Тайландаар аялсан минь …

Batgarig Baterdene
9 min readJun 23, 2019

2019 оны 6 сарын 5-нд УБ хотоос Замын-Үүдийг чиглэн явах 272-р галт тэрэгнээс миний аялал эхэллээ. Анх эхэлсэн аяллын багаасаа ганцаараа хөдөлсөн нь энэ …

17 цагаас бид хөдлөв. Галт тэргэнд маш халуун, бүгчим байсан тул нилээд тухгүй зорчлоо. Уншиж дуусгаагүй байсан “emotional intelligence” номоо барьж аван нилээд суусан боловч галт тэргэнд бүүвэйлэгдээд нойр хүрсээр явлаа. Тэнгэр газар нийлсэн тэгшхэн сайхан тал дээгүүр эцэж цуцахаа мэдэхгүй, чимээгүй бас аажуухан давхисаар бид өглөөний 7 цагт Замын-Үүдэд ирэв. Шороо хийссэн халуун өглөө өнгө зүс муутай, сааралтсан хот намайг угтлаа. Их хотын түгжрэл дунд байгаа мэт урагшаа шахцалдаж, яарсан хүмүүс хаа сайгүй харагдана. Угаас олон дунд ядаж хэн нэгнээс ч болтугай өрсөх гэдэг нь хүний унаган зан гэлтэй.

Эрээнд ирэв. Яг эсрэгээрээ… Замын-Үүдээс хэдхэн км-ийн цаана орших энэ хот тохижилт сайтай, цэвэрхэн, ногоон байгууламжтай хот ажээ. Хүмүүс нь ч бас дор бүрнээ хийх ёстой зүйлсээ яг цагт нь хийчихсэн мэт цагт баригдалгүй аажуухан урагшилсаар л … Газар нутаг эсвэл хүмүүсийн ялгаатай байдлаас биш инстүүцийн ялгаанаас үүдэлтэй хөгжлийн зөрүүг бодож гайхширсаар бид цаашаа Бээжин рүү хөдөллөө. 800 км зам дагуулан мод тарьсан харагдана лээ. Бас л биширмээр …

Тасралтгүй 10-аад цаг давхисаар бид шөнө дунд Бээжинд ирэв. Өглөөний 5 цагаас л амьдрал буцлах эхлэх, түм түчигнэж, бум бужигнасан ёстой л метро хот аж. Хэдий тийм ч гэсэн кластераасаа болдог юм уу юунаасаа ч болдог юм маш бүгчим бас манантай байлаа. Энд хотыг бүхэлд нь хэрсэн метрогоор ердөө 6 юань төлөөд хүссэн газраа хүртлээ бүтэн өдөржин ч явж болно. Аль газрын сайхныг нь аваад харьмаар санагддаг шиг метрог нь аваад буцмаар л байлаа… Гэсэн ч бид өөрсдөө метротой болоход бэлэн үү гэсэн асуултанд хариулж чадалгүй байсаар Гуанжоуруу хөдлөх цаг маань боллоо. Хориотой хот, Цагаан хэрэм, Тиан Ан Мэн-ий талбайг үзэж амжаагүй ч гэсэн эргэж ирэхдээ үзэхээр болоод цааш хөдөллөө.

Галт тэрэг маань Гуанжоу хүртэл 2200 км замыг 21 цаг туулж хүрнэ. Би хатуу суудалтай хэсэгт суусан бөгөөд энд ёстой л амьдрал буцална. Унтах нэг нь унтаж, тоглох нь тоглож, дуулалдах нь дуулалдаж, бүгд гоймонгоо идээд л шаагилдаж өгнө дөө. Суудалгүй хүмүүсийн дийлэнх нь зогсоогоороо явах бөгөөд үлдсэн хэсэг нь шалан дээр сууна. Зарим нь бүр 00-ийн үүд хавиар хэвтэж харагдана.

Бээжингээс Гуанжоу хүрэх галт тэрэгний маань нэг иймэрхүү

Хятад хэл огт мэдэхгүй ч гэсэн Бээжинд сурдаг дүүгийнхээ зааж өгсөн хэдэн үгээр найзуудтай болж авлаа. Миний хятад хэл гэж таг … Манай хэдийн англи хэл ч гэж бас таг. Аз болж WeChat орчуулдаг юм билээ. Өөд өөдөөсөө харж суугаад чатлаж гарсандаа…

Нэгнээс нь би мөрөөдлийг нь асуухад “Надад мөрөөдөл байхгүй” гэсэн. Тэгвэл та нар юуны төлөө амьдардаг юм бэ гэхэд “Бид ертөнцийн урсгалын дагуу /following the flow of universe/ л амьдардаг”. Зүгээр л нэг түлхсэн болгоноор эсвэл үр жимсийг нь харж урсахыг биш, зүрхээ дагаж урсахыг хэлнэ гэж билээ.”
Зөв газраа, зөв цагтаа, зөв хүн байвал амжилт чам дээр ирнэ гэж Эртний Хятад цэцэн үгийг надад тайлбарлав. Хятад покер бас тоглоход хэрэгтэй хэдэн үг заалгаж аваад тоглож явсаар хүрэх газраа хүрлээ. Эрээнээс гарсаар Хятадыг хөндлөн гулд 3000 км туулсаар бид Гуанжоу-д ирлээ. Маш халуун бас бүгчим хот юм. Дараа уулзахын ерөөл тавиад, шинэхэн найзуудаасаа зам салж метронд суулаа.

Бээжинд метрогоор нилээд явсан болохоор энд онгоцны буудал дээрээ ирэхэд тийм ч хэцүү байсангүй. Шууд үргэлжлүүлээд Бангкок-руу нислэгтэй байсан тул Гуанжоу хоттой танилцах боломжгүй байсан нь тэр. Бараг 5 сар төлөвлөсөн аялал маань маш шахуу хуваарьтай байсан тул бүх юм төлөвлөгөөний дагуу явах ёстой байлаа. Baiyun international airport үнэхээр том аж. Хэдэн ч гэйттэй гэчихэв. Би лав 157-р гэйтээс ниссэн. Олон гэйттэй ч гэсэн онгоцнууд нь оочерлоод байх бололтой. Хямдхан болохоор тал бүрээс хүмүүс ирж мөнгө нь үлддэг байхдаа… Монголд бол эсрэгээрээ. Бид ч тэр, мөнгө нь ч тэр гадагшаа…

3 орчим цагийн дараа Тайландын нийслэл Бангкок хотноо газардав. Эйрпорт дээрх буудлууд нь хоногийн 4000 thb-ээс (монгол мөнгөөр 360000 орчим) эхлэх аж. Хүлээлгийн хэсэгт нь цүнхээ дэрлээд л унтаад өглөө. Өглөө эртхэн босч метрогоор цаг орчим явсаар хотын баруун өмнөд хэсэгт байрлах Wat Pho-д (хэвтээ Будда) ирэв.

240 жилийн настай уг сүм нь Тайландын 1-р зэрэглэлийн 6 сүм байдгаас хэмжээгээрээ хамгийн том бөгөөд хамгийн хөгшин нь аж. Сонирхуулахад энэ сүмд том жижиг нийлсэн 1000 гаруй Буддагийн баримал байдаг юм билээ. Эндээсээ гарч цааш км гаруй алхсаар Тайландын эзэн хааны ордноор зочлов. Нэг хүнээс л 500thb (45000 орчим төгрөг) хураах уг ордонд өдөртөө 5000–6000 жуулчид ороод гардаг гэнэлээ. 20 га талбайтай энэ том ордонд том жижиг нийлсэн 20 гаруй алтадмал өргөөнүүд байдаг. Жуулчдыг ил задгай хувцастай оруулдаггүй бөгөөд заавал урт өмд өмсөхийг шаардаж байлаа. Хаа сайгүй ус шүршиж, сэнс үлээсэн маш халуун орчинд 4 цаг гаруй алмайрсаар хааны ордонтой танилцсан аялал маань өндөрлөв.

Орой 8 цагаас цааш аялах автобус маань хөдлөх байсан тул хажуул нь байрлах Khao San гудамжаар хэсэг сэлгүүцлээ. Манайхаар бол 3-р хороолол хавьцаа. Хаа сайгүй үзвэр, үйлчилгээ, дэлгүүр хоршоо, худалдааны цэгүүд, хоолны буфетүүд …Жуулчид битгий хэл өөрсдөө ч дуртай Thai pad гээд үндэсний хоолыг нь идэж, Тайланд массажинд оров. Ам сайтай байдаг нь аргагүй л юм билээ.

Энд амьдардаг хүн бүр бараг баяктай. Амьдралынх нь нэг хэсэг болчихсон. Хаа сайгүй л том жижиг баякнууд Тайландыг нуруун дээрээ зөөж байгаа гэмээр байлаа. Манайхаар бол приус юмуудаа :))

Түк түк гээд жижиг хүн тэрэг шиг юмаар хүн зөөдөг Тайланд залуутай танилцав. Хөдөө тосгондоо очиж будаа тарих эсвэл энд түк түк барих гэсэн 2 л сонголт байсан. Би ч бас том хотод, олон хүмүүс дунд, гоё юм үзэж харж амьдармаар л байна шд гэж байна лээ. “Хотруу л бөөгнөрөөд байхын, муусайн оркууд, зугаа цэнгэл хөөсөн, ажилгүй юмнууд нтр гээд байдаг шд бид нар …”

Бодох л асуудал…

Би хариуд нь “сонголт үргэлж байдаг юмаа” л гэж хэлээд бид 2-ын зам саллаа. Автовокзал дээрээ ирсэн нь тэр.

Эндхийнхэн бол энэ халуун, бүгчим байдалдаа бүр дасчихсан улсууд юм билээ. Тайландын урд хэсэгрүү хийх маш халуун, бүчгим 12 цагийн аялал намайг хүлээнэ.
Автобус маань 10 цаг явна. Гэхдээ замдаа хоол, бас snack-тай юм билээ. Аргагүй л үйлчилж сурсан улс гэлтэй. Шөнөжин давхисаар нар мандахтай зэрэгцэн бид Тайландын урд хязгаарт байрлах Surat Thani хотод ирэв. Үргэлжлүүлэн усан онгоцоор 2 цаг давхисаар аялалын маань эцсийн зогсоол болох Koh Samui арал дээр ирлээ.

Тайландын хамгийн алдартай 10 арлын нэг, жуулчид бага очдог хэдий ч сүүлийн үед тансаг зэрэглэлийн амрах газар гэдгээрээ алдаршиж байгаа, үнэ хямд, маш олон үзэсгэлэнтэй сүм, үзвэрүүдтэй, ширэнгэн ой, амьтны хүрээлэн, эргэн тойрон том жижиг 42 арлуудаас бүрдсэн Ang Thong National Marine Park-тай маш ойрхон гэх мэтчилэн энэ арал дээр ирэх болсон шалтгаан олон.

Уг нь энэ арлын хамгийн алдартай, олон хүн бужигнасан далайн эрэг нь Chaweng beach, гэвч нар жаргах үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэсэн тул би арлын баруун хэсэгт байрлах Bangrak beach-д байрлав. Энэ арал дээр 3 хоног юу ч хийхгүйгээр амрах төлөвлөгөөтэй байсан боловч сониуч зандаа хөтлөгдөн зүгээр хэвтэж чадсангүй.

Эхний өдөр. 200thb-р баяк түрээслэн арлаа бүтэн тойрж, эргэн тойронтойгоо танилцлаа. 15м орчим өндөр Big Buddha, усан парк, амьтны хүрээлэн, худалдааны зах зэрэг очих газар их. Зах нь үнэхээр хямд. Ялангуяа ханборгоцой, манго, коконат зэрэг жимснүүд нь бараг шахуу үнэгүй юм билээ…

Хоёр дахь өдөр. Ang Thong National Marine park-ын арлуудаар явлаа. Далайн амьдралтай танилцахаар Snorkling, diving хийв. Мөн kayaki гэх 2 хүний жижиг завь байх аж. Би ганцаараа байсан тул надад хамтрагч олдсонгүй. Lone ranger шиг ганцаараа 10 км орчим kayaki-аар аялав. Энэ өдрийн хамгийн гайхалтай хэсэг нь Koh Mae Ko арал дээр байрлах Emerald Lake, Koh Phangan арал хоёр байлаа. Нутгийнхан уг нуурыг “Blue Lagoon” гэж нэрлэдэг юм билээ. Koh Phangan арлын хувьд хамгийн өндөрт байрлах бөгөөд оройд нь гарч харвал эргэн тойрны бүх л арлууд харагдах нэг тийм гайхалтай хэсэг байлаа.

Гурав дахь өдөр. Нар жаргах үеэр нутгийн иргэдийн beach party-д очив. Галын наадам, үндэсний хоол, beer, дуу, бүжиг гээд маш сонирхолтой өнгөрөв.

Дөрөв дахь өдөр. Бангкок руу буцахаар усан онгоцондоо суув. Surat Thani хотоос 10 цаг явсаар үүр цайж байхтай зэрэгцэн Бангкокт ирлээ. Төлөвлөгөө ёсоор бол үргэлжлүүлэн 10 цагийн галт тэргээр Лаос улсруу явах ёстой байлаа. Гэсэн ч Ко Самуй-д байх хугацаандаа хамаг мөнгөө үрж дуусгасан тул Лаос-ын Vientianne, Van Vieng, Luan Prabang чиглэлийн аялал маань талаар болох нь тэр… xD

Үүнтэй зэрэгцэн дараагийн том challenge намайг хүлээж байлаа. Энэ бол 1200thb-аар (100000 орчим төгрөг) Бангкокд 5 шөнийг өнгөрөөх явдал байв. Хэзээ нэгэн цагт Тайландад очиж байсан хүн бол энэ ямар аймшигтай санагдаж байгааг төсөөлж байгаа байх.

Уг нь болж өгвөл Бангкок-д хотын төв хэсэгтээ байрлавал хаашаа ч явсан ойрхон байх нь их зүгээр санагдсан. Би Бангкокын төв хэсэгт The Old City гэж нэрлэгддэг Khao son Road дагуу хостелд байрлав. Leo DiCaprio ахын тоглосон The Beach гэдэг кинонд Khaoson Road-ыг үүргэвчтэй аялагчдын ертөнцийн төв гэж дүрсэлдэг. Бангкок хот аялал болон зугаа цэнгэлийн тухайд дэлхийн хамгийн хотоор шалгарж байсан гэсэн. Энэ ч аргагүй. Та юу сонирхож байгаагаас үл хамааран таныг заьвгүй байлгах газар энд олон. Шоппинг хийх дуртай бол энд заавал очиж үзхийг санал болгодог 5, 6 захууд байдаг. Тэдгээрээс хамгийн том нь зөвхөн амралтын өдрүүдээр ажилладаг Chatuchak зах. 2км гаруй үргэлжлэх энэ захад 17000 гаруй лангуу байдаг бөгөөд эндээс та ногоон хурганы арьсыг, нохойн битүү туурайтай нь олно. Хэрвээ эндхийн хоолыг сонирхож байгаа бол таньд баяр хүргэе. CNN-ээс Бангкок хотыг Дэлхийн хамгийн шилдэг гудамжны хоолтой хотоор шалгаруулсан байдаг. Дээд тал нь 2 км хүртэл урт үргэлжилсэн, шөнө 24 цаг хүртэл ажилладаг гудамжны хоолнууд нь маш алдартай, бас маш хямдхан (30–60 thb) юм билээ. Түүх соёлын дурсгалт газруудыг сонирхож байвал түрүүн дурдсан Wat Pho, Grand palace, Khaoson Road aka The Old city, Ayutthaya сүм, усан дээрх зах гэх мэт газрууд олон. Нэг үгээр хэлвэл Бангкокд ямар ч хүний сонирхлыг татах, үнэ боломжийн зүйлс олон.

Ийнхүү Бангкок-д 5 хоносны дараа Куала Лампураар дамжин 12 цаг ниссээр шөнө дунд Бээжинд ирэв. Маргааш оройны 6 цагаас Эрээн хотруу явах автобустай байсан тул ашгүй нэг юм энд хагас өдрийн өнгөрөөх боломжтой болов. Өглөө эрт гарч метро, автобусаар 3 цаг гаруй явсаар Цагаан хэрэм /aka the Great wall/дээр ирэв.

Үнэхээр гайхалтай …

Монголчуудаас айх айдас нь Хятадуудыг Дэлхийн долоон гайхамшгийн нэгийг барихад хүргэжээ гэж бодов. Гэхдээ тэд үнэхээр мундаг, суралцмаар улс юм. Цагаан хэрэм дагуу цэцэрлэг, явган хүний зам барьж шат хашлагыг нь өөрийнх нь өнгө төрхөөр нь будаж янзлаад өөрсдийн соёлын өвөө яг анх байсан чигээр нь хадгалаад аваад үлдчихсэн. Бид нар шиг тоохгүй хаячихдаг, тоохоороо өөрчлөөд янзлаад эсвэл худалдааны цэг шиг болгочихдоггүй л юм билээ. Хятадад мөн “хариуцлага, ухамсартай иргэн байж хамтдаа нэг алхам урагшилцгаая” гэдэг уриаг зөндөө олон газар харсан. “Та үлгэр жишээ зөв иргэн байж гэмээн бид улсаараа урагшаа нэг алхана шүү” гэдгийг л хүн нэг бүрт уриалаад байгаа гэлтэй. Иргэд нь ч бас чухам ухамсарладаг байх …

Тийнхүү Бээжингээс автобусаар 12 цаг явсаар өглөө эрт Эрээн хотод ирэв. Энд хилрүү гаргах автобус болон бусад машинууд хаа сайгүй. 50CNY төлж 69 машинаар хил гарав. Замд явдал ихтэй байсан болоод ч тэрүү маш их ядарч байсан боловч сэтгэл дүүрэн, эрч хүчтэй байлаа. Замын-Үүдээс оройны унтлагын вагонд сууж маргааш өглөө нь Улаанбаатар хотод буув. Ийнхүү бараг 3 долоо хоног үргэлжилсэн аялал маань маш олон төсөөлөөгүй адал явдал, бүтэлгүйтэл бас хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрч энэ хүрээд өндөрлөв.

Ирэх жилийн аялалаа бодож, төсөөлсөөр гэртээ ирлээ :))

Өө нээрэн, Бээжинд сурдаг дүү маань намайг Бээжинд байх хугацаанд газарчилсан бөгөөд бусад үед би ганцаараа явсан байдаг шүү.

--

--

Batgarig Baterdene

wannabe a light, change maker, life saver, developer, hungry goal achiever.