УХААН СУУХ БОЛООГҮЙ БАЙНА ДАА…

Ухаан гэж чухам юу вэ?, Тодорхойлоход төвөгтэй хирнээ ихээхэн сонирхол татдаг.

“Оюун ухаан бол тодорхой хүрээнд олж авсан дадал, туршлагыг хуримтлуулан шингээж авах чадвар юм. Мөн оюуны үйл нь хүрээлэн буй орчинд зохицох явдал гэдэг нь эргэлзээгүй билээ. Шинэ дадал, туршлага нь хүчин чадал, зуршлыг шинэ элементтэй зохицон өөрчлөгдөхөд хүргэдэг тул дадал, туршлагыг хуримтлуулан шингээх үйл нь үргэлж дундрашгүй баян байдаг”

“Ухаан суух” нь цаг хугацаанаас хамаардаг уу? Хэдий чинээ их цаг хугацаа өнгөрнө тэр хирээр ухаан суух бус уу? Гэтэл харагдах нүүр нь үрчийж олон юм үзэж амьдралын эрээн бараан, сайн сайхан бүхнийг туулсан нэгнийг хараад их л ухаан суусан хүн байна даа гэтэл үгүй байх, гэтэл дөнгөж нахиалж яваа насанд амьдралын хатуу хүтүү үнэнтэй нүүр тулж амьдралыг ухаарах , ойлгох ухаан суусан гэмээр танхил залуухан нэгэн ч явах. Тэгэхээр цаг хугацаанаас хамаарна гэдэг харьцангуй ойлголт байх нь.

Тэгвэл ямар тохиол, ямар үйл болох ахуйд бүрэн дүүрэн ухаан суух бол? Ер нь бүрэн дүүрэн ухаан суух гэж байх юмуу? Зовлон гунигтай учрах агшинд уу?, аз жаргалаар дүүрэн бялхах үед үү?, эсвэл амьдрал өөрөө тэр чигтээ ухаан суух хичээл гээд явах бодролд уу?

Монгол хэлний тайлбар толь бичигт УХААН СУУХ- “юмны учир начрыг ухааран ойлгодог болох, буурь суурьтай болох” гэж тайлбарласан байна. Амьдралд тохиох агшин бүр хүнд ямар нэг утга, ухаарлыг үргэлж агуулж байдаг бололтой. Гагцхүү түүнийг ойлгох, ухамсарлах нь “ухаан суухын эхлэл” болно.

Ухаан суух эхлэлийн үндэс нь өөрийгөө шинжлэхээс эхлэлтэй юмсанж. Ухаан сууж байна уу даа гэх бодролоос өөрийгөө шинжлэх аваас огт үгүй юмсанж.

Show your support

Clapping shows how much you appreciated Bella’s story.