Уйлж болохгүй юм уу???

Bat-Orgil Bat-Erdene
Nov 6 · 4 min read

“Эр хүн байж охин шиг уйлахаа боль!” Гэсэн үгийг хэн нэгнээс сонсоогүй эрэгтэй хүн Монголд цөөхөн байх. Хар багаасаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж, юу мэдэрч байгаагаа ярих эрхгүй болж өсөж байгаагаа бодохоор өөрсдийгөө өрөвдмөөр ч юм шиг.

Монгол улсад эмэгтэйчүүд маань гадаа гарч эм болж гэрт орж эр болдог болсныг нуух хэцүү. Өнөөдөр Монгол эрчүүдийн нийгэмд бас гэрт эзлэх байр суурь яг ямар болсон бэ гэдэг маш сонирхолтой. Одоо үед эр эм гэлтгүйгээр хүмүүс гэр бүл дотор жил ирэх тусам тэгш эрх үүрэгтэй болж байгаа нь хүйсийн тэнцвэртэй байдлын хувьд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад маш эерэг үзэгдэл яахын аргагүй мөн. Гэвч үүнээс далдуур нийгэмд гарах сөрөг үр дагаврууд мэр сэр байна.

Эр хүн байна гэдэг энэ зурга шиг байхыг хэлэх үү?

Өнөөдөр эрэгтэй хүн байна гэдэг яг юуг хэлэх вэ? Гэрт ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? цаашлаад нийгэмд эрэгтэй хүн байснаар ямар тодорхой үүрэг хариуцлага хүлээх вэ? Гэсэн хэдэн асуултуудад тодорхой хариулт өгөх цаг нь болсон юм болов уу. Мэдээж уламжлалт эрэгтэй хүний талаарх “гэрийн эзэн” гэсэн цаасан дээрх тодорхойлолт одоо хүртэл байдаг ч энэ ойлголт нь бодит байдал дээр одоогийн цаг үетэй яг сайн зохицож чадаж байгаа юу гэдэг нь бас эргэлзээтэй.

Суурьшсан нийгмээс өмнө гэрийн эрэгтэйчүүд дайнд явж олз омог авчрах эсвэл мал маллах үйл явцад ихэнх биеийн хүч шаардсан ажлуудыг амжуулж гэр бүлээ олон төрлийн хэрэглээгээр хангадаг байсан бол өнөөдрийн суурин нийгэмд эрэгтэйчүүд төдийлөн адилхан үүрэг гүйцэтгэх шаардлага огтхон ч байхгүй. Оронд нь ам бүлээ хангалттай авч явах нь гэрийн эр хүн хэр сайн сайн мөнгө авчирч байгаагаар хэмжигддэг болсон. Гэр бүлээ санхүүгээр хангахын тулд хүмүүс тогтсон орлоготой ажил эсвэл бизнес хийх шаардлагатай. Ингэхийн тулд заавал их сургуулийн боловсрол биш юмаа гэхэд зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмших хэрэгтэй болдог.

Харамсалтай нь зарим айлууд хэнэггүй зан бас санхүүгийн бололцооноос болж нэг айлын эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн эмэгтэйг нь сургуульд явуулах нь түгээмэл. Энэ сонголтыг хийхэд хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл бол эрэгтэй хүүхэд номын мөр хөөгөөгүй ч гэсэн хүмүүсийн хэлдгээр “хар ажил” хийгээд амь залгуулж чадна гэдэг үзэл байдаг. Бодит байдал дээр 2019 онд ямар ч хүн чанартай дээд боловсролгүй эсвэл мэргэжил чадваргүй дан ганц биеийн хүчний ажил хийгээд гэр бүлийн хамтрагчтайгаа ижил төвшинд санхүүгийн бас оюуны хувь нэмрээ оруулж амьдрах хэцүү гэдгийг өчнөөн хүмүүс биеэрээ туулж байгаа жишээ маш их.

Нийгэмд эзлэх байр сууриа алдсан эрчүүд тогтвортой орлогогүй, ажилгүй, хүрээлэлгүй, бас гэр бүлгүй болсноор сэтгэл гутралд өртөх, гэмт хэрэг үйлдэх, архинд орох, цаашлаад амиа хорлох нь маш их ихсэж байгаа нь тоон дээр тодорхой харагдаж байгаа. Монгол улс амиа хорлолтын тоогоор цөөхөн хүнтэй ч толгой цохидог, гэвч эрэгтэйчүүдийн дундах амиа хорлолт эмэгтэйчүүдээс 4 дахин их байгаа нь энэ асуудлыг хэр хэмжээнд очсон бэ гэдгийг тод харуулж байгаа юм болов уу.

Хөвгүүдийг багаас нь хүмүүжүүлэхдээ эр хүн уйлдаггүй юм, охин шиг уйлж болохгүй гэж байнга хэлдэг. Ингэж хүмүүжсэн хөвгүүд эрийн цээнд хүрээд хэцүү бэрхшээлтэй үед өөрийгөө бүрэн дүүрэн бусдад илэрхийлэх чадваргүй, тусламж гуйх зориггүй болж өсөх аюултай. Үр дүнд нь лагшсан сэтгэлийн шархтай, депресдсэн эрчүүд нийгмээр дүүрэн болсноор нийгэмд гарах сөрөг үр дагаврууд их байж магадгүй. Жишээ нь найз нөхөдгүй, ажилгүй, орлогогүй, нийгэмд байр суурьгүй, эмэгтэйчүүдээ хүчирхийлж зоддог эрчүүдтэй эрүүл нийгэм, цаашлаад Монгол улс хөгжлийн асуудал ярихад дэндүү учир дутагдалтай.

Нэмээд хэлэхэд, сүүлд гарсан Үндсэн хуулийн цэцийн даргын гаргасан хүчирхийллийн чанартай үйлдлийг ч гэсэн энэ сэдэвтэй холбож тайлбарлаж болно. Нийгмийн аль ч давхаргын эрчүүд дээд боловсролтой ч бай доод боловсролтой ч байна уу үл хамаараад сэтгэл зүйн боловсрол, цаашлаад нийгмийн боловсролгүй бол энэ мэтийн ёс бус үйлдлүүдийг ч хийсээр л байх болно. Ерөнхийдөө Монголд байгаа toxic masculinity эрчүүдээр дамжаад нийгэмд байгаа эмэгтэйчүүдэд халдаж байгаа нь маш их санаа зовоомоор.

Цэцийн дарга Дорж Source: Korea Herald

Болдог бол, эрэгтэй хүн ийм үүрэтэй, эмэгтэй хүн тийм үүрэтэй гэж хэлэх биш, нэг гэрийн хоёр тэнцүү 50% 50% ийн үүрэгтэй байх ёстой гэж хэлдэг бол сайхан. Гэвч одоо хүртэл хэдэн зуун жилийн өмнөх зан заншлыг мөрдөж байгаа энэ үед шийдлийг багаас эхлэх нь зүйтэй болов уу.

Хүүхдийг багаас нь эр эм гэж ялгалгүй хүний хувьд хүмүүжүүлж уйлах, сэтгэл хөдлөл үзүүлэх гэдэг бол хүн болгонд тохиолддог энгийн үзэгдэл гэдгийг охид хөвгүүддээ адилхан ойлгуулах юм бол бид нар ирээдүйд арай илүү тэгш баланстай нийгмийг байгуулах гараандаа гарах боломж нээгдэнэ гэж би боддог. Хэцүү үед эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд найз нөхөдтэйгөө ярилцаад сэтгэлээ онгойлгодог бол эрчүүд шилтэй юмруу явдаг хандлагатай. Ингэснээр шийдэл олох бус харин илүү их асуудал авчирдаг. Цаашлаад сэтгэл зүйн боловсрол бас акедемик боловсролын тэгш эрхийг хүүхэд бүрд эр эм гэж ялгалгүйгээр тэгш хэмжээнд олгох зайлшгүй шаардлагатай.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade