Мөрөн гол өөрөө саваа цэвэрлэж байдаг

Badamtsetseg 💎
Nov 2 · 4 min read

Ажил төрөл, ахуй хогшилдоо орооцолдсоор амьдрал хэмээх их далайд тэмцэн сэлэхдээ сэлж, урсан хөвөхдөө хөвсөөр цаг хугацааг эс анзаарна. Зарим мөчид гүнзгий амьсгалаад хуанлийн хуудсийг ажихад эгээ л энэ цаас хүчтэй салхинд үлээгдсэн мэт… Их эрт дэлгэж талд нь оруулчихаад,өнөө л сүүлийн хуудсыг имэрч дуусгав. Өглөө ийм таатай эхэлсэн…
Мянган захидал…22 настай бүсгүй анх анги дааж авахаас эхлээд, 24 хүүхдийн амьдрал цааш хэрхэн хөвөрч, багш бүсгүй хэрхэн төлөвшиж, хүн болж буйг өгүүлэх эл зохиол хачин чамин ганган биш бүр энгүй эв энгийн аж.
Ж.Пүрэв гуайн Зүрхний хилэн цээж огшоож, Хөгжмийн эгшиг нь зүрхэнд аялгуу хөглөж, Аянга нь сэтгэлийг минь ниргэсэн бол энэ өдөр тэр надад Мянган захидлаар дамжуулан хүн байхыг сургамжлах мэт…
Ж.Пүрэв гэх энэ агуу хүнийг амьд ахуй байсансан бол эрж хайгаад, үүдэнд нь хүлээж зогсоод барааг нь харчихвал… Аан их хүмүүн ийм л байдаг байх нь гэж бодоод гүнзгий санаа алдаад эргэн алхах үед сэтгэл ямар их уужрах бол доо… Тэр лав өөрийгөө хадгалж үлдсэн, нандин бүхнээ бусдаас хав нуусан хүн байсан биз. Аймар, уйлмаар, гэрээсээ гараад эзгүй хээрийг зүглэн гүймээр ч юм шиг хачин эвгүй мэдрэмж Мягмар багшид л ганцхан төрдөггүй юм шүү дээ… Онолын ном биш болохоор хүнд ярьж өгөхөд эгээ л боломжгүй юм. Сувдан үгээр хэлхсэн энгэрийн чамин зүүлт шиг энэ тансаг номыг хар даа гээд нэг сувдыг нь тасдаад тавьчихвал газраар нэг асгараад хөлөөр нэг хөглөрчих юм шиг хачин эвгүй мэдрэмж төрж байна. Тиймээс би нандигнанаа. 700 гаруй хуудастай номыг монгол хэлээр уншиж суухын оронд англи хэлээ хийж суусан бол амьдралд арай хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ л би ийм тансаглалд дуртай.
Зохиол дээр…”их багаасаа нөхөрлөсөн энэ хүүтэй та нар яагаад тийм дотно биш юм” гэж багш цал буурал болсон хойноо шавь нараасаа асуухад “хүн чанараар гологддог” юм аа хэмээнэ… учиргүй уйлан цөхрөөд байхаар биш ч эгээ л амьдралын хатуу боловч үнэнийг л энд өгүүлнэ.
Цаас шиг нимгэн, өд шиг хөнгөн сэтгэлтэй хүний санаа бодол амьдралын жаахан салхи үлээмэгц л ноорч урагдана. Ингэж эвдэрсэн хүний санаа бодол амьдралыг бохирдуулж байгаа хэрэг үү… Биеэ амар байлгаж хэт хялбархнаар амьдрах гэж зорьсон хүсэл шат алгасаж харайх хүсэл төрүүлнэ. Ингэхдээ унаж ойчиж биеэ бэртээн, сэтгэлээ эвдэж байна уу.
Амьдрал яг л хүүхдийн сэтгэн бодож байгаа шиг тийм сүүдэргүй, гэгээ гэрлээн дүүрэн байдагсан…Аяа ямар сайхан байхсан бол.
Амьдралыг тунгалаг устай, их гүнзгий, цэлэлзсэн сайхан мөрөн байна гэж төсөөлье. Тэр мөрөн гол саваа дагаад л, эрэгтэй хашигдаад заримдаа үерлэн, заримдаа ч хэвээрээ урсдаг замаараа урссаар л байгаа. Тэр урсгалыг хэн ч зогсоохгүй. Энэ мөрний усыг гатлан явагчид бохирдуулахгүй, түүн рүү хог новш хаядаггүй бол ямар хичнээн тунгалаг, хэчнээн шимтэй, дотор нь түм буман загас үржин, ямар сайхан бол. Гэхдээ урсгал нь эргээ нүдэж байдаг энэ их далайд хүн эвдрэх нь олон янз аж. Зарим хүмүүс голд хог хаяж, тэр хог нь усанд ялзран улам муухай үнэртэй болоод, түүнд нь элдэв хортой нян хорхой үржээд, таних, танихгүй өвчин үүсгэж, тэр усыг хэрэглэсэн хүмүүсийг өвтгөдөг байх. Би ч амьдрал хэмээх энэ их усан далайд санаатай, санамсаргүй хог хаяж булингартуулж яваа эрээ бараагүй, арчаагүй нэгэн хүмүүний хэлтэрхий ч юм шиг. Бидний хаясан хог голд шумбан сэлж яваа загас жараахайнуудыг хордуулан үхүүлж, тэдний тэжээлийг бохирдуулан муутгасаар л байгаа…
Гэвч…Мөрөн гол даган саваа цэвэрлэж байдаг. Савандаа багтаж ядаж урсаж байгаа амьдралын их мөрөн цэвэр тунгалгаар мяралзаж цэлэлзсээр яваад эргэлзэх юм байхгүй. Бусдын хаяж шидсэн хог новшийг ширүүн урсгалынхаа хүчээр гадагш хөөн гаргаж хаясаар байгаа нь лавтай. Энэ бол байгалийн хууль. Тэгэхээр авч яваа элдэв юм аа даахгүйгээс болоод ч юм уу, өрөөл бусдын хүчин оролцоотойгоор ч юм уу, элдэв түмэн шалтгаанаар амьдралын их мөрний усыг бохирдуулахаар хог новшоо санаатай, санамсаргүйгээр түүнд хаяна гэдэг буруу хэрэг болох төдийхөн биш. Цаашдаа явах газаргүй, тэжээгдэх үр үндэсгүй, харин өөрөө л хог новш болж арчигдан цэвэрлэгдэх жамтай зүйл болж таарах нь. Вандансэнгээ гэхдээ сүүлд ухаарсаан. Тийм гэхийн аргагүй тийм л нэг таатай мэдрэмж, таатай хөндүүр төрөв.
Хөгжмийн эгшиг зохиолыг би эх орноо гэсэн амин мэдрэмжийн илэрхийлэл гэж боддог. Харин Аянга бол өнөө би хэн байхаас хамаарч өөрөө өөрийгөө хэзээ нэг өдөр ниргэх, сэтгэлийн аянга байсан. Мянган захидал бол-Чи хог хаяж байгаа бол чи өөрөө л хог гэдгийг заах болно. Мянган захидал-Бусдын мэдлэгээр өөрийгөө гоёсон биш өөрийн мөн чанараар өөрийгөө тэтгэсэн чанартай хүн байхыг л ойлгуулах байх. Их хүний зохиол их олон салаа замаар урсаж, хүмүүний өөрийн шанагадан авах оюуны савны хэмжээнээс хамаарч сэтгэл рүү нь урсах биз дээ.
Хүмүүний их хувийг олж ирсэн хариуд бид сэтгэлийн асар их хатуужил, үзэмжийн их мэргэн ухаан зарах ёстой юм болов уу даа…
Эцэст нь… Би гайхамшигтай бүтээлүүдийг уншихаас өөр юу ч хиймээргүй байна.
Хүмүүстэй биш амьтадтай ярилцаад, нийгэмд биш байгальд амьдармаар…

    Badamtsetseg 💎

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade