ЯМАР УДААН ЮМ БЭЭ…? ЯМАР УДААН ЮМ БЭЭ…?

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоод төрийн ордноос гараад Чингисийн талбайгаар алхаж явлаа. Тангараг өргөсөн шинэ Ерөнхийлөгчөө гарч ирэхийг тэсч ядан зогссон наадамчин олон хурц наранд тэвчээр гарган баяртайгаар хүлээнэ.
Яг миний урдхан зогссон дунд хэрийн өндөртэй, 30 гаруй насны эрэгтэй гэнэт татаж унав. Яаран очиж эмч хүний үүргээ гүйцэтгэн яаралтай тусламж үзүүлэхийг хичээв. Таталт нилээд хүчтэй бүх бие нь чичирхийлсэн, булчингууд чангаран нумран татаж, амаар нь хөөс сахарч эхлэв. Дагзаараа унахдаа тархиа хагалсан нь тэр хэсгээр нил улаан цус болсон байлаа. Яаралтай тусламж дуудаарай…, салхийг нь тавиад өг гэх хүмүүсийн дуу хальт сонсогдоно. Миний хажууд тусалж байсан нэг залуу сандарсандаа шууд зүрхний иллэг хийх гэв. Эпилепси буюу уналт таталын үед үзүүлэх анхны тусламж бол амьсгалын зам бөглөрсөн эсэх, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг үнэлээд хэвийн бол хажуугаар нь хэвтүүлж булчингийн чангарал, таталтыг намжаах явдал билээ. Яаралтай тусламж дуудсан боловч тэр хавьд яаралтай тусламжийн цэг байхгүй байсан бололтой харин Student police гэсэн ногоон хантаазтай оюутан, яаралтай тусламжийн хайрцаг барьсан албан хувцастай залуу ирж хагарсан тархинд нь хамтран боолт хийв. Энэ үед таталт нь нэлээд тавигдаж арай гайгүй болсон байв. Нэлээд удаж байж яаралтай тусламжийн тэрэг ирсэнд тэнд байсан хүмүүс ямар удаан юм бээ… ямар удаан юм бээ…? 30 минут боллоо шдээ гэцгээж байлаа. Яаралтай тусламжийн эмч ирж тэргэндээ суулган эмнэлгийн тусламж үзүүллээ.
Шинэ Ерөнхийлөгчөө ард иргэдтэйгээ даллан мэндчилэхийг хүлээн зогссон эрэгтэй хүнд өвчнийхөө улмаас харж чадалгүй үлдлээ дээ. Хараммалтай.
Дээрхи явдлаас төрсөн дүгнэлт
- Ард иргэддээ анхан шатны яаралтай тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх
- Яаралтай тусламжийг яаралтай хүргэдэг болох. Монголын яаралтай тусламжийн үйлчилгээ сайжирч байгаа хэдий ч дээрх үйлдлээс харахад хангалттгүй байна. Дэлхий дээрх бүх зүйл хязгаарлагдмал. Хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хүргэх явдал бол менежментийн асуудал. Эрүүл мэндийн салбарт үр ашигтай менежмент үгүйлэгдэж байна.
Эпилепси буюу тархины эсүүдийн цахилгаан идэвхжил гэнэт ихэссэнээс булчингууд чангарч татаж унадаг энэ өвчнөөр дэлхий дээр 50 сая орчим хүн амьдарч байгаа ба Монголд 30 мянга орчим хүн байдаг.
Хэт халж байгаа энэ өдрүүдэд наадамчин олон минь наранд цохиулахаас урьдчилан сэргийлээрэй гэж хүсье.
Сайхан наадаарай!