Гуниг харууслаар нэвт сүлбэж шонд өлгөсөн шүлгүүд
Гуталгүй нүцгэн халил руу авираад, өндрөөс унах шиг шөнүүд
Дотночилж нандигнасан бүхнээсээ доромжлол амссан өдрүүд
Долоо дордож, найм үхсээр яваа амьдралд тэнцэхгүй мөчүүд
Бэтэг шиг цагийн цагт дотор минь тээгдсээр яваа
Эдгэрч өгдөггүй, хараал шиг хар шаналан
Энэ шаналанг нэвт гэрэлтсээр явсан итгэл, зүрхний гэгээ
Эцсийн тамираа шавхаж дуусах дөхөж байх шиг…
Одоо өндиймөөргүй, өндийх бүртээ ялагдав би
Орноосоо босмооргүй, амьсгалах бүртээ жиндэв би
Оромж минь гэвээс хүйтэн мэс, мөс лугаа адил энэ л хар шаналан
Олсон минь гэвээс оршихуйдаа салаавч тулгуулсан хариг хар цөхрөл…