Шинэ хичээлийн жилийн эхний өдөр сонсууштай TED илтгэл
Багш нарын ажил хаялт, сургалтын төлбөрийн өсөлтийг эсэргүүцсэн оюутны жагсаалт зэрэг хэл ам дагуулсан үйл явдлуудаар дэвсгэрлэн хичээлийн шинэ жил эхэлдэг нь бараг хэвшил болох шинжтэй. Үүнийг хүүхнүүдийн хэдхэн цагийн настай шинэ жилийн гоёлтой ч зүйрлэж болохоор дэндүү хөнгөн хийсвэр үзэгдэл гэж хэлмээр санагдах.
Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцээд Монголын боловсролын системийн талаар хүмүүс санаа оноогоо уралдуулан хэн нэгнийг буруутган шүүмжлэн ярих нь олонтаа. Харин миний бие энэ өдөр шүүмжлэлийг урьтал болголгүй Их Британий сурган хүмүүжүүлэгч судлаач, зохиолч, боловсролын чиглэлийн төрийн болоод төрийн бус олон байгууллагуудад ОУ-ын зөвлөхөөр ажилладаг Сэр Кэн Робинсоны “Боловсролын Үхлийн хөндийгөөс хэрхэн зугтаах вэ? гэсэн TED илтгэлийг хуваалцангаа өөрийн санаагаа шигтгэхээр шийдлээ. Энэ дашрамд хэлэхэд дэлхийн даяар болж өнгөрсөн TED арга хэмжээнүүд дээр түүний тавьсан илтгэлүүд байнга хамгийн олон үзэлттэйд тооцогддог гэнэ.
Олон зүйл нуршилгүйгээр Сэр Кэн Робинсоны илтгэлийн гол санаануудыг товч дурьдаад тэдгээрийг Монголын нөхцөл байдалтай холбож гарц гаргалгаа хайсныг минь өршөөнгүй хандан уншина уу.
Сэр Кэн Робинсон илтгэлээ Америкийн Засгийн газраас 2001–2015 онд хэрэгжүүлж байсан No Child Left Behind (Ганц ч хүүхдийг боловсролоос хоцроохгүй) гэсэн уриа бүхий боловсролын тунхаг төсөл үнэн хэрэгтээ Америкчуудаар даажигнасан үйл хэрэг байсан бөгөөд эсрэгээрээ олон сая хүүхдүүд сургуулиас завсардснаар Million children Left Behind болж хувирсан тухай хошигнож эхлүүлдэг. Төслийн хугацаанд Америкийн зарим мужуудад сурагчдын 60 хувь, Америкийн уугуул иргэдийн хүүхдүүдийн 80 хувь нь сургуулиас завсардсан баримтыг энд дурьджээ. (Монголчууд бид алдаа хийчихээрээ бусдыг чирж хань татдаг зангаараа Америкчуудтай ханьсахад яагаад болохгүй гэж?)
АНУ боловсролд зарцуулдаг төсвийн зардлаараа дэлхийд тэргүүлж, нэг ангид сурдаг сурагчдын тоо нь хамгийн цөөнд тооцогддог мөртлөө дэлхийн улсуудын ерөнхий боловсролын төвшинг тогтоодог олон улсын PISA сорилтод Ази, Европын хөгжингүй улсуудын дараа төдийгүй шинэ тутам хөгжиж буй Литва, Вьетнамын ард эрэмблэгдэж байгааг энд дурьдмаар байна. Америкийн энэхүү жишээнээс бид улсын төсвөөс хангалттай мөнгө хуваариллаа гээд эсвэл анги танхимын хүртээмж сайн боллоо ч дунд боловсролын тогтолцоонд асуудал байсаар байхыг ойлгож болно. Тэгэхээр бид ямар өөрчлөлт хийх ёстой вэ гэдэг дээр нухацтай бодохгүй бол их гүрэн ч алддаг байх нь.
Манай илтгэгч яриагаа доорхи 3 зарчмыг дурьдан үргэлжлүүлжээ.
Юуны өмнө боловсрол diversity буюу олон талт байдалд суурилах зарчим. Америкийн No Child Left Behind төслийн хамгийн гол сул тал нь олон талт байдалд бус харин нийтэд нийцүүлж хавтгайруулсан хичээлийн агуулга байсан гэнэ. STEM (Science,Technology, Engineering, Math) гэж хэт явцууралгүй урлаг, хүмүүнлэг, биеийн тамирын хичээлүүдийг зохист харьцаагаар заах нь чухал ач холбогдолтой. Урлагийн хичээл яагаад хэрэгтэй гээч? Тоо бодоход хэрэгтэй гэж үү? Мэдээж үгүй. Тэгвэл урлагийн хичээл нь хүүхдийн дотоод ертөнц дахь томчуудын хүрч чаддаггүй орон зайд нэвтрэх зам болдог гэнэ шүү.
Манай улсын бодит байдал юу вэ гэхээр холбогдох яам тамгын газрууд хоцрогдсон уламжлалт, нийт массд зориулан хавтгайруулсан боловсролын үндэсний хөтөлбөр гэгчийг ойр ойрхон янз бүрийн нэр хаяг өгч өөрчлөлт хийлээ хэмээн батлаад бараг жил бүр шинэ сурах бичгүүд гаргадаг үрлэгэн бодлого нь шууд хэлэхэд өөрсдийнх нь тендерийн бизнесийг цэцгэлүүлдэг увайгүй улсаа сөнөөх механизм гэмээр санагддаг.
Илтгэгч нэгэн сонирхолтой баримтыг энд дурьдсан нь Америк сурагчдын 10 хувь нь ADHD (Attention deficit hyperactivity disorder) буюу анхаарал төвлөрлийн хомсдол гэх эмгэгтэй гэх статистик.
Монголд энэхүү эмгэгтэй сурагчийг юу гэж тодорхойлдог гээч ? Сахилгагүй хичээлдээ муу хүүхэд гэж тодорхойлдог. Охидуудтай харьцуулахад 3 дахин олон хөвгүүд ийм эмгэгтэй байдгийг судлаачид хэдийнэ тогтоосон байгаа. Тиймээс л охидоос илүү олон хөвгүүд маань сахилгагүй хичээлдээ муу байдаг юм шүү дээ.
Нөгөө талаас хүүхдийг бичиг цаастай зууралдуулж хэдэн цагаар ширээтэй хадна гэвэл хэр удаан тэсэж суух бол? гэдгийг та бүхэн бодоод нэг үзээрэй. Хэт их даалгавраар ачаалснаар хүүхэд хичээлээс залхах төвөгшөөх, төвлөрч чаддагүй буруу дадалтай болж улмаар сахилгагүй хичээлдээ муу сурагч гэсэн муу нэртэй луу данстай болдог. Тэд аажмаар анхаарал төвлөрлийн хомсдол гэх эмгэгтэй болох эрсдэлтэйг манай эцэг эх, сургууль багш нар мэдвэл зохилтой. Гэхдээ үүнийг хурдан тархацтай халдвар өвчин мэт хүлээн авахын оронд уг эмгэгийг эрт оношилж сэргийлэх эсвэл зөв оношлох нь юу юунаас илүү чухал юм.
Дараагийн 2 дахь зарчим нь хүмүүн төрөлхтөний сониуч зан нь хөгжил цэцэглэлтийн суурь болдог. Хэрэв хүүхдийн сониуч занг хөөргөж чадвал хэний ч туслалцаагүйгээр суралцах хүсэлтэй байдаг гэнэ. Хүүхэд байгалиасаа шинэ юм сурамтгай зантай байдаг билээ. Хүүхдийн энэ чадварыг нээн илрүүлж хөгжүүлж чадвал хичээл сургуульдаа амжилт олох магадлалтай гэнэ. Сониуч зан сургалтын амжилтын гол хөдөлгөгч түлхүүр болдог байна.
Дэлхийн аль ч сайн сургуулийн хувьд багш нар хамгийн гол амин судас байдаг.Харин багшилна гэдэг сурах бичиг дээрхи хичээлийн агуулгыг хүүхдүүдэд дамжуулан хэлэх бус харин бүтээлч үйл хөдлөл юм. Сайн багш хүүхдийн сурах сэдлийг өдөөн урамшуулж, сурах хүсэл зоригийг хөгжөөж чаддаг. Багшийн үндсэн үүрэг бол суралцахад хөтлөн дэмжих явдал юм. Гэтэл өнөөгийн ертөнцөд багшийн амжилт ололт сурагчдынх нь жишиг сорилтын оноогоор тодорхойлогдож байгаа нь явцуу бөгөөд бодит байдлаас тасарсан хэрэг юм. Жишиг сорилт шалгалт нь сурагчдын төсөөлөн бодох чадвар, сониуч зан чанарын хүч үр нөлөөг хөгжөөхийн оронд тодорхой алгоритмыг сохороор даган дууриадаг бүтээлч биш нэгэн болгодог сул талтай гэнэ.
Кэн Робинсоны онцолсон 3 дахь зарчим нь хүний мөн чанар бол мөнхийн бүтээлч зан чанар . Бид үргэлж шинийг бий болгож түүнийгээ сайжруулж байдаг. Бидний бүтээлч зан чанар зогсолтгүйгээр шинэ боломж, гарцуудыг хайж хөгжлийг бий болгодог. Гэтэл ихэнхи улсын өнөөгийн боловсролын тогтолцоо нь жишиг сорил шалгалтуудад баригдсан бүтээлч бус хандлагатай байгаа аж.
Цааш нь илтгэгч маань Финланд улсын жишээг дурьджээ. Тус улс PISA сорилтын математик, уншлага, шинжлэх ухааны дүнгээрээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг төдийгүй бусад боловсролын асуудлаа гайхалтай зөв шийдэж чадсан амжилттай жишээнд тооцогддог. Үүнийг дан ганц PISA илэрхийлж чадахгүй байгаа нь бас л нөгөө жишиг сорилын сул тал юм шүү дээ. Финляндууд өмнө дурьдсан 3 хичээлээс гадна урлаг, хүмүүнлэг, биеийн тамир зэрэг өргөн хүрээний мэдлэгийг хүүхдүүдэд олгодог . Хамгийн сонирхолтой нь Америкийн SAT/ACT, Их Британий A level GCSE, Монголын ЭЕШ шиг жишиг сорил шалгалт тус улсад байхгүй . Дараагийн онцлог давуу тал нь тус улсад сургуулиас завсардах гарах гэсэн ойлголт огт байхгүй. Учир нь хэн нэгэн сурагч сурлагаараа доголдвол түүнтэй тулж ажиллаж дэмждэг тийм тогтолцоог Финлянд улс бий болгож чадсан .
Финляндыг Америктай харьцуулах нь хэрэггүй гэж хэлэх хүмүүс таарах нь бий. Финлянд 5 сая хүн амтай . Харин Америкт 5 саяас цөөн хүн амтай муж олон бий. Тэдгээр мужуудыг Финляндтай харьцуулж яагаад болохгүй гээд Сэр Кэн Робинсон Финлянд улсын амжилтад хүрсэн нууцыг дараахи 3 хүчин хүчин зүйлсээр тодорхойлжээ.
1рт хувь хүний онцлогт нийцүүлэн сургадаг боловсролын тогтолцоо
2рт багшийн ажил мэргэжлийн үнэлэмж, шалгуур өндөр
3рт сургууль нь харьцангуй бие даасан , асуудлаа өөрсдөө шийдэх эрх мэдэлтэй
Энэ бүхнээс бидний алдаа оноо маш тодорхой харагдаж байгаа байх аа . Манай улс хүүхдүүддээ нийтэд нийцүүлэхийг хэт хичээсэн хавтгайруулсан үндэсний боловсролын хөтөлбөрийг цалин бага , мэргэжлийн ур чадвар муутай багш нараар төрийн яамны төвлөрсөн хүнд сурталтай бодлогын ерөнхий боловсролыг олгож байгаад гол асуудал оршиж байгаа бус уу?
Манай илтгэгч ярианыхаа төгсгөл хэсэгт суралцах үйл явц бол амьд органик механизм бөгөөд түүнийг тэжээж усалж чадвал 2005 оны борооны дараа Калифорнийн Үхлийн Хөндий амь орсон шиг цэцэглэн хөгжиж чадна. Харин боловсролын агуу манлайлагч, удирдагчид үүнийг сайн мэдэж цаг агаарыг урьдчилан харж, гайхалтай боломжийг нээх уур амьсгалыг бүрдүүлж чадна. Хэрэв та үүнийг хийж чадах бол хүмүүс өөдөө өсөн дэвжиж, таны төсөөлөө ч үгүй амжилтад хүрэх болно гэж уриалсан байна.
Эцэст нь боловсролын шинэчлэлтийн талаар сонирхон судалдаг миний бие боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийвэл зүйтэй талаар тодорхой дүрслэл зураг гаргах гэж оролдсоныг дуустал уншсан таньд баярлалаа. Хэлэх санаа оноогоо бичиж үлдээвэл ихэд талархан хүлээн авах болно.
