Ж.Тамир: Сингапурт Монголчууд оюуны бүтээлээ үнэлүүлсэн

Техник технологийн салбарын талаар мэдээллийг авахыг хүсдэг техникийн “хорхойтон”, “дурлагч” нартаа ололт, амжилтаар дүүрэн гадаадын зах зээлд өөрийн оюуны бүтээлээ “худалдаалж” байгаа залуусыг танилцуулахаар шийдлээ. Өнөөдрийн хамгийн анхны дугаарын нийтлэлээр “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгч Ж. Тамиртай программ хангамж, мэдээллийн технологийн салбарын ололт амжилтын талаар ярилцлага хийснийг хүргэе.

  • Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө болон холбооны талаар танилцуулаач?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Жаргалсайханы Тамир гэдэг. “Монголын Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүний албан тушаалыг хашиж байна. Манай байгууллагын хувьд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагыг дэмжиж ажиллах, салбарт тулгарч буй асуудлыг нэгдсэн байдлаар төрд дамжуулах, гишүүнчлэлтэй байгууллага тул гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн цаашдаа программ хангамжийн чиглэлийг олон нийтэд танилцуулах ажлыг хийх болно.

-Монголд программ, хангамж, контент үйлдвэрлэлийг хэрхэн үнэлж байна вэ, өндөр хөгжсөн орнуудад үнэлэмжийн асуудал хэр вэ?

  • Монголд программ, хангамж, контент үйлдвэрлэлийн үнэлэмжийн асуудал сайн үзүүлэлттэй биш. Хаа сайгүй контентийн хулгай буюу оюуны өмчийн хулгай ил, далд хэлбэрээр явагдаж байна. Тухайлбал телевиз үзэгчдэд албан ёсны зөвшөөрөлгүй киног үзэгчдэд шууд үзүүлж байна. Хэрэглэгч буюу үзэгчид үүнийг жирийн байдаг л зүйл мэтээр хүлээж авч байгаа нь харамсалтай.

-Оюуны өмчийн хулгайн асуудалтай хэрхэн тэмцэх вэ?

-Мэргэжлийн байгууллага, иргэд, төрийн оролцоо маш чухал. Санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулж, тусалж, дэмжихээс илүүтэй хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Эс тэгвээс хулгайн контентийг хэрэглэгчид хэрэглэж, оюуны өмчийн асуудал хүнд байдалд байсаар л байх болно. Тиймээс эрх зүйн орчинг дэмжиж, үйлдвэрлэгчдэд таатай болгох, хэрэглэгчдэд илүү өгөөжтэй, нээлттэй, ил тодоор хүргэх шаардлагатай байна. Энэ ажлыг төр, холбоо, хэн нэгэн байгууллага дангаараа бус нийтээрээ хамтарч ажиллах нь зөв.

-Дотоод, гадаадын зах зээлд хэрэглэгчдэд яаж оюуны бүтээлийг танилцуулж, үнэлүүлэх вэ?

-Дотоодод оюуны үйлдвэрлэлийн үнэлэмж бол харьцангуй доогуур төвшинд байна. Тиймээс оюуны бүтээл, өмч гэдгийг нийтээрээ мэдэж, ЕБС сурагчдад хүртэл энэ талаарх зөв мэдлэг олгох нь чухал байна. Бид дотоодод элэг нэгтнийхээ бүтээлийг үнэлэхгүй бол гадаадад үнэлүүлнэ гэж байхгүй. Гэхдээ дотооддоо тийм өндөр үнээр худалдаж, борлуулна гэсэн үг биш.

-Манай улсад сүүлийн үед Монгол залуучууд программ, хангамж, үйлдвэрлэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа. Өөрсдийн бүтээлээ олон улсад хэрхэн танилцуулж чадаж байна вэ

  • Сүүлийн үед “Start-Up” компаниуд хүч төрөн зах зээлд гарч байна. Энэ нь маш богино хугацаанд олон хэрэглэгчийг татаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулж, зах зээлд эрчтэй гаргах байгууллага юм. Монголын зах зээл жижиг, хучигдмал тул таниулах, гаргах боломжгүй болоод байна. Харин интернет энэ сул талыг давуу тал болгож, гаднын томоохон улсуудад шууд гаргаж болж байна.Тухайлбал Сингапурын хоёр дээд зэрэглэлийн ресторанд өөрсдийн программ хангамжийг борлуулж чадсан. “Болор Софт” компани өөрийн бүтээгдэхүүнээ Германд болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр амжилттай танилцуулсан.

-“Start-Up” болон программ хангамжийн төрлийн компаниудад санхүүгийн асуудал хүнд бэрхшээлтэй байна уу?

-Ер нь л бүх асуудлыг төрийн байгууллага уруу нялзааж болохгүй. Харин үүний оронд төрөөс оюуны өмч, хууль эрх зүйн орчинг сайжруулж, хэрэгжилтэд анхаарвал болж байна.

Хэрэв “start-up- төслийг хөрөнгө оруулж байгаа байгууллага нь үндэсний компани байх юм бол тухайн байгууллагыг татвараас нь чөлөөлж, хөнгөлөх тогтолцоо бий болгож болно. “Start-Up” гэдэг нь оюуны бүтээл үйлдвэрлэгчид шүү дээ.
Тэднийг хууль эрх зүйн орчинг сайжруулж, дэмжих хэрэгтэй.

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, ТҮЦ машин зэрэг ажиллаж байна. Нэг үеийг бодвол амар хөнгөн болсон. Салбарын зүгээс энэ ажлууд нь хэр хангалттай байна вэ?

-Мэдээж хийсэн бүхнээ үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ хангалтгүй байна. Ер нь төрийн үйлчилгээг 80 хувь хүртэл нь цахим системд шилжүүлбэл, иргэдэд амар хөнгөн болгох боломжтой.

Цаасан хэлбэрийг тэр чигт нь устгаж, софт хэлбэрээр буюу онлайн байдлаар шууд үзэх боломжийг бий болгох хэрэгтэй.

Энэ нь төрийн албан хаагчдын бүтээмжийг өсгөхөөс гадна иргэдийн цаг завыг хэмнэх олон давуу талтай.

-Төрийн үйлчилгээг яагаад цахим систем уруу шилжүүлэх шаардлагатай вэ?

-Төр өөрийн бүх шатыг цахим систем уруу шилжүүлэх албагүй. Харин шаардлагатай хэсгүүдэд цахим систем рүү шилжсэнээр иргэдэд хүндрэлгүй, ил тод, нээлттэй байлгах үүд хаалга нээгдэж байна.

-Программ хангамж, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй хүмүүст анхаармаар зүйлс байна уу?

Ажилчдын ур чадварыг сайжруулж, адистетчлах шаардлагатай байна. Тэгснээр төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн мэдээллийг найдвартай гарт хадгалуулж, ажлын бүтээмж дээшилж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтой болж байна.

-Дэлхийн хэмжээнд төрийн үйлчилгээг бүрэн цахим систем руу шилжүүлсэн улс бий юу?

-Дэлхийн хэмжээнд Англи, Австрали, Өмнөд Солонгос улс төрийн үйлчилгээг цахимжсан байдлаараа тэргүүлдэг. Тус чуулганаар үндэсний мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй компани тэргүүлэх орнуудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гаднын зах зээлд өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах шаардлагатай байна.

-Өөрсдийн оюуны бүтээлийг дотоод, гадаад хэрхэн өндрөөр үнэлүүлэх вэ?

  • Нэгдүгээрт бүтээгч буюу мэргэжилтэн сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт хэрэглэгч өөрсдөө албан ёсны контентийг ашиглаж, сэтгэл ханамжийг мэдрэх хэрэгтэй. Манай улсад бүтээгч өөрөө бүтээлээ зарах гэж хөөцөлдөөд байхаар буруу ойлголт тарааж, бүтээлийн чанар буураад байна. Тиймээс бүтээлийг зарж, борлуулах өөр нэгэн хэсэг бүлэг ажилламаар байна.

Ярилцсан: Ариун

Like what you read? Give Ariun a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.