Монголын хошин урлаг миний нүдээр

Хүүхэд байхад миний ганц дуртай жүжигчин бол талийгаач Баачка байлаа. Баачка яагаад миний хамгийн дуртай жүжигчин байсныг хэлж тайлбарлаж мэдэхгүй юм. Магадгүй түүний авьяаслаг жүжиглэлт, алиа хошин байдал нь олон хүнийг татдаг байсан байх. Тэр үед хошин урлагт зүтгэж явсан Батзаяа, Сосорбарам, Чаминчулуун, Туяа гэх мундаг хүмүүсийн хошин мэдрэмжтэй егөөдлийг Монгол ард түмэн бүгд үздэг байж билээ. Үзэхээс гадна сонсох нь их байжээ. Кассет дээр хураасан дуу хураагуураар сонссон хэрнээ л үзсэн юм шиг инээлдэцгээдэг байж билээ. Энэ үед л анх хошин урлагыг үзэх сонсох дуртай болж байжээ. Энэ үе бол миний хувьд хошин урлагын алтан үе.

Дээрх мундаг эрхмүүдийн гаргаж ирсэн хошин урлагын дараа үеийнхэн гарч ирэв. Нэг хэсэг бут авсан гэхэд хилсдэхгүй. Үзэгч ихтэй, сэдэв ч ихтэй байлаа. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, амраг хосууд гээд бүхий л хүмүүсийн үздэг соёлын хөтөлбөр байлаа. Хөдөөнөөс ирсэн хүн заавал хошин шог үзээд буцаж байх жишээтэй. Соёлын төв өргөө, МҮЭСТО-ны заал хэдэн сараар орой бүүр дүүрэн үзэгчидтэй. Үзвэр үзэх гээд очиход гадаа нь хүн их, зарим үед тасалбар нь олддоггүй үе байлаа. Төд удалгүй хоёр дахь үеийн хошин урлагын хамтлагууд маань тарж бутран шинэ хамтлагууд борооны дараах мөөг шиг олшров. Үзвэр нь сонирхол татахаа болив. Сэдэв нь дууссаных уу аль эсвэл уран бүтээлчдийнх нь урлагын мэдрэмж нь бизнес сэтгэлгээгээр солигдсоных уу бүү мэд ямар ч л байсан үзэгч нь багасаж заал дүүрэх ээ болив, тоглолт нь хэдэн сараар тавигддаг байсан бол хэдэн өдрөөр тавигддаг болов. Орлого нь багасаж олон хамтлагууд таран бутрав.

Бизнес сэтгэлгээ нь хөгжсөн зарим хэсэг нь тайзнаас биш дэлгэцээр харагдаж эхлэв. Дэлгэцээр харагдах төрх нь хошин урлагын сонгодог утгаараа бус гайгүй яваа нэгнээ элэглэж шоолж, бах таваа хангах найруулгатай болж хувирав. Бүүр сүүлдээ улс төрийн захиалгаар хөлсний алуурчин мэт хүн хүнийг онилон шоолж үзэв. Даанч тэр үед ард түмэн тэр хэсэг салбадай нарыг тоохоо болисон байв.

Талийгаач Баачкагаар хошиг урлагтай танилцаж байсан тэр үед үзэх биш сонсоход л инээд хүрч сэтгэл амардаг байж харин одоо цагт сонсох нь битгий хэл үзээд үзээд инээх нь бүү хэл уур ундуйцал, дургүй зэвүүцэл зэрэг хүрдэг болж.

Үзэх, сонсох дуртай байсан хошин урлагтаа баяртай гэж хэлье дээ. Хошин урлаг минь мөнх амгалангийн урлагын тэнгэртээ гүн нойрсдоо.

Үзэл бодолоо бичсэн: Б.Баярбямба

2017.06.23 -ны Баасан гараг