж явдагсан…
Зайрмаг, чихэр боов, угаалгын нунтаг гээд юу эс
Заавал нэг юм авчихсан ирдэгсэн,
Халаас, цүнх, тор сэлтээсээ
Хайраа тэд уудалж гаргадагсан…
Уудлавч барагддаггүй хайрынх нь илчинд л
Ухаангүй үрс нь дулаацаж өссөнсөн…
Одоо харин ээж минь өнөөх замаар алхаж явна
Орь ганцаар явааг нь сануулах гэсэн шиг
Олон үймсэн тэр гудамж яагаад ч юм хөлгүй байна.
Жижигхэн жижигхэн алхсаар ээж булан тойрчихлоо
Жирийсэн хашаа, гудамж сэлт нүдэнд бүрэлзээд бүдгэрлээ…
Тас зуурсан хөшгөө тавьчихвал уначих юм шиг санагдаад
“Та минь…” гэж би дотроо ижийдээ залбирлаа…
Бүрэлзэн бүрэлзэн бүдгэрсэн гудамж аажмаар тодорлоо
Бүлтийсэн үрийг минь хөтөлсөөр ээж наашаа эргэлээ…
Нар ээсэн намрын гудамжнаа тув тунгалаг оргиод
Нарны наана охины минь далавч шиг хоёр буурал минь үзэгдлээ.
“Гансарч бүү зогс оо” гэх шиг дулаахан нарны цацраг
Гараас минь атгаж, зуурсан хөшгийг тавиулах шиг боллоо.
Удалгүй үүд тогшив: нэг нь яаруухан дүрсгүйхэн, нөгөө нь намуухан дулаахнаар
Уйлсан нулимсаа шударчихаад би очиж хаалгаа цэлийтэл нээлээ…
2019/09/23
