Өөрчлөгдөж чаддаг байх

Ө. Асрал
Sep 6, 2018 · 2 min read

Би чинь уг нь өөрчлөлтөд нэг их дуртай хүн биш л дээ. Надад нэг зүйлдээ тууштай байж, нэг хэсэг нөхөддөө үнэнч байж, нэг таалагдсан хэв маягаараа хувцаслаж, нэгэнт тогтсон үзэл санаанаасаа ухрахгүй амьдрах нь илүү таалагддаг байлаа. Гэхдээ ингээл бодоод байхад нөгөө урсгал ус бол яана тогтмол ус бол яана билээ тэр нь үнэн юм шиг санагдах болов. Ер нь ч тэгээд амьдрал ч тэр хүн ч тэр үргэлж л хувьсаж өөрчлөгдөж байдаг шүү дээ. Яг анхнаасаа ямар байсан тэр зангаараа явсан хүн ер нь байна уу? Хүн өөрөө анзаарч мэддэг ч бай анзаардаггүй ч бай үзэл бодол, үйлдэл, биеэ авч явах нь хүртэл өөрчлөгдчихсөн л байдаг.

Энэ зун амралтаараа 1 сар орчим орчноо өөрчилж амраад, бас өөрийгөө юу хийгээд яваад байгаа ямар хүн болж өөрчлөгдсөн байна вэ гэдэг талаараа их тунгааж байгаад ирлээ. Тэгээд дотроо бол их л өөрчлөлттэй хүн буцаж ирсэн миний хүрээлэл эргэн тойрныхон ямар байсан яг л тэр янзандаа байгааг олж харав. Ярьж л байсан асуудлуудаа ярьсаар л… Эндээс л би урьдын огт өөрчлөгдөггүй байсан өөрчлөлт хийхийг хүсдэггүй байсан өөрийгөө олж харах шиг болов. Өөр нэг нүдээр харахад ийм л байждээ гээд… Аливаа зүйлд ер нь өөрсдийн цаг хугацаа гэж байдаг байхаа. Өөрчилж шинэчилмээр цаг нь ирсэн бол өөрчлөөд л үзэх хэрэгтэй. Бас өөрт таагүй зүйлсээсээ холдоод л үзэх хэрэгтэй. Эхлүүлэхийг хүссэн зүйлээ эхлүүлээд л байх хэрэгтэй. Би өмнө нь ямар их өнгөрсөнтэйгөө зууралддаг байсан юмбэдээ. Буцаад хүүхэд болмоор байна, буцаад тэр үерүүгээ очихсон гээд л. Хэзээ ч чадахгүй шүүдээ. Тэгээд л амьдралын өөр өөр насны үечлэлээр өөр байх өөрчлөгдөх шаардлага гарч ирэхэд түүндээ дасаж өгөхгүй өөрчлөгдөхийг хүсдэггүй байждээ. Хаанаас ч билээ аливаа амьтаны аль том хүчтэй нь биш аль дасан зохицох чадвартай нь амьд үлддэг гэж уншиж байсан юм байна. Дасан зохицоно гэдэг ч бас орчиндоо тохирч өөрчлөгдөнө л гэсэн үг байлгүй. Гэхдээ улааныг харж урваж шарыг харж шарвана гэгчээр хаа очсон газраа хэн тааралдсан нэгний нөлөөллөөр өөр өөр болоод байх тухай бол огт биш юм шүү. Өөртөө ямар нэг талаар өөрчлөлт хиймээр байвал, ямар нэг мэдрэмж төрөөд байвал түүнийхээ дагуу өөрчлөлт хийчихэж чаддаг л байх хэрэгтэй. Болино гэсэн бол больчихдог, турна гэсэн бол турчихаж чаддаг байх хэрэгтэй. Нэгэнт том хүн болчихсон бол том хүн болж өөрчлөгдөх л хэрэгтэй.

    Ө. Асрал

    Written by

    🇲🇳 🇯🇵

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade