25 насандаа сурсан 25 зүйлс

Batgarig Baterdene
4 min readOct 13, 2019

--

Өнөөдөр би 25 нас хүрж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх амьдралаас өөрийн суралцсан 25 зүйлсийг та бүхэнтэй хуваалцаж байна. Эдгээрийг бүтэн жилийн турш нэг нэгээр бичиж тэмдэглэж ирсэн бөгөөд тэмдэглэлийн дэвтэр дээрх дарааллаар нь бичлээ.

  1. Амьдрал бол хараал идсэн хамгийн үнэтэй бэлэг. Тиймээс цагаа дэмий зүйлсд битгий зарцуул.
  2. Чи юуг ч хийж чадна. Гол нь өөртөө итгэ. Чи өөртөө итгэхгүй бол хэн ч чамд итгэхгүй. Гэхдээ өөртөө итгэх, бусдыг дорд үзэх 2 ялгаатай.
  3. Чи амьдралдаа хичнээн сонирхолтой, галзуу, агуу, гайхалтай зүйл хийдэг байлаа ч найзууд чинь дэргэд чинь байж хуваалцахгүй л бол энэ тийм ч гайхалтай зүйл биш.
  4. Өөрийн инстинктээр мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг /gut/ тоохгүй орхиж хэзээ ч болохгүй. Энэ хэзээ ч худлаа байдаггүй. Ямар нэг зүйл буруу санагдаж байвал буруу учраас л тэр.
  5. Хийх гээд эргэлзээд байгаа зүйл байдаг бол зүгээр хийгээд л үз. Шууд шаа! Болохгүйг нь эрт батлах тусам болох цэгрүүгээ илүү эрт ойртоно.
  6. Болж өгвөл юу бодож байгаагаа бусдад илэрхийлж бай. Хэн ч чиний юу бодож байгааг мэдэхгүй. Үүнтэй адилаар асуухгүй л бол хариулт нь үргэлж үгүй байна.
  7. Хэрвээ хүн нэгэнт л сонголт хийсэн үр дагавар ямар ч гарсан бай хариуцлагаа хүлээх ёстой. Хамгийн сонирхолтой нь сонголтыг чинь хамт хийлцсэн хүмүүс хариуцлагыг чинь хамт үүрдэггүй юм шүү.
  8. Чи хэн нэгний төлөө санаа тавьж, маш их зүйлийг золиослосон ч тэр хүн чинь чамайг хэдийд ч орхиод явж чадна. Бэлэн бай.
  9. Хэн ч харагдаж байгаа шигээ, амлаж байгаа шигээ, санагдаж байгаа шигээ эсвэл үнэлэгдэж байгаа шигээ биш байдаг. Цагаа тулвал чи өөрөө ч бодож байгаагаасаа өөр байх үе бий. Тиймээс үргэлж иймээрээ байна даа гэж бодох хэрэггүй. Don’t take it for granted.
  10. Бусдын ондоошилыг хүлээн зөвшөөрөх. Чи бол цорын ганц, яг түүн шиг бусад хүмүүс ч бас адил. Хүн болгон кофегоо чам шиг уудаггүй. Хүн бүр аливааг чам шиг харж, бодож, хүлээж авдаггүй. Тиймээс тэднийг зүгээр байгаагаар нь л хүлээж ав.
  11. Зарим өдрүүд сайн, зарим нь муу байдаг. Яг үүн шиг амьдралд тэмцээд гарах үеүүд ч, тэсээд өнгөрөх үеүүд ч бас бий.
  12. Чиний цаг болон хичээл зүтгэл чинь чиний зарцуулж чадах хамгийн үнэ бүхий зүйлс. Зарим зүйлс эдгээрийг зарцуулахаар үнэ цэнэтэй биш.
  13. Өөрийн зорилгоо ол, тодорхойл гэж бид маш их сонссон. Чи хэзээ ч харж чадахгүй байгаа замаараа явж чадахгүй шүү дээ. Тиймээс зорилгоо тодорхойлж, туулах замаа төсөөлөлдөө буулгах нь чухал.
  14. Шийдэмгий байх. Шийдвэр гарга, шууд хариу үйлдэл үзүүл. Буруу байвал тэр л биздээ. Тэгээд яах гээд байгаан ? Өөртөө үнэнч байна гээд гаргасан шийдвэр чинь буруу байхад хүртэл зуураад байлгүйгээр боль.
  15. Үргэлж чиний зөв байж, үргэлж онож, үргэлж ялна гэж байхгүй. Бүтэлгүйтэл ч мөн адил. Гэхдээ хийж байгаа нь л чухал учраас битгий зогс.
  16. Хэдийгээр бид өөрсдөө шийдвэрээ гаргадаг хэдий ч хувь тавилан бидэнд жижиг том дохио болон чиглэлүүдийг өгдөг. Заримдаа чихэн дээр чинь хашгирч, заримдаа зүрхэнд чинь шивнэнэ. Сайн сонсоод шийдвэрээ гарга. /Оmen/
  17. Хүсэл, шийдвэр, тууштай байдал. Зорилгодоо хүрэх процесс чинь нэг иймэрхүү байх болно. Бүх юм чиний хүслээс эхлэнэ. Хүсэл маш чухал хэдий ч шийдвэр гаргалтгүйгээр ямар ч үр дүнгүй. Гаргасан шийдвэртэйгээр тууштай байсны үр дүнд нэг л өдөр чи хүртэх ёстойгоо хүртэнэ.
  18. “Ахин нэг өдөр тулалдахын тулд, амьд үлд”. Байгаа бүхнээрээ хэзээ ч битгий дэнчин тавь. Мөн ханцуйндаа үргэлж нэг нууц хөзөртэй бай.
  19. Болж өгвөл аял. Нүд нээ. Хол газар явж үз. Тэнд амьдрал ямар байгааг, хүмүүс юуны төлөө амьдарч байгааг харах хэрэгтэй. Тэр үед чи “бидэнд өшөө илүү их явж, үзэх, харах, суралцах, биеэрээ мэдрэх, хүртэх болон хамгийн чухал нь хийх зүйлсүүд байгаа” гэдгийг ухаарна.
  20. Чи л байхгүй бол, чи л хийхгүй бол бүтэхгүй юм шиг санагдаж өөрөөрөө бахархаж, бас онгирмоор байна уу. Яг үнэндээ чамтай ч чамгүй ч амьдрал үргэлжилсээр л байх тул өөрийгөө томоор төсөөлж, надгүй л бол энэ ёстой явахгүйдээ гэж хэтрүүлж бодох хэрэггүй. Zendagi migzara
  21. Ямарваа нөхцлөөс үл хамааран чиний хичээл зүтгэл, урсгасан хөлс, оройтсон шөнө, эрт боссон өглөө нэг л өдөр чамд эргүүлж төлөх болно.
  22. Аливаа зүйлсийн талаарх чиний анхдагч төсөөлөл буруу байх магадлал маш өндөр тул үүнд хэзээ ч битгий бүрэн дүүрэн итгэ.
  23. Томоор мөрөөд. Учир нь том мөрөөдлийн төлөө ажиллахад жижиг мөрөөдлийн төлөө ажиллахтай ижил хэмжээний ажил ордог.
  24. Эрхтэн бүтэлгүйт, байнга бүтэлгүйт, урагшаа харж бүтэлгүйт.
  25. Хүрэх цэг нь биш, туулах зам нь аз жаргал юм. Тиймээс аливаа ажил, зорилгыг үр дүнгийн төлөө дарамтан дор өнгөрүүлэхээс илүү үйл явцаа таашааж сурах хэрэгтэй.

Харвасан сум шиг өнгөрсөн амьдралын минь энэ 25 жил алдаа, оноотой, сайн муу маш олон зүйл тохиолдсон, маш ихийг сургасан, дурсамж дүүрэн 1 үе байлаа. Oh God, there is so much life to live :)

Хамт байсан, хараад сууж байсан, хажуугаар зөрөөд өнгөрсөн, дэгээдэж унагасан, татаж босгосон гээд энэ цаг хугацаанд хамт байсан бүх хүмүүст баярлалаа ❤ ❤ ❤

Эдгээр зүйлс нь миний өөрийн үнэт зүйлсээр шүүгдэн надад сургамж болон үлдсэн зүйлс тул хүн бүхэнтэй нийцтэй байх боломжгүй юм шүү. Санал нэгтэй байгаа зүйлсээ хуваалцаарай.

Мөн эдгээрийг харахад дийлэнх нь хувь хүний зарчимтай холбоотой байх юм, бас зарим нэг нь яг хаягдсан юм шиг уншигдаж байх чинь :))

--

--

Batgarig Baterdene

wannabe a light, change maker, life saver, developer, hungry goal achiever.