
“Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” Линь Хуй-Инь
Чамтай учирсан хэддүгээр сар: өвөлжин ичсэн аниатай нүд гэнэт сэрж
өөдрөг атлаа намуухнаар дуулж эхэлсэн
Чамайг олж харахаас өмнө уншсан ердийн үгс даль жигүүртэй болчихоод
өрөөгөөр нэг дэвж эхлэхэд л сая анзаарсан
Чамтай харц тулгарсан шатахууны үнэр ханх тавьсан бүдэгхэн гэрэлтэй хонгил
дурлал хаанаас ч ирж болдгийг сануулсан
Чиний инээмсэглэл тэнд гэрэлтэхэд би түрхэн зуур ухаан алдчихаад
орь залуу, гэнэхэн болчихоод эргэж сэрсэн
Цаг хугацаа хаана ч юм зогсозноод намайг яаруулахад би сонсохыг ч хүсээгүй
царай чинь гэрэлтэх хонгор хаврын өдрүүдэд үүрд үлдээгээч гэж залбирсан.
Чиний цав цагаахан атлаа ухаалаг харц, тэр л харцанд үргэлж гэрэлтэхийг
ямар их хүссэн…
Чиний гитарын утаснаас эгшиглүүлдэг аргил хөг, тэр л эгшигт хөг нэмэхийг
ямар их хүссэн…
Чиний гүн хар өнгө, нүд чинь, үс чинь, бас чиний юунаас ч илүү хүчтэй цагаан өнгө
чиний сар мэт тодхон царай, сайхан уруул, гарын чинь хэв…
Цангах мэт хүсэмжилж, шунал мэт дүрэлзсэн
чамаар өвдсөн даанч богинохон гурван жил
Чамайг зүүдэлж, чамтай баярлаж, чамгүй гунин жаргасан
цаг хугацааг сөрөх мэт зөрүүдэлсэн ийм нэг хайр!
Чамаас хагацсан тэддүгээр сар: зунжин зүүсэн далавчаа хумиад би
дурсамжийн хайрцагтаа далд нуусан
Чамайг харахаа больсноос хойш шүлэг гэдэг хэлхээтэй түлхүүрээр тэр хайрцгийг
хааяахан л нээж үздэг болсон
Сэтгэлийн минь хаа нэгтээ чичигнэх дөрвөн утас, эхнийх дээр нь тавиастай хуруу, гар
сэвлэгийг минь илбэхийг зүүдэндээ л мэдэж эхэр татах болсон
Тэлж татсан цаг хугацааны хоёр талд өөд өөдөөсөө харж зогсоод гар даллацгаасан
тэр л төрхийг чинь хадгалж үлдээд би үүрд нүдээ аньчихсан, ахин нээж зүрхлэхгүй болсон!
