БУХИМДАЛД НЭВЧСЭН БИЕ ТАРГАЛЖ БАС ХӨГШИРДӨГ

Бухимдлын мананд бүдчин шүүмжлэлийн шуурганд уруудсаар хөл алдан стрессийн шаварт гүн шигдлээ Монголчууд бид. Нийгмийн энэ сөрөг үзэгдэл хувь хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж олон олон өвчний суурь болж байна. Стресс, бухимдал нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар товчхон тайлбарлахыг хичээе. Ойлгож ухамсарлаад уур бухимдлаасаа ангижирч чадах эсэх нь хувь таны сэтгэл оюуны цар хүрээ мэдэх бизээ.

Уур, бухимдалд хүргэж байгаа хүчин зүйлсийг стрессор хүчин зүйл гэдэг. Ажил амьдралын хэмнэл, хувь хүний үзэл бодлоос хамаарч аливаа зүйлийг стрессор болгох уу үгүй юу гэдэг нь хүн бүрт адилгүй. Нэг жишээн дээр тайлбарлья. Замын хөдөлгөөнд оролцож байхад хажуугаар автомашин дайрч орж ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед зарим хүмүүс нь юм бодолгүй зам тавьж өгдөг харин зарим нэг нь уурлаж уцаарлан хурдаа нэмэн үзэлцэх нь байдаг. Энэхүү адил тохиолдолд нэг хэсэг нь өөртөө стрессор хүчин зүйлийг үүсгэж байхад нэг хэсэг нь өөрөөсөө холуур өнгөрөөж чадаж байна. Тийм болохоор стресст өртөх эсэх нь хувь хүнээс шалтгаалах нь байна.

Уур биеийг зовооно гэж ахмадууд бидэнд анхааруулж сургамжилдаг. Энэ үгний учгийг тайлцгаая. Стрессор хүчин зүйлийг тархины Гипоталамус хүлээж авдаг. Стрессор хүчин зүйлийг гипоталамус хүлээж авснаар бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас ялгарах АКТДааврын хэмжээ нэмэгддэг. Үүний нөлөөгөөр КОРТИЗОЛ буюу СТРЕССЫН ДААВАР их хэмжээгээр ялгарч цусанд тархсанаар их олон сөрөг үр дагавруудад хүргэдэг байна. Цусанд кортизол дааврын хэмжээ ихэссэнээр их биеийн булчингийн задралд хүргэж хэвлийд илүүдэл өөх хуримтлуулж таргалалтыг нэмэгдүүлдэг. Стрессээс гаралтай таргалалтын биеийн бүтэц онцлогтой. Хэвлийн хэсгээрээ тарган мөчдөөрөө туранхай байдаг.

Уургийн нийлэгжилтийг дарангуйлж задралыг нь ихэсгэдэг нь дархлаа сулрах, өвчинд өртөмтгий болгодог. Мөн коллаген болон фибронектины бионийлэгжилтийг саатуулснаар арьс үрчийж, ясны сийрэгжилт ихэснэ.

Өөх тосны хэвийн солилцоог алдагдуулна. Үүний нөлөөгөөр цусанд тосны хүчлүүдийн хэмжээ нэмэгдэж биед хэвлий хэсгээр өөхөн хуримтлал үүсгэх хэвлийн таргалалт үүсэх суурь нөхцөл бүрддэг байна. Эндээс харахад стресс нь хүнийг эрт хөгшрүүлэх, таргалалтын эмгэгт хүргэх, дархлаа сулруулах, өвчинд өртөмтгий болох, бодисын солилцоог хямрааж олон өвчин үүсэх суурь нөхцөл болж өгдөг байна нь.

Иймээс та өөртөө хайртай бол бухимдал хэмээх балиар зүйлээс бушуу холдоорой.

Facebook.com/TsahimEmch хаягаар зөвлөгөө авах болон facebook.com/groups/FITclubMongolia/ бүлэгт нэдэж эерэг хүмүүстэй нэгдээрэй.

Хүндэтгэсэн: Цахим Эмч