О.Байгалмаа: Хайрыг хэн илүү бүтээж байна, тэр хүн л илүү утга учиртай амьдардаг юм шиг

Batchimeg Bataa
Nov 1 · 12 min read
Бүтээж байгаа хайраараа утга учир дүүрэн амьдарч яваа энэ үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцацгаая.

Хүн өөрийгөө олохоос илүү бүтээх гэж хичээвэл амар байх байхаа гэж нэг хүн хэлсэн байсан. Тэгвэл өнөөдрийг хүртэл Байгалаагийн бүтээсэн өөрийгөө хэрхэн тодорхойлж хэлэх вэ?

Тэр бүтээж ирсэн хүн маань ямартай ч өөртөө үнэнч байхыг хичээж ирсэн болов уу. Багадаа их шудрага хүүхэд байсан. 5 дугаар ангид болсон явдлыг санаж байна. Сургуулиас шилжих үедээ ангийн хүүхдүүдээс зээлсэн мөнгөө заавал буцааж өгөх хэрэгтэй гээд хэн хэнд, хэдийг өгөхөө цаасан дээр бичээд ээждээ өгч явуулсан. Нөгөө хүүхдүүд маань зээлсэн мөнгөө шагнал авч байгаа аятай авч байсан гэдэг. Тэр үед багш маань “Энэ бол та нарт үнэнч шудрага байхын үлгэр дуурайллыг харуулж байна. Найз чинь та нартай дахиад уулзахгүй ч гэсэн та нараас авсан зүйлээ буцаагаад өгч байна гэдэг маш том үнэт чанар шүү гэж хэлсэн” гэсэн. Том болох тусам өөртөө ч, бусдад ч шудрага байх нь их чухал зүйл юм байна гэдгийг ойлгож тэр зүйлээр дамжуулан өөрийгөө бүтээж ирсэн.

Мэдээж гэр бүл их чухал нөлөөтэй. Ээж аавын гаргаж байгаа жижиг гэлтгүй үйлдлийг хараад энэ миний төлөө гэж бодохоор агуу санагддаг. Өөрийгөө их хайран дунд өссөн юм байна даа гэж боддог. Эргээд тэр хайрыг бусдад түгээхийг хүсдэг. Миний амьдралын төв нь хайр гэж боддог учраас хийж байгаа ажилдаа ч сэтгэлээ шингээгээд, хүмүүстэй харилцахдаа ч сэтгэлээ шингээж эргэн тойрны хүрээлэлдээ сайныг үлдээх юмсан, сайхныг бүтээх юмсан гэж сэтгэл зүрхэндээ бодож явдаг.

Чиний дайчин, өөртөө итгэлтэй чанар ээжээс чинь илүү давамгайлсан юм шиг санагддаг. Хүн ямархуу зан төлөв, хандлагатай болж төлөвшихөд гэр бүлийн орчин, харилцаа их чухал. Тэгэхээр ээж аавынхаа талаар, тэдний чамайг өсгөхдөө баримталдаг байсан зүйлсийн талаар ярьвал?

Бидний цагаа хамгийн их хамт өнгөрүүлж, суралцаж байдаг хүмүүс бол бидний гэр бүл. Ээж маань их дайчин, эрч хүч нь мэдрэгдэж байдаг тийм хүн. Сэтгэлээр унасан үед ээжтэйгээ найзтайгаа ярилцаж байгаа юм шиг чөлөөтэй ярилцчихаар дотор сайхан онгойгоод, асуудлынхаа гарц шийдлийг олчихдог. Гэхдээ нэг ийм үг байдаг даа. “Уучлаарай би их олон сул талтай. Энэ дэлхий дээр анх удаа амьдарч байгаа болохоор сул талуудыг маань ойлгоорой” гэсэн агуулгатай. Тэгэхээр ээж аавд маань ч бас давуу тал бас сул тал, алдаж оносон зүйлс байгаа байх.

Ер нь аав нар аливаа зүйл дээр чимээгүй сонсож байгаад ганц оновчтой үг хэлээд босгочихдог доо. Аав маань яг л ингэдэг. Амар зүйл гэж юу байхав дээ гэж хэлээд л намайг босгочихдог.

Тэгэхээр хүмүүжлийн гол зарчим нь их сайн ярилцдаг байсан гэж ойлгож болох уу?

Ээжтэйгээ найзууд шиг байдаг, чөлөөтэй ярилцдаг. Бүх цаг хугацааны туршид миний хамгийн сайн ар тал байсан. Хэзээд намайг ойлгодог хүмүүс. Аав чимээгүй байж байгаад ганц оновчтой үг хэлчихдэг бол ээж чи үүнээс илүүг чадна гэдгийг харцаараа эсвэл үйл хөдлөлөөрөө харуулчихдаг. Тэр нь надад их зориг өгдөг.

Өөрийнхөө тухай хүнээс сонсож байсан хамгийн сайхан үгс ямар үгс байдаг вэ? Эсвэл авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хичээлийн сүүлийн өдөр багшийнхаа хэлсэн үгийг бодож явдаг. Та нар одоо нэг даваагаа давчихлаа. Дараагийн даваанууд та нарын өмнө гарч ирнэ. Гэхдээ дараагийн давааагаа давах мөчид өнгөрсөн тэр даваанууд чинь ямар хялбар байсан юм бэ гэдгийг ойлгоно. Тийм учраас цаг хугацаа өнгөрөх тусам та нарт ирэх хариуцлага, даваанууд чинь илүү өргөн цар хүрээтэй, илүү сорьсон зүйл байх юм шүү. Энэ өнгөрсөн 4-н жилийн хугацаанд болсон сорилтууд та нарын дараагийн том зүйлийг бүтээх суурь байсан юм шүү гэдгийг бодож яваарай гэж хэлж байсан. Хэцүү даалгавар авах үедээ тэр үгийг санадаг. Би сайн багш нарыг хэзээ ч мартаж болохгүй гэж боддог шүү.

Бас нүүр номын нэг найзаас ирсэн төрсөн өдрийн мэндчилгээнд “Сайн танихгүй боловч нэгэн гэгээлэг, хөөрхөн охин байдаг гэж мэддэг юм аа. Төрсөн өдрийн мэнд хүргэе, ГЭГЭЭ МИНЬ” гэж ирүүлсэн байсан. Энэ надад их сайхан санагдсан. Хүсч явдаг зүйлсийг минь хүмүүс үгээрээ илэрхийлээд хэлчих үед нээрээ л би тэр зүйлийнхээ дагуу явж байгаа, түүнийгээ тодорхой хэмжээнд харуулж байгаа юм байна гэдэг хүчийг авдаг.

Чи түрүүн сайн багшийг мартаж болохгүй гэж хэлсэн дээ. Тэрэн шиг чиний амьдралд санаанаас чинь гардаггүй, нөлөөлөл үзүүлж чадсан тийм хүн байдаг уу?

Гэр бүлийн хүмүүс маань үргэлжид байна. Амьдралынхаа явцад олж авсан хүмүүс гэвэл та хоёр байна. Зөв, эерэг нөлөөлөл, мотивацыг өгч чаддаг хүмүүс дээ гэж боддог. Бас зүрхний андууд маань байна. Ямар ч үед бие биедээ дэм өгч чаддаг хүмүүс.

Ер нь зөв сайхан зүйлийг хийж бүтээж байгаа хүмүүсээс урам авдаг. Би нэг юманд хязгаарлагдахыг хүсдэггүй. Хүн болгонд сайн чанар байдаг. Энэ хүний хамгийн сайхан чанар нь юу юм бэ гээд харахаар гараад л ирдэг. Тэр надад байгаа юу гээд бодоход байвал хамтдаа цэцэглээд энэ нийгмийг гоё болгох юм шиг санагддаг. Хэрэв байхгүй бол тэр хүнээс суралцах ёстой юм байна гэж хардаг. Аль болох юмнаас эерэг талыг нь олж харж суралцахыг хичээдэг.

Чи сайн дурын ажлыг нэлээдгүй хугацаанд хийж ямар байдгийг нь мэдэрсэн. Тэгэхээр сайн дурын ажлын үнэ цэнийн талаар ярьвал? Бас тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач.
Сайн дурын ажилд оролцоод бараг 9-н жил болж байна. Энэ зүйл намайг нийгмийн харилцаанд илүү орох, нийгмийн асуудлууд юу байгаа вэ? гэдгийг харах гол хөшүүрэг болсон. Эргээд харвал хийж байсан ажлууд маань хүүхдийн боловсрол болон байгаль орчны асуудлууд руу чиглэж байсан. Одоо ч энэ хоёр асуудал дээр би эмзэг, нухацтай ханддаг. Тэр асуудлын гүн лүү нь ороод мэдчихсэн, асуудлын гол шалтгаанууд нь юу вэ гэдгийг харсан учраас тэгдэг байх.

Сүүлд сайн дурын ажил хийснээрээ бахархсан зүйл гэвэл 2009 vs 2019 гэсэн харьцуулсан зураг байсан. 2009 онд хүүхдийн баяраар талбай дээр аймаар их хогтой байсан бол 2019 онд бараг хоггүй болчихсон байгаа дүр зураг. Тэр үед өөрөөрөө, хамтдаа бүтээлцсэн найзуудаараа их бахархсан. Яагаад гэхээр хог хаяж болохгүй гэдгийг ойлгуулахын төлөө бид их олон зүйлийг хийсэн. Баяраар баярлах ч завгүй хог битгий хаяарай гээд л талбай дээр уриалаад, хогоо хамтдаа цэвэрлэж байсны үр дүн гарлаа даа гэж бодоод баярлаад уйлмаар санагдсан шүү /инээв/.

Байгаль орчин, хүүхдийн боловсрол гээд томоор нь харвал эцсийн дүндээ хүмүүсийн хандлагыг өөрчлөх зүйлс хийж байсан юм байна даа гэж боддог. Нэг талаасаа хүмүүсийн хандлагыг өөрчлөх гэдэг хэцүү зүйл боловч тэр зүйлийг зориглоод хийж чадсан болов уу. Мэдээж цаашдаа ч үүнийг хийсээр л байх болно.

Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж гэвэл анх гэр хорооллын хүүхдүүдэд номын сан байгуулж өгөхөөр номын хандивын аян зохион байгуулж, айлуудаар явж ном цуглуулж байсан. 12 давхар орон сууцны айл бүрээр орж явсаар их олон номтой болчихсон, өөрөө их ядарчихсан байсан ч гоё зүйл хийж байгаа шүү гэж бодоод урам авч байсан.

Мөн бусад улсын соёлоос суралцах, өөрийн улсын өв соёлоо танилцуулах богино хугацааны ‘сорилтот хөтөлбөр’-т хамрагдаж 5-н орноор явсан. Тэнд л боловсролын үнэ цэн гэдгийг хүчтэй мэдэрсэн. Азийн хөгжилтэй улс оронд очоод манай улс яагаад ийм биш байгаан гэж атаархах бас голох мэдрэмж төрсөн. Дараа нь манай орноос хөгжил буурай Лаос, Камбожид очоод улс маань хөгжих гээд явж байгаа юм байна, хөгжүүлэх хүмүүс нь бид нар өөрсдөө учраас хичээх хэрэгтэй юм байна гэдгийг соёлын ялгаануудаар дамжуулан мэдэрч байлаа.

Сайн дурын ажил хийснээр миний олж авсан хамгийн том зүйл бол эерэг хандлага. Хүмүүс намайг чи яаж ийм эерэг хандлагатай байгаад байдаг юм бэ гэж асуудаг, ийм төлөвшлийг бий болгоно гэдэг хэцүү гэж ярьдаг. Миний хувьд энэ нь надад байх ёстой зүйл гээд ойлгочихсон учраас тэгэж асуухаар гайхдаг байлаа. Гэтэл эерэг хандлага гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс ч байх боломжтой юм байна гэдгийг мэдэж авсан.

Хамгийн их анхаардаг боловсрол болоод байгаль орчны асуудлыг бууруулахад чиний хийж чадах жижиг ч хамаагүй алхам юу байх вэ?

Миний эргэн тойронд байгаа дүү нартаа, өөр ойр харилцаж байгаа хүмүүстээ эхлээд нөлөөлөх, өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй гэж боддог.

Энэ хоёр асуудал ч хоорондоо уялдаатай. Хэрвээ зөв хандлагатай, боловсрол мэдлэгтэй хүн байх юм бол байгаль орчинд ямар нэгэн хор уршиг тарихгүй. Энэ хогийг хаялаа гэхэд ямар хор уршигтай байх вэ гэдгийг мэддэг хүн болж төлөвшинө гэсэн үг.

Чи бас боломжийн хэмжээнд уншчихдаг ш дээ. Ер нь ямархуу төрлийн ном уншдаг вэ? Чамайг номонд дурлуулсан ном ямар ном байна?

Алхимичийг уншаад номонд дурласан юм болов уу. Бас найз Орчлон маань их нөлөөлсөн. Ярьж хэлж байгаа зүйлсээс маань хүмүүс намайг их уншдаг гэж боддог юм шиг байгаан. Ном уншихаас гадна хийж байсан зүйлсээрээ дамжуулан мэдлэг олж авсан гэх юм уу. Юмыг анхааралтай сонсоод энэ чухал хэрэгтэй юм байна гээд тогтоогоод авчихдаг. Тэгээд тэрийгээ ярихаар ном их уншдаг юм байна гэж боддог байх.

Сайнаас агууд дэвшихүй гэдэг ном их гоё. Энэ номон дээр гардаг сод ухаантаны загвар гэж байдаг. Тэрэн дээр ямар ч компани, хамт олон, баг бүгд тэгш оролцоотой байх ёстой гэдэг. Нэг хүн давамгайлж оролцоод, түүний үзэл санаа даваад ирэхээр тэр хүн байхгүй үед нөгөө хэд нь тэнцвэр алддаг гэсэн агуулгатай. Эндээс тэгш оролцоотой байх нь чухал юм байна гэдгийг сурсан.

Бас зараа концепци гэж бий. Үнэг олон зорилго руу үсчиж явдаг бол зараа нэг л зорилго дээр төвлөрдөг. Үнэг дайрлаа гэхэд зараа өргөсөө босгоод өөрийгөө хамгаалдаг. Тиймээс үнэгт хэзээ ч баригддаггүй гэдэг.

Зараагийн төвлөрөх чадвар шиг чиний хамгийн сайн хийж чадах зүйл юу вэ?

Ер нь юмыг удирдан зохион байгуулах, бусдыг сонсохдоо сайн. Хүмүүстэй сайн ярилцаж тархины түгжээг мултлах гэдэг шиг сэтгэлийнх нь түгжээг ч мулталж байх хэрэгтэй гэж боддог. Хэн нэгэн надтай ярилцаж байвал түүний оронд байгаа юм шиг сонсохыг их хичээдэг. Хүмүүс надтай танилцаад удаагүй ч надад итгэж сэтгэл дэх зүйлсээ ярьдаг. Тэр итгэлийг нь алдахгүй байхсан гэж боддог.

Өөр чамайг жаргалтай болгодог зүйлс?

Би юмыг бүтээлчээр хийхийг хүсдэг. Хэвшсэн уламжлалт зүйлс ерөөсөө таалагддаггүй. Тэгэхээр бүтээлч байдал надад их зүйлсийг өгдөг.

Photo by JoelValve

Маш их аз жаргалтай болгодог зүйл бол бүжиг юм байна /инээв/. Цоглог ая сонсохоор өөрийн эрхгүй дотроосоо сэргэдэг. Бүжиг хүмүүсийг ойртуулж өгдөг гэдэг утгаараа бас угаасаа төрөлх чанар байдаг юм аа /инээв/. Гэртээ дүү нартайгаа хааяа ая тавиад хамт бүжиглэхээр үнэхээр аз жаргалтай болдог. Бас өөрийн мэддэг, чаддаг зүйлсээ бусадтай хуваалцах их дуртай.

Өөр зөндөө зүйл байна л даа. Гэхдээ дуртай гээд хэлчихээр үргэлж тийм байдаггүй. Бичих дуртай ч заримдаа дургүй болчихдог. Туйлын зүйл гэж байхгүй, юм бүхэн хоёр талтай. Тухайн цаг үеийн онцлогоос хамаараад дуртай дургүй зүйлс хөрвөдөг байж магадгүй юм.

Аялал бас чиний салшгүй нэг хэсэг болж байгаа шүү дээ. Эх орноороо бас гадаад орноор тодорхой хэмжээнд аялсан. Түүнээсээ улбаалаад аялалын тухай нэг сайхан яриач. Хамгийн сэтгэлд үлдсэн аялал нь ямар аялал байв?

Хүмүүс аялал өөрийгөө таних боломж олгодог гэж ярьдаг. Тэр бол яах аргагүй үнэн. Хэцүү нөхцөл байдал тулгарна бас сайхан зүйлс тохионо. Өмнөх аялалын туршлагуудаа бодоод үзэхэд тэр болгонд би ямар сэтгэл хөдлөл гаргаж байна эсвэл тэр нөхцөлд арга эвийг нь хэрхэн олж, шийдвэрлэж байна гэх зэрэг зүйлсийг олж хардаг юм шиг санагдсан.

Одоо бидний хийж байгаа аялалаас би юу ойлгоод байна вэ гэвэл нэг талаасааа хүн өөрийгөө танина. Нөгөөтэйгүүр хүн хүнээсээ илүү суралцах, хүн хүнээ таньж мэдэх гэдэг зүйл байна. Бас байгалаа илүү хайрлаж түүнээс суралцах нь өөрөө их чухал юм гэдгийг ойлгосон. Хамт аялаж байхдаа би та хоёрыг зүгээр хайрлаад л байдаг. Дэргэд байгаад, хамт аялаад сайхан зүйлсийг бүтээж байгаа нь надад их хайрламаар байдаг, тэр цаг хугацаанд талархмаар.

Мөн бидний аялалд уулзаж байгаа, бидний нэг хэсэг болж байгаа тэр хүмүүсээс суралцмаар. Тэр хүмүүст бас эргээд сайхан зүйлийг үлдээгээд явах ёстой юм шиг санагддаг.

Эх орноороо аялаж байгаагийн үнэ цэн нь томоор нь харвал эдийн засгийн мөнгөн урсгалыг дотооддоо оруулж байна /инээв/. Хувь хүн талаасаа харвал эх орноо хайрлах нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон. Тэгээд бас эргэн тойронд байгаа хүмүүс маань биднийг хараад энэ чинь зөв юм байна ш дээ гэж мэдрээд тэр нөлөөллийг авч байгаагаас энэ аялалын хамгийн том үр дүн гарч байна даа гэж бодож байгаа.

Бүгд л сэтгэлд үлдсэн гоё мөчүүд байна. Тэднээс хамгийн сэтгэл догдлуулсан нь Сэлэнгийн аялал байсан. Энэ аялалыг илүү амталж, мэдэрч чадсан санагдаж байгаа.

Одоо хаашаа аяламаар байна?

Зөндөө олон газар байна. Увс аймаг, Баян-Өлгий, Ховд гэх мэт. Гэхдээ ихэвчлэн хол явчихсан болохоор одоо арай ойрхон газрууд руу эсвэл яг миний эргэн тойронд байгаа газрууд руу аялаж, яг хажууд байгаа зүйлсээ мэдрэхийг хүсч байна. Хотын аялал хийж болно. Бид амьдарч байгаа газраа мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй. Хот бол бидний гэр. Бид гэрээ яагаад хайрлаж чадахгүй байна гэж бодогдоод байдаг. Тиймээс эргэн тойрон байгаа зүйлсээ илүү харж мэдэрмээр байна.

Чиний ярианд хайр гэдэг үг их гарч байна л даа. Амьдралынхаа төвийг ч хайр гэж боддог гэж хэлсэн. Хайрын тухай яриач.

Хайр чинь ер нь гоё шүү дээ /инээв/. Амьдралын утга учир их эд хөрөнгө, эрх мэдэлтэй болох биш, хайрыг хэн илүү бүтээж байна тэр хүн л илүү утга учиртай амьдардаг юм шиг санагдсан. Миний ээж бол хайрыг их түгээдэг, хайр дүүрэн хүн. Тэр шинж чанараас нь суралцдаг. Нөгөө талаасаа сайн дурын ажил хийж байхад хүнд хэцүү зүйлс тохиолдож байсан ч тусалж байгаа хүмүүсээ гэх хайр байсан учраас л бид тэр бүгдийг хийж чадсан гэж боддог. Хүмүүс хайр гээд ярихаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эсвэл ээж аавын хайр л гэж ихэнхдээ өрөөсгөл хандаад байдаг. Гэтэл үүнд хүнээс гадна эд зүйлсээ, оршин байгаа цаг хугацааг ч хайрлах орно. Хийсвэр юм шиг сонсогдож байгаа ч бодитой болгоё гээд харангуут тэр нь ямар нэгэн үйлдэл болоод гарч л байдаг зүйл.

Хиймэл оюун ухаан цаашид бүх зүйлийг орлоно гэж ярьж байгаа ч хайр л гагцхүү үлдэнэ, хайр л энэ бүгдийг авч үлдэнэ гэдэгт Жек Ма, Элон Маск хоёр санал нийлсэн байсан. Хүнийг хүн байлгаж байгаа зүйл хайр л байдаг шүү дээ. Тэгэхээр эргэн тойрондоо хайрыг түгээдэг хүн байхыг хүсдэг. Сайхан үг хэлж байгаа нь ч тэр хүнийг хайрлаж байгаагийн илрэл юм шүү.

Тэгвэл ямар залуутай сууна гэж боддог вэ?

Маш гоё инээмсэглэж чаддаг залуу байгаасай гэж боддог. Өөрөө инээж байна гэдэг чинь нөгөө хүнээ бас инээлгэхийг хүснэ гэсэн үг ш дээ. Инээднийхээ үнэ цэнийг мэдэж байгаа, хайртай хүмүүсээ бас инээлгэхийг хүсэх, эргээд тэр инээмсэглэлээс аз жаргалыг мэдрэх юм гээд амьдралд хайртай тэр хүний мөн чанар инээмсэглэл дээр нь гарч ирэх юм болов уу гэж боддог.

Чиний хийж үзэж байсан хамгийн эрсдэлтэй эсвэл хөгжилтэй зүйл юу байдаг вэ? Эсвэл хийж үзмээр байдаг тийм зүйлс?

Хамгийн эрсдэлтэй хэрнээ тэр нь надад зориг өгсөн гэвэл 5-н орноор аялсан аялал. Аялахаар явахдаа үүргэвчээ үүрээд гэрээсээ сургууль руу явж байгаа юм шиг л баяртай манайхаан гээд явж байсан. Яваад хоёр хоносны дараа гэрийнхэн холбоо барихгүй болохоор санаа нь их зовчихсон байсан. Би харин Хятадад юу ч бодсон зүйлгүй сайхан явж байлаа. Ингэж явснаар юмыг харах өнцөг маань өөрчлөгдсөн учраас хүн зоригтой, эрсдэлтэй алхамыг хийж байх хэрэгтэй юм байна гэж боддог.

Гэхдээ ер нь эрсдэлтэй алхамыг ч ухаалаг хийх хэрэгтэй. Сүүлийн хоёр гурван жилд их янз янзын зүйлс хийж үзсэн байна. Өөрийнхөө хийж чадахгүй гэж бодож байгаа ч хийж үзэхийг хүсдэг зүйлсээ бага багаар хийж байгаа. Уснаас айдаг байсан ч усан бассейнд явж үзсэн. Айдастайгаа нүүр тулах ямар чухал юм бэ гэдгийг бассейнд сурч байхдаа ойлгосон. Хэрвээ сэтгэл хямарч байвал бүр тултал нь бас хямарч үзье тэгээд юу болохыг нь харья гэж бас оролдож байна.

Ер нь иймэрхүү нөхцөлд чи яаж сэргэдэг вэ? Юу чамайг босгож ирдэг вэ?

Ийм нөхцөл үүсэхэд би юу бүтээгээд, юунаас сайхан мэдрэмж авч байснаа боддог. 4-н айлыг гэртэй болгох гэж сарын хугацаанд хандив цуглуулах болсон. Хандив өгч байгаа хүмүүсээс янз янзын харц, хандлагыг мэдэрч байх үедээ гутармаар мэдрэмж авч байсан. Гэхдээ л нөгөө айлын хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжих гэж байгаа шүү гэсэн тэр мотивацаараа өөрийгөө дарж байсан. Хувь хүн талаасаа харангуут би өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй байсан. Хэцүү ч даваад гарсан, тэр хүмүүст тусалж чадсан болохоор тэр үе одоо их гоё санагддаг бас надад босох хүчийг өгдөг.

Тэгвэл чиний зорьж байгаа хамгийн том зүйл, мөрөөдөл чинь юу вэ?

Алсдаа бол боловсролын салбарт ажиллана. Боловсрол юм уу нийгмийн салбарт нэг хэрэгтэй хүн нь байх юмсан л гэж боддог. Ойрын зорилго гэвэл технологийн талаар илүү ихийг мэдмээр байна. Гадны боловсролоос бас суралцахыг хүсч байна.

Залуу хүний хувьд манай Монгол залуучууд ямар байх хэрэгтэй санагдаж байна?

Залуучууд ер нь их эерэг болж байгаа. Өрсөлддөг биш илүү хуваалцдаг, дэмжиж хамтардаг, ойлгодог, зөв, эерэг байя гэдэг тал руу их чиглэдэг болсон.

Монгол гээд томоор нь харвал бид нэг баг, хамт олон. Тэгэхээр дэлхийн бусад орны залуустай эн зэрэгцээд суралцаж чадах юм бол бид эх орондоо ихийг бүтээж чадна. Монгол залуус бие биенээ дэмждэг, хамтардаг байя гэж хэлмээр байна /инээв/.

Тэгвэл нэг сайхан үг хэлээд яриагаа өндөрлөе.

Эргэн тойрон байгаа зүйлсээс сайн сайхан, гэрэл гэгээг олж харахгүй байвал өөрөө тэр гэрэл нь байгаарай гэдэг энэ үг их гоё санагддаг. Өөрөөсөө гэрэл гэгээг цацруулж байгаарай.

Бүгдээрээ нэгнээ дэмжиж, ойлгож, илүү их хайрыг түгээж жаргалтай амьдарцгаая.

    Batchimeg Bataa

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade