***

Arima
Arima
Draft · 1 min read

- Чи тэгэхэд одоогийнх шигээ урт үстэй байсан уу?

- Тиймээ, үсэндээ хайч ч хүргэж үзээгүй байлаа.

Их устай далайн хөвөөгөөр алхах задгай үс нь намирсан охиныг би төсөөлөв. Яагаад ч юм миний төсөөлөлд тэр далайн ус шиг нил цэнхэр даашинзтайгаар үзэгдэв. Тэгэхээр тэр охиныг яг эрэг дээр алхаж яваа гэж харахад хэцүү… Гэтэл уран төсөөллийг минь тас цохих шиг тэр танхим цуурайттал гэнэт чангаар инээв. Тэгээд асуусан нүд рүү минь ширтээд,

-Гэхдээ тэр үед би хэний ч нүдэнд өртдөггүй байсан даа.

-Чи жаахан байсан биз дээ? гэхдээ би өөрийнхөө үгэнд итгэлгүй байв.

Миний төсөөлөлд өнөөх усан цэнхэр өмсгөлтэй охины гэзэг намирсаар л…

Тэр хариулсангүй, усан сангийн хөлөрсөн шалан дээр хуруугаараа юу ч юм зурна.

- Хөөе, тэр үед чи юу мөрөөддөг байв?

- Хэн нэгэн надад чин сэтгэлээсээ дурлаасай гэж…

- Тэгээд… Хэн нэгэн тэгсэн үү?

- Үгүй ээ.

- Одоо энэ мөрөөдөл чинь хэвээрээ юу?

Тэр эрсхэн толгой сэгсэрсэн ч харц нь цаанаа санаашрангуй үзэгдэв. Би нэлээд тээнэгэлзсэнээ

-Тэгвэл би мөрөөдлийг чинь биелүүлье хэмээн дуугарч орхилоо.

Газар шагайж сууснаа тэр над руу дүрлийтэл ширтэв. Өмнө нь юуг ч болов нууж үлдэхийн аргагүй мэт тэр тунгалаг нүдэнд лавтай хэлсэн үгэндээ итгэлгүйхэн хэрнээ өчүүхэн горьдлого тээсэн доожоогүй нэгэн л үзэгдээ биз ээ.
Агшны дараа гарынх нь хөдөлгөөнийг таамаглаж ч амжаагүй байсан би эв хавгүй сарвалзсанаа ус цүлхийлгэн унав.

- Тий, яасан хүйтэн юм бэ! гэж чичрэн дагжсаар гарч ирэхэд минь бидний сууж байсан хашлага хоосон үзэгдэв. Харин — Чи биш ээ, тэнэг минь гэх түүний цангинасан, итгэлтэй дуу л усан сангаар нэг цуурайтан үлдлээ.

2015