Байгалийг тольдогч хийгээд философи
Энэ бол Ричард Рорти аналитик уламжлалын философийг шүүмжлэн, энэ уламжлалдах арга зүй нь ач холбогдолгүй, авч үзэж буй асуудлаа шийдвэрлэх чадамжгүй гэдэг шүүмжлэлийг хийгээд прагматик чиглэлрүү орохдоо бичсэн хамгийн эхний бүтээл нь юм. Бас энэ бол Рортигийн анхны ном байлаа. (өмнө нь дандаа өгүүлэл бичдэг байсан).
Рортигийн үзэл санааны хөгжлийг гурван үе шатанд хуваан авч үзэж болох юм. Үүнд :
- Аналитик философичоор бэлтгэгдэж, энэ чиглэлийг баримталж байсан үе.
- “Байгалийг тольдогч хийгээд философи (PMN)” хэмээх бүтээлээ гаргаад Деррида, Хайдеггер зэрэг континентал чиглэлийнхэн болон Дювигийн прагматик үзлийг авч шинэ төрлийн прагматик үзлийг хөгжүүлсэн үе.
- Философийн хэлийг илэрхийлж буй утгын хувьд хангалтгүй, баялаг биш гэж шүүмжлээд уран зохиолын буюу хүүрнэлийн хэлбэрийг ихээр ашиглаж, уран зохиолчдын бүтээлийг номондоо оруулдаг болсон үе. (Өөрөө дийлэнх санаагаа уран зохиолын номноос авсан гэж хэлсэн ч удаа бий.)
Эхэн үедээ Рорти континентал философийг ач холбогдогүй гэж боддог байсан учраас унших шаардлагагүй гэж үздэг байжээ. Гэхдээ докторын зэргээ хамгаалах гэж байхад нь сургуулийнх нь нэгэн багш түүнд Хайдеггерийн талаар тайлбарлаж өгсөн нь энэ хүний бүтээлүүдийг судлах эхний том сэдэл нь болсон байна. Аяндаа явсаар аналитик чиглэлийг арга зүйн хувьд бүхлээр нь өөрчилж Хайдеггер, хожмын Виттгенштейн, Дюви нарын үзэлд суурилсан шинэ арга барилаар философи асуудлуудыг шийдвэрлэхээр зорьсон нь 20-р зууны сүүл үеээс хүчээ авсан пост аналитик философийн нэг үүсэл цэг болсон. (Доналд Дэвидсон, Хилари Патнам зэрэг хүмүүс Роритгоос ялгаатай ч гэсэн энэ урсгалыг үндэслэгч гэдэгт хамаардаг, Куайн бас аналитик философид хувьсгал хийснээрээ пост аналитик чиглэлийн үндэслэгчдийн нэгд тооцогдоно)
Декарт анх “Би бодож байна тийм учраас би оршиж байна” гэж дүгнэснээрээ, би өөрийгөө бодож байгааг л баттай мэдэж чадна, би бодож байгаа юм чинь лав л оршин байгаа нь үнэн гэсэн үг харин гадаад зүйлс, сенсээр мэдрэх боломжтой бүх зүйлсийг байгаа гэдэгт итгэх ямар ч баталгаа байхгүй гэдэг асуудлыг үүсгэсэн юм (Энэ үгийг олон хүн хүний хөгжлийн номны ишлэл эсвэл нэг төрлийн афоризм шиг ойлгоод чи бодохгүй юм бол, сэтгэхгүй юм бол хүн шиг амьдарч чадахгүй гэдэг утгаар тайлбарладаг). Энэ эпистемологийн асуудлыг шийдэх гэж төрөл бүрийн оролдлого хийгдэж сүүлдээ модал логиктой холбоод төрөл бүрийн “S is neccessarily P if and only if ………..” гэдэг бүтэцтэй төрөл бүрийн хэллэгийг бий болгосон ч энэхүү асуудлыг бүрэн шийдэж чадаагүй юм. (Хүмүүс энийг уншаад тэнэг, ач холбогдолгүй, хий хоосон гэж бодож болно. Энэ нь өдөр тутмын амьдрал практик болон төрөл бүрийн үнэлэмжтэй холбогдох асуудлуудад хариулт болж чадахгүй ч шинжлэх ухаан гэж юу болох, энэ нь хэрхэн мэдлэгийг үүсгэдэг, бид юуг баттай мэдлэг гэж үзэх вэ зэрэг асуултуудын нэг үндэс болдог.)
Тэгэхээр энэ үед болвол Аналитик буюу англи америкын уламжлалтай философи нь шинжлэх ухаан, хэл, оюун санаа, танин мэдэхүйн асуудлыг голчлон авч үзэж байсан. (1) Шинжлэх ухааны философид верифизацын зарчим буюу бид сенс датанд тулгуурласан бодомж эсвэл хэллэгт л утга оноож болно бусад тохиолдолд үнэний утга оноож шийдвэрлэх боломжгүй гэдэг үзэл, үнэний талаарх корреспондент онол буюу хүний толгойдох санаа нь гадаад объектив нөхцөл байдалтай нийцэж байвал үнэн болно гэх үзэл давамгайлж тодорхой онол буюу санааг хэрхэн эмпирикээр шалган баттай мэдээллийг бий болгож чадах тухай (Энэ талаар өмнө нь оруулсан “Псевдо сайнтифик гурвал” гэдэг нийтлэлээс харж болох юм), (2) танин мэдэхүйн асуудлын хүрээнд бидний гадаад объектийн талаарх итгэл үнэмшлийг юу баттай болгож чадах талаар, (3) оюун санааны философид оюун санаа биеээс ялгаатай юу эсвэл бие оюун санаа хоёр нь нэг зүйл үү гэдэг асуудлууд гол болж байсан юм.
Эдгээр нь бүгдээрээ хоорондоо нарийн зангилаатай, огтлоцлдог асуудлууд бөгөөд тэр чагтлаас нь Декартын дуализм, Кантын авч үзэж байсан постериори болон априори мэдлэгт холбогдох ойлголтууд болж байв.
Гэхдээ аналитик философичид дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон гайхалтай шийдлүүдийг гаргаж байсныг үгүйсгэж болохгүй. Энэ дундаас Кун, Куайн гэх мэт хүмүүс сүүлд гарах аналитик философийн хувьсгалын үндсийг тавьжээ. (Ялангуйяа аналитик чиглэлд хамаарах энэ хоёр хүн бол Рортид хүчтэй нөлөөлсөн). Куайн аналитик (цэвэр оюун дүгнэлтийн) болон синтетик (сенс дататай холилдсон) бодомжийг хэзээ ч тусад нь авч үзэх боломжгүй гэдгийг гаргасан нь аналитик философидох шинжлэх ухаан, танин мэдэхүй, хэлний асуудлыг үнэндээ л орвонгоор нь эргүүлж орхисон.
Куны хувьд шинжлэх ухааны мэдлэг нь өмнө байсан мэдлэгийг бүр мөсөн няцаах байдлаар нэмэгддэггүй, өмнөх үеийн мэдлэгийг бүр мөсөн ач холбогдолгүй хоцрогдсон зүйл ч болгож хөгждөггүй. Харин шинжлэх ухаан хөгжлийнхөө явцад нэг асуудлаас өөр нэг асуудалруу хувьсгалч шинжтэйгээр шилжиж байдаг, үүнийг том зургаар авч үзвэл шинжлэх ухааны асуудлууд нь нэг том эвлүүлдэг зурагны (puzzle) хэсэг бөгөөд тодорхой цаг хугацаанд давамгайлж буй шинжлэх ухааны онол, аргачлал нь тухайн зургийн зөвхөн нэг хэсгийг судлахад чиглэсэн байдаг.
Куайны хувьд дан сенс датагаар үүссэн мэдлэг болон дан оюун санааны мэдлэг гэж байхгүй гэдгийг гаргаж ирсэн юм. Хорьдугаар зууны эхэн үеийн эпистемологи, шинжлэх ухааны философи, хэл шинжлэлийн философийн аналитик чиглэлд хамаарах хэсэгт логик позитивизмдох сенс дата болон дан оюуны мэдлэгийг нэг нэгнээсээ тусдаа гэж авч үздэг хандлага давамгайлж байв. Үүнийг Куайн “Эмпирицизмийн Хоёр Догма” (TDE) гэдэг бүтээлдээ бодомжийн предикатыг яагаад эмпирик хольцгүйгээр дан оюун ухаанд тулгуурласан байдлаар солих боломжгүй вэ гэдгийг харуулах замаар үгүйсгэсэн. Үгний утгыг утгат чанараас (Reference) тусдаа бие даасан зүйл гэж үзэж болохгүй.
Рортид их нөлөө үзүүлсэн өөр нэг сэтгэгч нь Хайдеггер байв. Хайдеггер харин субъект болон объект хоёрыг тус тусад нь авч үздэг байдлыг эсэргүүцсэн нэгэн байж. Мөн Дэвидсон, болон Виттгенштейн нарын нөлөө бий (даан ч би яг яаж нөлөөлснийг сайн мэдэхгүй нь)
Ингээд Рорти эмпирик болон дан оюун санаанаас үүдэлтэй мэдлэгийн, объектийн болон субъектийн, танин мэдэгч болон танин мэдэгдэгч зүйлийн гэх мэт философид байдаг тус тусдаа яригддаг янз бүрийн зүйлсийг тусад нь авч үзэж ярихгүй, энэ нь ер нь бол, ядахнаа нэлээд хэсэг хугацаанд мухардалд орсон хандлага гэж үзээд илүү нийгмийн харилцаанд тулгуурласан байдлаар философийн зарим цөм асуудлуудыг авч үзэх болжээ. Жишээ нь Рортигийн хувьд үнэн гэдэг нь байгалийг тольдогч буюу оюун санаанд байгаа итгэл үнэмшил бодит байдалтай нийцэж буй явдал биш харин нийгмийн хэрэгсэл ажээ. Ингэж авч үзэх нь түүнийхээр аналитик философид тулгарсан мухардлаас гарахад тустай бѳгѳѳд илүү ашигтай хандлага гэж тэр үзжээ.
