Өвлийн үгс

Цас нэвсийтэл дарж, цангинатал хүйтрээсэй гэж өвлийг хичнээн ч их хүлээв дээ. Мэдэхгүй л дээ, зүрх бүлээцүүлж, сэтгэл цайруулчих юу ч үгүй болчихсон мэт санагдахаар ядахдаа цасны гэгээгээр дотроо сүлж, хүйтэн улирлын цэнгэг агаараар давчдаад байгаа цээжээ тэнийлгэнэ гэж найдсаных ч юм уу. Өмнө нь хэзээ ч ингэж өвлийг хүсч байсангүй ээ.

Харин одоо өвөл… Хайруу салхитай ч ихэнхдээ дулаахан намрын хотыг өдөр өдрөөр хойшилж жилийн төгсгөл рүү дөтлөх хуанлийн хуудас, аажим аажмаар чангарах хасах хэмийн цаг уур, ойр ойрхон бага багаар хялмаалсан цасны өнгө сэлт аажимхан хувьсгасаар өвлийн хот болгосон. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр цастай хамт нөмрөн нөмрөх ажин түжин нь, аниргүй, хүйтэн дундаас бүгтхэн чимээлэх амьд ертөнцийн амьсгал, хөдөлгөөн, тэр л бүгтхэн чимээ хийгээд хөдөлгөөнийг нууцалж байх шиг эль хульхан төрх нь өвлийг өвөл болгодог юм шиг санагдана. Яг энэ үед л элдвийг үл ажран амгалангийн орон мэт буйдхан газарт ичээндээ байгаа амьтан шиг бүгж суувал л би жаргалтай болчих мэт төсөөлөгдөнө.

Ингэхийн тулд л өвөл надад тэгтлээ хэрэг болоод байсан ч юм уу, хүсэл минь тэгээд л дуусчихсангүй. Өвөл “жинхэнээсээ” ирэв үү үгүй юу л өнөөх амгалангийн орноо мөрөөдөж эхлэх нь тэр. Алив хэрэгтэй бүхэн гарын дор, илүү юмгүй, даржинхан боловч тухтай тийм л орчинд цонхоор цас ширтэж, халуун шингэн оочилж, номын хуудас эргүүлж, цас нужигнуулан яаралгүй алхалж, моддыг, оддыг ажиж, галын илчинд гараа ээнгээ ганцхан хүний тухай бодох юмсан. Дулаахан хөнжилдөө шургаад хэвтсэн ч мөнөөхөн түүний л тухай бодол минь зүүд болон хувираад, хэдийд нь бодож, хэдийд нь зүүдэлснээ ч ялгахгүй болтлоо түүнийг санах юмсан…

Тэгвэл би аньсан нүдэндээ ном уншиж буй түүнийг, юу ч юм бичиж буй түүнийг, салхинд гансран зогсох түүнийг, салаандаа хавчуулсан тамхиныхаа утаатай ширтэлцэн суух түүнийг, сар өөд ширтэн юу ч юм бодож зогсоо түүнийг харна. Инээж байгаа түүнийг, ярьж байгаа түүнийг, унтаж байгаа түүнийг… Ай, төсөөллийнхөө нүдээр энэ бүхнийг олж үзээд, түүндээ итгэхэд минь надад зүйргүй тунгалаг, зүйргүй амгалан тийм л орчин хэрэгтэй.

Гэвч, сая илүү хүнтэй давчуухан хотын түчигнээн өвлийн нууцлаг нам гүмийг ч дарангуйлан чих ядраагаад, үзэгдэхүй бараан орчин нь цасны гэгээнийг ч хайр найргүй эрээлээд, зав чөлөө үл олгох амьдрал-галт тэрэг амсхийх зогсоолгүй мэт өдөр хоног дамжин буухиалсаар өвлөөс мэдэрч болох өнөөх сайхан, нүдээ аниад л тухалж болох булан тохой бүрийг надаас булаасаар л байнам.

Хэзээ нэгтээ хэлээгүй бүхнийг минь тэр ойлгоно доо гэх бүдэгхэн зөнг минь хүртэл битгий л эзэлчихээсэй билээ, энэ бүхэн…

…Одоо надад, төсөөлсөн шиг минь саруулхан дүнзэн байшин, сар наргүй ганцхан хүнийг л бодож суух зав чөлөө үгүй. Үнэндээ, үүний л төлөө улам адган ертөнцийн мухрыг хүсэмжлэх минь ч илүүц байсан юм билээ. Өвөл ёсоороо ирсэн шиг, нэг л өдөр үгс надад бүхнийг илчилсэн. Магадгүй илэрхий бүхнийг итгэлгүйхэн зан, ээдрээт бодол минь надаас холтгосоор байсан ч байж мэднэ ээ. “Заримдаа бид жинхэнэ үнэнийг эргэлзээ тээнэгэлзэл, эргэцүүлэн бодохуй, мартагнал санагалзал, шунал хүсэлийнхээ түмэн өнгөөр эрээлж орхиод анхнаасаа л тодорхой чанарыг нь алга хийж орхидог шиг.” Амьдралынхаа нэгээхэн утга учрыг алдаж орхиод зунаас бол намарт, намраас бол өвөлд, дурсамжаас бол мартагналд адган яарах болсноо анзаарсан минь ийн бодолд хөтөлж…

Харин тэр өдрийн өвлийн агаар шиг цэнгэг үгс зүрхийг минь илбэн илбэн аргадсаар надад үнэнийг нээн харуулсан. Яг л үүл нэвтлэн тусах өглөөний нар шиг тэр үгс намайг бодит ахуйд минь буцаан авчирч өөрийн минь доторх эргэлзээ бүхнийг салхи шиг хийсгэн одуулж, алдагдсан утга учрыг эргүүлэн өгсөн. Тэгээд л би “гадаах өвөл хийгээд дотоод ертөнц хоёрыг минь хэн захирч чадна гэж?” асуугаад хариуг нь харамсалын сүүдэр ч үгүй сэтгэлээсээ олсоон. Тэр өдрөөс хойш урт шөнүүдэд цас будрахад уйтгарлан суух минь үл ялигхан гунигтай ч хамгийн жаргалтай бодлуудаар солигдсон. Амгалан тайван цээжнээ ноёлж агаарт нь “Өвлийн үгс” нисэлдэх болсон.

Өвлийн үгс… Өчигдөр ууланд гарах үеэрээ хүмүүсээс нууж байгаад цасан дээр бичиж орхисон. Тэгээд айсуй хөлийн чимээг төөрүүлэх гэхдээ бушуухан эргээд гүйчихсэн. Өвлийн ой энгэртээ тэврээд л хоцорсон мөнөөхөн үгсийн минь дээрээс цас дарсан ч хэв нь балрахгүй байсаар хаврын нарыг үзэж ч мэднэ ээ.

Show your support

Clapping shows how much you appreciated Arima’s story.