Дугуйтай найзалсан 3 хоног

Гурав хоног дугуй унаж явав. Дөнгөж унаад жийж эхлэхэд салхи татуулаад л хурдтай бас сэтгэл сэргэм. Гэтэл УБ-т дугуйн зам үндсэндээ байхгүй тул шууд л ар араасаа жижиг асуудлуудтай нүүр тулж эхлэв.

Замын боржур бол дугуй унаж байгаа хүний хувьд хөдөлгөөнөө чөлөөтэй, саадгүй үргэлжлүүлэх үндсэн нөхцөл болохыг дорхноо л мэдрэв. Дугуйтай болон тэргэнцэртэй хүмүүст зориулсан явган замаас машин зам руу ордог, машин замаас явган хүний зам руу ордог хэсгүүд налуу, боржургүй байвал тун ч саадгүй. Намхан боржур бол буух болон гарахад арай хялбар. Харин өндөр боржур таарвал шууд л хөдөлгөөнөө зогсоож бараг л дугуйнаасаа бууна.

Ихэнх дугуй унаж яваа хүмүүс явган хүний замаар явах бөгөөд зарим үед бужигнасан хүмүүсийн хөдөлгөөн дундуур сүлжиж явах хэрэг гарах бөгөөд уран жолоодлого шаардлагатай. Энэ үед тулгардаг гол асуудал бол хүмүүсийн алхалтуудын хурдан удаан явах, нарийвтар замыг яг голлож явах, охидууд бол хэлхэлдэж өргөн фронтоор алхах, настай хүмүүс хэт удаан явах, хүүхдүүд нэг чигээ барьж явахгүй гэнэт чиглэлээ өөрчлөх, гэнэт гүйх гэх мэт олон асуудлууд байна. Бараг л явган явахдаа замынхаа нэг талыг шахаж алхаач ээ гэмээр санагдах бөгөөд энэ нь ч явган хүний эрх (зөв)-ийг арай ч хэтрүүлэн дарамталсан хэрэг болох биз. Энэ бүхэнд зохицуулж дугуй унана гэдэг бол бас л нэг нерв хөдөлгөх шинжтэй.

Машин замаар явах сонголт байх бөгөөд энэ үед машины хөдөлгөөний дүрмийг буюу гэрлэн дохиог сайтар мэдэх шаардлагатай. Хамгийн гол асуудал бол аюулгүй байдал. Хажуугаар маш хурдтай машинууд өнгөрөх үед заримдаа сүнс зайлах дөхөх юм. Зарим үед надад ямар ч зай өгөхгүйгээр машинууд зэрэгцэж явна. Машин замаар явах бол тэр чигтээ эрсдэл, ёстой л батгүй.

Дугуй унаж, ийш тийш явахад өгсүүр замд их ядрах юм. Нарны гүүр лүү өгсөх хэсэг дээр 30 метр дугуйгаа түрээд алхлаа ш д, бүр. Идэвхтэй хөдөлгөөн хийлгүй удсанаас болж дугуй унасны дараахь хоёр хөлийн булчингууд бахь шиг л хатуу. Уруу зам бол зүгээр диваажин. Хавар болж, гадаа дулаарч, түүн дээр нэмээд дугуй унах хөдөлгөөн хийхэд ядрахаас гадна халууцах, хөлс гарах бас нэг проблем. Хаана хэнтэй уулзах вэ гэдгээ бодож дугуйгаар явах уу яах уу гэдгээ шийдмээр.

Оффис, үйлчилгээний газруудын гадаа дугуй байрлуулахад хүндрэл учрах бөгөөд ихэвчлэн хашаанаас цоожилж таарах юм. Дугуйны цоож бол зайлшгүй хэрэгтэй зүйлүүдийн нэг юм байна. Түгжээгээ дугуйныхаа их биеэр ороож түгжих бас чухал. За тэгээд сайтар түгжсэн эсэхээ шалгах.

Өөрөө дугуй унаж явахад дугуй унаж яваа бусад хүмүүсийг маш соргог нүдээр хардаг юм байна. Би ч яахав шинэков учраас биедээ бол бэлтгэлгүй. Харин удаан дугуй унасан болов уу гэмээр хүмүүс бол хамгаалалтын малгай, зарим нь амны хаалт, бас зарим нь хуруу ил гарсан бээлий нтр хэрэглэх юм. Үүргэвч үүрвэл үүргэвчний хажуу карманд нь шингэн зүйл авч явах. Үнэхээр ч хоолой хатдаг юм билээ шүү.

Бие махбодын хувьд бол идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа нэг хэлбэр учраас бие чангарч, их аятайхан.

Харин оюуны хувьд биеийн хөдөлгөөн хийхгүй яваа шүү гэж өөртөө хэлдэг дарамтыг бүрэн арилгах шинжтэй байна. Мөн машин зам дээр хурдтай явж байхад хувь заяа чинь чиний гарт шүү гэсэн мэдрэмжийг төрүүлэх юм. Тэр мэдрэмж бол хэзээд хэрэгтэй.

Эцэст нь нэг л үг. ДУГУЙН ЗАМ!

Show your support

Clapping shows how much you appreciated Baatarchuluun’s story.