Gustav Klimt ‘Mother and Child’

Шөнийн турш чамайгаа ширтэж хэвтлээ 
Шүлэг бичих болов уу, энэ бяцхан гар 
Бичнэ гэдэг л жаргал, бас төчнөөн зовлон 
Бийр барьдаг болвол… Ээ бас л ялгаагүй. 
Гэхдээ ээж нь охиноо энэ хөөрхөн гараараа 
Гэрэл гэгээ атгаж ирснийг мэддэг 
Гэтэлж давах учиртай зам ороосон бэрх 
Гэрэлтсэн булбарай зүрхийг нь бөхөөж дийлэхгүйд итгэдэг 
Амьдрал гэж чухам юу болох, хэрхэн амьдрах тухай 
Амлаад хэлчих үг даанч үгүй ээжид нь 
Амь халуун хайраас өөр, энэ гээд 
Аваад өгөх юу ч үгүй л, ээж нь… 
Өдрөөр чамгүй бол жаргалгүй, шөнөөр шүлэггүй бол нойргүй 
Өчүүхэн нэгэн шувуу мэт чиний ээж 
Өдөө ч засалгүй яаран нисээд тэнгэрээс олсон эрдэнэ нь 
Өөдөсхөн чи л байлаа, өвдөж унагасан үгс л байлаа.

/Дотоод тэнгис, 2014/

Олон улсын охидын өдөр гэнэм.