Чи маш их азтай нэгэн юм шүү

Өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө байгаагаар нь хайрлаж, ямар их азтай бас боломж бүр миний алган дотор багтаж байдаг гэдгийг хэрхэн мэдэрч амьдарч байгаагаа энэ удаа бичихээр шийдлээ. Нээрээ үнэнийг хэлэхэд би 2016 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл өсгийтэй гутал ерөөсөө өмсөөгүй юм байна шүү. Жилд ганц удаа тохиодог төрсөн өдрөө найз нөхөдтэйгөө тэмдэглэхдээ цайны ганц өсгийтөө цүнхэлж очоод өмсөж зургаа даруулчихаад буцаад цүнхэлдэг уламжлалтай болчихсон байх юм. Тэгээд бодлоо Монголд байхдаа байнга өндөр өсгийт өмсөж хөлөө өвтгөн барин албатай юм шиг л бухимддаг байж гоё харагдахын тулд эсвэл өсгийт өмсвөл хөл минь илүү нарийхан харагдана, бие минь бас илүү цэгцтэй харагдана гэж өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байсан бас нэг бодол маань байсан байж болох юм үгүйсгэхгүй. Намайг сайн мэддэг хүмүүс бол нээрээ чамайг өсгийтгүй харах ховорхон шүү гэх байх. Олон сая хүн амтай том хотод амьдраад, хоногийн 24 цаг хүрэлцэхгүй юм шиг санагдах үед нээрээ л юун өсгийт өмсөх манатай гутлын шүүгээний мухар луу шидчихээд хөлд эвтэйхэн намхан гутлаа өмсөөд гүйчих нь тэр шүү дээ ,,,, Ийшээ ирэхдээ авчирсан нэг ч өсгийтөө өмсөлгүй хаясан байна гэхээр л ……

Өсгийт яриад эхэлсэн болохоор та бүхэн минь гадарлаж байгаа байх энэ удаагийн блог маань илүү эмэгтэйчүүддээ чиглэсэн байх юм гэдгийг.
Миний өөртөө хэлдэг үгнүүдийн нэг.

Өнгөрсөн 2 жил дотуур байрны нэг өрөөнд хамт байсан охин маань Хятадын Уйгар байсан юм. 27 настайдаа доктороор сурч эхлэсэн гэхээр хичээл чармайлттай нэгэн гэдэг нь илт бизээ. Надад хэлэхдээ төрсөн аав ээжтэйгээ уулзаагүй, өсөж торнисон гэртээ хариагүй, хайрт охин дүүгээ хараагүй 15 жил болж байна гэсэн. Би гайхаад ЯАГААД гэж асуутал эргээд Хятад улсын хилээр давах юм бол түүний гадаад пасспортыг хураан авч хамгийн багадаа 6 сар Хятад улсын соёлыг таниулах сургалтанд суулгаж цаашид ямар нэгэн байдлаар Хятад улсаас гадагш ямар ч улс руу дахин явж чадахааргүй болгох юм байна. Энэ бол 20-иод сая Уйгарчуудыг хавчин дарж үгүй хийх зорилго бүхий Хятад төрийн бодлого юм байна. Олон улс орны оюутнууд дунд ороод ирэхээр хүссэн хүсээгүй бид улс төр, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэх мэт өргөн цар хүрээтэй сэдвийн дор санал бодлоо хуваалцах нь элбэг. Уйгар найз маань эхний жилээ гэр бүлийнхэнтэйгээ дүрс дүрсээ харан ярьж чаддаг байсан бол дараа жил нь байдал улам дордож гэр бүлтэйгээ холбоо тогтоож чадахаа байсан юм. Мессеж ч бичих боломжгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар гэр бүлийнхэнтэйгээ холбогдох юм бол цагдаа нарын хяналтан дор байгаа аав ээжийг нь байцаах цаашлаад хорьж цагдах аюултай болсон юм билээ. Уйгар айл болгоны үүдэнд суурилуулсан төхөөрөмж байх бөгөөд тухайн айлд гадны хэн нэгэн байвал цагдаа нар байцаадаг байх нь. Мөн түүнчлэн манай улс төрийн томчууд шиг үндэстнээ худалдаж байгаа увайгүй төрийн түшээдээс болж тэдэнд бодлогын хүрээнд Хятадтай тэмцэх ямар ч арга үлдээгүй юм шиг. Жилээс жилд Уйгар хүмүүс дээд боловсролтой байгаад ч ажил олдох нь багасаж, олдсон ч хар ажил л мэр сэр олддог гэнэ. Энэ мэтчилэн асуудлуудаас түүнийг хараад би өөрийн эрхгүй өрөвдөж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хирээр бахархах сэтгэл төрж түүн шиг хатуужилтай, зүтгэлтэй, чармайлттай амьдрахыгхичээх болсон юм. Хэзээ гэртээ харихаа мэдэхгүй нэг улсаас нөгөө улс дамжин бүхэл бүтэн15 жил дотуур байр эсвэл хөлсний байранд хэрвээ та амьдарсан бол хэрхэн мэдрэх байсан бол? Түүнийг нэг өдөр үд хүртэл унтсаныг би харж байсангүй. 1 минутыг ч сул хий өнгөрөөж байсангүй. Бүх зүйл дадал зуршил нь зөв, авах юм ихтэй. Их Британид мастерын зэрэг хамгаалчихсан. Туркэд докторын зэргээ хамгаалчихвал нэн тэргүүнд өндөр цалинтай олж мөнгө цуглуулна. Аав ээжийгээ л тэндээс гаргана гэх түүний зорилго. Мэдлэгтэй байх хичнээн гоё вэ Азаа тархи чинь үргэлж хөгжилдсөөр байх болно гэж надад хэлж байсан юм. Энэ бол миний өөрөө өөрийгөө багахан ч гэсэн азтай гэдгийг минь надад мэдрүүлсэн, намайг цэнэглэсэн яг юу гэж хэлмээр юм дээ тийм нэгэн ухаарал өгсөн явдал байлаа.

Шашны тухай надад ойлголт байгаагүй юм билээ. Би өөрөө ч буддын шашин ч шүтдэггүй хүн шүү дээ. Буддын шашныг би хүн хэрхэн хамгийн сайнаараа амьдрах тухай филисофийн шинжлэх ухаан гэж л боддог юм. Намайг битгий шүүмжлээрэй. Энэ бол миний л бодол юм шүү. Шашны сүжиг, сэжиг аль аль нь надад байдагүй гэхэд хилсдэхгүй. Үнэхээр бүр чин сэтгэлээсээ биелээсэй гэж хүссэн хүслээ би ижий аавдаа шивнэдэг юм.
Намайг сэдэлжүүлсэн гайхалтай ном

Явцын шалгалттай ид ачаалалтай үедээ “БИ МАЛАЛА” гэх энэ номыг бариад авсан юм. Хичээлээ хийх хэрэгтэй байсан ч энэ ном луу хамаг анхаарал татагдаад хамгийн хурданаараа бас хамгийн ихээр мэдэрч уншиж дуусгаж билээ. Пакистан улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үхлээс айлгүй дуугарсан тэрээр хичээлээ тараад харьж явахдаа террорист бүлгэмийнхэнд толгой руугаа буудуулан хэрхэн үхэлтэй тэмцэж байгаа тухай өөрийнхөө амьдралыг өгүүлсэн номоороо тэр Нобелийн шагнал хүртсэн охин юм. Хэрвээ би Монголд төрөөгүй бол, хувь заяа минь намайг ийм нэгэн аймшигтай, эмэгтэйчүүдийг гишгэлж айлын тэжээвэр амьтад шиг үздэг, хүнсний зах руу явахдаа хүртэл ганцаараа явж болдоггүй ийм улсад аваачсан бол ямар өрөвдөлтэй энэ нас минь өнгөрөх байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдож нулимс цийлэгнэж билээ. Уншиж дуусангуутаа интернэтээс түүний бүх ярилцлагыг нь үзээд бас л бодох ёстой бүхнээ, ойлгох ёстой бүхнээ, ухаарах ёстой бүхнээ өөртэйгөө ярилцсан юм. Би Америкд ч юм уу Австралид ч юм уу байсан бол харах өнцөг минь бас л өөр байсан байх болов уу. Ялангуяа Турк улсад байгаа болохоор энэ шашны ялгаа, соёлын ялгаа ямар чухал байдаг гэдгийг аз хийгээд боломж өнөөдөр миний хувьд юу билээ гэдгийг илүү үнэ цэнэтэйгээр ойлгож чадаж байгаа болов уу гэж боддог юм.

Өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах бол хамгийн сайхан шүү. Хамгийн гол нь миний эрх гээд чанга дуугарчих зоригтой, би байгаадаа хайртай гээд бардам байх тийм л улсад бид бүхэн байгаа. Ам хамар нүүрээ хааж таглуулж, аюул заналхийлэл дор биш…

Байгалаасаа нүд хөмсөг сайтай, бидний хүсдэг өндөр хамартай гурвалжин царайтай хүмүүсийн дунд ороод ирэхээр эхэндээ яг тэгж бодогддог юм билээ. Өөртөө итгэлгүй угаасаа бид чинь онигор нүдтэй намхан хамар, мантгар хацар гээд л эд нараас чинь шал өөр шүү дээ. Би өглөө хичээлээсээ 2 цагийн өмнө босч бэлдээд хичээлдээ явдаг байлаа. Одоо бол би нарны тосоо түрхээд тэр чигтээ будаггүй нүүртэйгээ, угаагаагүй устэйгээ гараад явж чадах хэмжээний өөртөө сэтгэл хангалуун, өөрийгөө хайрладаг болсон болохоор өмнөх энэ цаг хугацаагаа бодох бүрт бурхан минь илүү 2 цаг унтаж нойроо авч байх минь яав даа л гэж харамсдаг даа хэхэ. Яагаад гэвэл чи бол чи шүү дээ. Чамд өндөр хамар, алаг нүд, урт сормуус байх албагүй ч хамгийн гол нь чиний өөрийгөө хайрлах сэтгэл бол хамгийн чухал зэвсэг чинь юм шүү. Турк охидууд ихэнхидээ урт гоё хөлтэй, алим шиг гоё хэлбэртэй өгзөгтэй нүд, хамар, хөмсөг гээд биднээс хамаагүй өөр бидний заримынх нь хагалгаа хийлгэж мөнгө төлж өөрчлөгддөг бүх зүйл тэдэнд байгалаасаа бий. Тэд чамд гоё сайхан харагдаж болох ч бас нөгөө өнцгөөс нь харах юм бол чиний мантгар хацар, намхан ч гэсэн хэлбэртэй хамар чинь, онигор ч гэсэн жижигхэн давхраатай нүд, урт биш ч өөртөө зохисон хөл чинь чиний төгс гэж хардаг хүмүүсийн атаархлыг төрүүлдэг гээд бод доо. Нээрээ тэгж бодож үзээрэй.

Урагш алхах хөлөө тайруулчихаагүй, үзэж харах нүдээ боолгуулчихаагүй. хүссэн бүхнээ хийх боломж бидэнд байхад чи угаасаа өөрөө өөрийнхөө энэ ертөнц дээрхи төгс цор ганц хувилбар юм чинь үргэлж өөрийгөө хайрлаж, сэтгэл хангалуун байгаарай.

Тэгэхээр цаашид бүгдээрээ хамтдаа илүү олон ном уншиж илүү ухаалаг бөгөөд өөрийнхөө шилдэг хувилбар байхад суралцаж өөрсдийгөө хягааргүйгээр хөгжүүлж байцгаая. Үнэндээ салонд 2 цаг сууж наалгасан хумс чинь таныг намайг гоё сайхан харагдуулж болох ч тэнд суух 2 цагтаа та өөрийгөө хөгжүүлж ухаалаг нэгэн байхад нэг ч гэсэн алхам урагшилсан байх юм бол тэр бол бодит ололт бөгөөд амжилт юм. Яаадаг юм бэ өсгийт өмсөөгүй ч өнгө өнгөөр будсан хумсгүй ч өөрийнхөөрөө л күүл л байцгаая л даа. Нээрээ би өөрөө өөртэйгөө илүү их ярилцах, өөрөө өөрийгөө бүр илүү сайн ойлгох өдрүүд минь үргэлжилж байгаа юм. Ирэх сараас энэ өдрүүдэд өөртөө тавьсан зорилгуудаа биелүүлж эхлээд эргээд уулзацгаая хөөрхөнүүдээ. Өөрийгөө азтай гэдгээ мэдэрч өдөр өдрөөр өөрөө өөрийгөө илүү их хайрлаарай. Баяртай

Истанбул хот 2018.11.30