Булчинлаг залуус гоё тээ?
Хэн нэгэн танд “Найз нь жим-д явж булчинтай боллоо” гэж хэлэхэд юу гэж бодогддог вэ? Надад лав за энэ нөхөр ч “cool” харагдахаар шийдэж дээ л гэж бодогддог байлаа. Гэтэл булчинтай болно гэдэг чинь усан үзэм шиг харагдана гэдгээс шал өөр ойлголт болохыг хэд хэдэн тохиолдлоор ухаарч авлаа.
Анх ширээний теннис сурч эхлэхэд найз маань шууны булчин чангалдаг баздаг хэрэгсэл авчихаад “Би шууны булчингаа чангалж байгаад tops /topspin буюу бөмбөгийг дээш эргүүлэх/ хийж сурна” гэдэг байлаа. Ингэхэд анх “Аан нээрээ энэ булчин сайн байвал богино зайнд бөмбөгийг хүчтэй үрж, сайн эргүүлэг хийж болох юм байна” гэж чин сэтгэлээсээ ойлгосон. Булчингаа хөгжүүлэх нь ер нь чухал юм байна гэсэн ойлголт энд анх төрсөн юм.
Дөнгөж 20 хүрч байж нуруу маань өвддөг болоод байв. Эхэндээ ч хөшиж, чилж өвддөг байснаа сүүлдээ өвдөлт нь бүр ихсэж, удалгүй өвчин намдаагч уухгүй бол унтаж чадахгүй болтлоо өвддөг болов. Зөвхөн нуруу өвддөг байсан нь хөлөөрөө гишгэхэд нуруу руу өвдөх гэх мэтээр даамжирч эхлэхэд нь би анх эмнэлэгт үзүүлж байсан юм. Нурууны MRI хийлгээд эмчээс зөвлөгөө авлаа. Азаар ноцтой зүйлгүй гэсэн дээ.
Ер нь яагаад миний нуруу ингээд өвдчихөв? Ямар хүнд юм өргөж хар бор ажил хийдэг биш дээ? Бас хэт их илүүдэл жин гээд байх юм байхгүй. Нуруу өвдөнө гэдэг чинь хөгшин хүмүүсийн л асуудал баймаар юм гэх мэт олон бодлын хариулт нь “Булчингийн хөгжил дутуу” гэсэн эмчийн тайлбар байлаа. Нуруу болон гэдэсний булчин хөгжил султай учир биеийн жингээрээ шууд ясанд ачаалал өгч тэр нь нуруунд суулт өгөх, бүр хүндэрвэл мэдрэлийн судлыг дарж хөлийн мэдрэлээ алхах хүртэл эрсдэлд хүргэдэг юм байна. Эмч хэд хэдэн зөвлөгөө өгсөн нь:
- Суухдаа хөл дороо 1 сөөм хэртэй зүйл эвж сууж бай.
- Эгц дээш харж хэвтэхдээ өвдөгөө 90 градус нугалах хэмжээний юм эв.
- Хажуу тийш харж хэвтэхдээ 2 хөлийн завсраар дэр хавчуулж аль нэг хөл нь нөгөө рүүгээ налсан зүйлгүй эгц болго.
- Нуруу хөшсөн үед огцом хөдөлгөх, хүчтэй савах, сэгсрэх зэрэг үйлдэл хийж болохгүй.
- Суудлын ажил хийдэг бол 30 минут тутамд босож хөнгөн дасгал хий. гэх мэтийн зөвлөгөө байлаа.
Тэр дундаас хамгийн урт хугацааны бөгөөд чухал нь “Булчингаа хөгжүүл” гэсэн зөвлөгөө байв. Дасгал хийж нуруу гэдэсний булчингаа хөгжүүл. Ялангуяа иога эсвэл усанд сэлэлтээр хичээллэх нь нуруунд тустай. Булчин чинь хөгжөөд ирэхээр аяндаа буруу суулт, алхаа гишгээ чинь засагдаад нуруу чинь амраад ирнэ. Ингэж урт хугацаандаа өөрийгөө хамгаалахгүй бол нурууны суулт улам ихсэж, мэдрэлийн судлаа дарж өнөөх дурдсан хөлгүй болох аюул руу дөхнө гэв. Ингээд өмнө нь тийм ч анхаарч байгаагүй зүйл болох “булчинлаг болох” алхмуудаа хийж эхлэлээ.
Булчин гэдэг зүйл чинь харах, барихаас шаал өөр зориулалттай юм байна лээ шүү. Хөгшрөөд ирэхээр өөрийн бие чинь хүртэл хүссэнээрээ хөдлөхөө болиод ирэхээс сэргийлж булчинлаг гоё залуу болоорой ;)