Энэ зун би юу амжуулав?

Манзушир хийдийн аялал
Удаан ярилцаж төлөвлөсөн эхний аялалаа Төв аймгийн Зуунмод хотоос хойш 8 км зайд орших Цэцээ Гүний оргил түүний өвөрт орших Манзушир хийдийн туурыг үзэж эхлүүлсэн. Автобусанд сууж аймгийн төв ороод цааш таксигаар хүргүүлчихдэг. Энд та эргэн тойрон уулс, моддоор хүрээлэгдсэн байгалийн сайхныг харж нүд сэтгэлээ баясгаж амраахын зэрэгцээ ’Манзушир’ музей, ‘Цанид’ дуган, Манзушир хутагт Лувсантүвдэнванчиг Богд гэгээнд зориулан бариулсан ‘Шар орд’, шавар тууриуд зэргээс уг газрын үүх түүхийг мэдэж 1920-иод оны үеийн Монгол орны түүхийн жимээр аялах боломжтой. Мөн энд дээр үед 1000 ламын хоол хийдэг байсан том тогоо зэрэг өөр олон сонирхолтой үзэж харах зүйлс мөн бий. Түүхийн ном зохиолд үйл явдал өрнөн байсан энэ ариун номын газар өдгөө хурал ном хурж сүсэгтэн олныг баясгах, лам хуврага нарыг номд сургахаас илүүтэй хүмүүст сэтгэлийн амгаланг бэлэглэгч, байгалийн үзэмжийг тольдуулагч нам гүмхэн газар болжээ.

Морин болон завин аялал
Дээр үеийн 66 машины тэвшин дээр зогсож гол гатлаад, тэндээсээ 8 км газар морь унаж нэгэн толгой дээр гарч буугаад завиар гол гатлахдаа усаар байлдаж, гэрийн сэгсгэр цуйван, сүүтэй цай, боорцог идээд нум сум харваж үзэнгээ голын эрэг дээр найзтайгаа буу халсан шигээ суух, юм юм хийгээд үзчих боломжийг олгодог ийм сонирхолтой аялалыг Монголын нохой чарга клубээс зохион байгуулдаг юм билээ. Өвөл нохой чарганы аялалд явахаар төлөвлөөд амжваа бас.


Аглаг бүтээлийн хийд
Төв аймгийн Борнуур суманд орших Гарьд уулын “Далын ам” хэмээх газарт оршдог хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг бурханч лам Пүрэвбат байгуулсан хэмээн хөтөч маань тайлбарласан. Тэр бас харц, сэтгэл булаагаад их хөөрхөн залуу байсааан ххэ.
Амьдралын үүд мод, эргэх хавцал, заан, лам, нударга хад зэрэг өөр өөрийн утга учраар тухайлан сэтгэл үүсгэх олон сонирхолтой газруудыг тойрч үзнэ. Ийн явахдаа уулан дээр бурханы олон дүр, хөргийг чулуу засч сийлээд, түүнийгээ очиж үзэх зам, шат бүрийг нь нарийн засч хийсэн хүмүүсийн нөр их хөдөлмөрөөр ихэд бахархсан.

Ер нь л энэ зун амралтын өдөр гэртээ тогтож чадахгүй, үүргэвчээ үүрээд л автобус унаа дамжаад ч хамаагүй, групп аялалд хамрагдаад ч болов бас хөөрхөн юм үзчихсэн, аялалын эхлэлийг тавьсан өгөөжтэй сайхан зун болсон юм аа. Өөрөө хөдөлмөрлөж олсон тодорхой хэмжээний орлоготой байгаад аялах хүсэлтэй бол тухайн газраа зорьж очих боломж, сонголтууд үнэхээр их байдаг юм билээ.
Мөн тэгээд өглөөд босч цөөхөн хэдэн минут ч болов ном уншиж эхэлсэн, хүссэн (задгайдуу) хувцсаа хүний нүднээс дальдчихааргүй өмсдөг болсон, ер нь хийе гэснээ заавал хүнээс хамаараад байхгүйгээр хийчихдэг тийм зоригтой, илүү итгэлтэй болчихсноо анзаарав.
Адал явдалтай, талархах зүйлсээр дүүрэн байсан зуны улирал минь түр баяртай. Дараагийн зун бүр ураад өгнөө ххэ.
