
Бид сошиалыг, ялангуяа Фэйсбүүкийг маркетингийн өдөрт тутмын үйл ажиллагаандаа ашигладаг болсон хэдий ч тэр болгон мэдээд, ашиглаад байдаггүй боломжууд олон бий.
1. Canvas сурталчилгаа
Гар утсанд зориулсан Canvas сурталчилгаа зах зээлд гараад аль хэдийнээ 2, 3 жил өнгөрсөн хэдий ч Монголд хэрэглэж буй нь ховор харагддаг. Зураг, видео, текст, товч, карусель зэрэг төрөл бүрийн элементүүдийг багтаасан гар утасны дэлгэцийг бүрэн ашиглах цогц мультимедиа зар сурталчилгаа ч гэж ойлгож болно.
Манайхтай хамтран сургалт зохион байгуулдаг Nathouse Creative маркетингийн агентлагийн Маркетерүүдэд хэрэгтэй Facebook Canvas сурталчилгаа хэрхэн хийх вэ? нийтлэлтэй танилцаарай.
Сүүлийн нэг жил хүртэл хугацаанд Canvas сурталчилгааг нээж үзсэн, линк дарсан хүмүүсийн бүлгийг Ads Manager дээр Audience байдлаар үүсгэх, эдгээр хүмүүсийг чиглүүлэн дараа, дараагийн контентыг хүргэх сурталчилгаа хийх боломж бас бий.
2. Мессенжерээр харилцаа үүсгэх сурталчилгаа
Пэйж дээрээ нийтэлсэн постоо бүүст хийх үед POST BUTTON буюу товч оруулах боломж байдаг. Товчныхоо зорилгыг “Messages: engage and chat with potential customers” гэж сонговол Send Message гэсэн товчтойгоор сурталчилгаагаар түгээгдэнэ. Хэрэглэгч уг товчийг дарахад танай пэйжийн мессенжер рүү бичих цонх руу шилжих байдлаар мессежийн харилцааг эхлүүлнэ.
Энэ сурталчилгааг системтэй хийх арга бол Ads Manager програм дээр Messages гэсэн сурталчилгааг хийх юм. Сурталчилгааныхаа хэлбэрийг (ad type) Click to Messenger гэж сонгох хэрэгтэй.

Танайх мессенжерийн яриандаа тогтмол хариу өгдөг эсвэл чатботтой бол энэ төрлийн сурталчилгаа илүү тохиромжтой. Хүмүүс мессенжерээр ороод ирдэг, асуулт тавьдаг, харин эргээд хариу байхгүй алга болчихдог бол харин үр дүн гарахгүй.
Доорх зурган дээр энэ төрлийн сурталчилгаа news feed дээр харагдах хэлбэрийг зургаар харуулав. Send Message товчийг дарснаар мессенжер рүү шилжинэ. Оронгуут харагдах мессежийг зураг, текст, товч зэргийг хослуулан хийх боломжтой.

3. Мессеж илгээх сурталчилгаа
Хүмүүс мессенжерээ маш сайн нээж үздэг тул маркетингийн мэдээлэл, контентоо хүргэх нь үр дүнтэй байж чадна. Энэ сурталчилгаа нь бүх хэрэглэгчдийг чиглүүлж хийж болдоггүйгээрээ онцлог. Танай пэйжийн мессенжер рүү бичсэн хүмүүст л илгээнэ. Нас, хүйс гэх мэт бусад сонголтуудаар нарийвчилж бас болно.
Сурталчилгаагаа хийхдээ өмнөхийн адил Messages сонголтыг хийнэ. Ялгаа нь сурталчилгааныхаа хэлбэрийг (ad type) Sponsored Message гэж сонгох хэрэгтэй. Сурталчилгааны оновчлолыг impression буюу харагдалтаар, bid strategy буюу үнэ хаялцах дүнг гараар оруулах байдлаар, хүргэх хурдыг хурдан гэсэн сонголттойгоор л хэлж болно. Үнэ хаялцах дүн миний туршлагаас 1,000 удаа харагдахад хамгийн багадаа $2.5 байхаар харагддаг, нөхцөл байдлаас хамааран өөр гарах боломжтой.
Мессеж илгээх сурталчилгааг хийхдээ анхаарах зүйл нь хэрэглэгчдийнхээ нэлээдгүй хувийн орон зай руу “халдаж” буйгаа анхаарах хэрэгтэй. Илгээж буй мессежээ хүмүүст үнэ цэнэтэй, “байгаа оносон” байхад анхаарахгүй бол спамд тооцогдон дургүйг нь хүргэх илүү магадлалтай.
4. Мессенжерийн дотор гаргах сурталчилгаа
Энэ сурталчилгааны дээрхээс ялгаатай нь мессеж байдлаар очихгүй, харин Messenger Home буюу мессенжерийн апп дотор мессежүүдийн дундуур сурталчилгаагаа харуулдаг. Зөвхөн хандалт өгөх төрлийн сурталчилгаануудыг л мессенжер дотор харуулах боломжтой онцлогтой. Вэб рүү хандалт, апп суурилуулалт, мессеж бичих гэх мэт. Сурталчилгааны байршил буюу placement тохиргоонд харин Messenger -> Home талбарыг сонгосон байх шаардлагатай.
5. Audience Network буюу зар сурталчилгааны сүлжээгээр түгээх
Фэйсбүүк бидний хийж буй сурталчилгааг Фэйсбүүк, Инстаграм дээр төдийгүй өөрийн зар сурталчилгааны түншүүдийн апп болон сайтуудаар хэрэглэгчдэд хүргэх боломжийг гаргаж өгсөн байдаг. Жишээ нь гар утасны апп дээр үе дуусах дундуур, аппны дээд, доод хэсэг дээр гарах гэх мэт. Үүний тулд та сурталчилгааны байршил буюу Placement дээр Audience Network сонголтыг хийсэн байх шаардлагатай.
Зарим төрлийн сурталчилгаа л сурталчилгааны сүлжээгээр гарах боломжтой байдаг. Пэйж дээр хийсэн зурган пост жишээ нь боломжгүй. Мөн сурталчилгааг Boost товчоор биш Ads Manager ашиглаж хийх хэрэгтэй. Дэмждэг сурталчилгааны төрлүүд:
- Brand awareness (зөвхөн видео)
- Reach (зөвхөн видео)
- Traffic
- Engagement (зөвхөн видео)
- App installs
- Video views (зөвхөн видео)
- Conversions
- Product catalog sales

Бид сошиал медиа маркетингийн сургалтын сурталчилгааг энэ байршилд гаргах үед даралт Фэйсбүүкийн news feed байршлуудаас илүү даралт авдаг. Ийм төрлийн сурталчилгааг бид пэйж дээр пост хийх байдлаар бус Ads Manager дээр шууд сурталчилгаа үүсгэн хийхийг илүүд үздэгийн учир үүнд оршдог.
6. Conversion буюу хувиргалтын сурталчилгаа
Энэ сурталчилгааг вэб сайттай байгууллагууд ашигладаг ба пиксель код байршуулсан байх шаардлагатай. Яагаад дахин чиглүүлэх маркетинг заавал хийх хэрэгтэй вэ? нийтлэлээс пиксель болон вэб хандалтын бүлгээр дахин чиглүүлэх тухай танилцаарай.
Дараа нь пиксель дээрээ custom conversion буюу өөрийн хувиргалтын тохиргоо үүсгэнэ. Хувиргалт гэдгийг энгийн жишээгээр тайлбарлавал манай вэб сайт дээр байгаа CRM анхлан нэвтрүүлэгчид зориулсан цахим номыг өөрийн нэр, утас, и-мэйл хаягийн мэдээллийг оруулан татаж авч болно. Энэ нь уг хүн ирээдүйд худалдан авалт хийх боломжтой хэрэглэгчийн сэжим болон хувирч байгаа үйл явц юм. Фэйсбүүкийн Conversion сурталчилгаа нь хувиргалтын үр дүнг хамгийн өндөр байхаар оновчлол хийдгээрээ онцлогтой.
Ads Manager -> Custom Conversion цэсээр орж хувиргах үйл явцыг дуусгасан хүмүүсийг хүрэх хуудсын хаягийн хэсгийг оруулж өгнө. Уг цахим номыг татсан хүмүүс л уг хуудас руу орно шүү дээ.

Ads Manager -> Create Ad -> Conversion цэсээр сурталчилгаагаа үүсгэх ба яг аль хувиргалтаар вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Сурталчилгааны үр дүн хувиргалтын тоогоор гарна. Дээрх жишээгээр бол уг сурталчилгааны үр дүнд хэдэн хүн цахим ном татав, нэг таталтанд хэдэн цент зарцуулав гэх байдлаар үр дүнгээ хэмжинэ. Фэйсбүүкийн алгоритм цахим ном татаад эхэлсний дараа ямар хүмүүс таталт хийв гэдэг өгөгдөл дээр суурилан дараа, дараагийн хүрэх хүмүүсийн сонголтыг илүү оновчтой хийх байдлаар ажилладаг.
Энэ сурталчилгааг хийж болох хамгийн эхний алхам бол бүтээгдэхүүнийхээ цахим танилцуулга, каталогийг татуулах сурталчилгаа байж болох юм. Цаашлаад уралдаан, сугалаанд оролцуулах, купон өгөх, уулзалт товлох, сургалтанд бүртгэх гэх мэт олон төрлийн хэрэглээ байж болно.
7. Lead Generation буюу сэжим үүсгэх сурталчилгаа
Сошиал медиа маркетинг 2 сургалтын бүртгэлийг заримдаа бид энэ төрлийн сурталчилгаагаар хийдэг. Амаржаргалын бичсэн Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ? нийтэлэээс дэлгэрэнгүй танилцана уу?
8. Custom Audience ашиглан зорилтот бүлгүүд үүсгэх
Ads Manager -> Audiences дотор танай зорилтот бүлгүүд үүсдэг. Create Audience -> Custom Audience гэсэн сонголтоор шинийг үүсгэнэ. Зорилтот бүлгүүд нь дараах төрлийн байж болно:
- Customer File. Утасны дугаар, и-мэйл хаягаар бүлэг үүсгэж болно. Хэрхэн гэдгийг 9911 дугаартай хэрэглэгчийг Фэйсбүүк дээр хэрхэн онилох вэ?
- Website Traffic. Вэб хандалтаар. Хэрхэн гэдгийг Яагаад дахин чиглүүлэх маркетинг заавал хийх хэрэгтэй вэ?
- App Activity. Апптай бол аппаа нээсэн, ашигласан хүмүүсээр бүлэг үүсгэж болно.
- Offline Activity. Дэлгүүр дээр худалдан авалт хийсэн хүмүүсийн гүйлгээний өгөгдлийг API суурилсан програм хангамжийн хөгжүүлэлт хийн Фэйсбүүкийнхээ сурталчилгааны данстай холбосноор уг хүмүүсийг олж бүлэг үүсгэх боломжтой. Хөгжүүлэлт шаардах тул хийхэд нарийн, төвөгтэй.
- Engagement. Фэйсбүүкийн пэйж хуудсанд идэвхтэй байсан хүмүүсийг хэрхэн олох вэ?, Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх вэ? нийтлэлүүдтэй танилцаарай. Дээр дурдсан Canvas сурталчилгааг нээсэн, дарсан хүмүүс, сэжим үүсгэх сурталчилгааг бөглөсөн хүмүүс, Инстаграм хуудсаар зочилсон хүмүүс, Эвэнтэд үйлдэл хийсэн хүмүүсийн бүлгүүд гэх мэт бусад боломжууд энд бий.
Дээрх бүлгүүдийн ихэнх нь автоматаар шинэчлэгдэж байдгаараа давуу талтай. Дээд тал нь 365 буюу сүүлийн нэг жилд үүссэн өгөгдлөөр бүлгүүд үүсгэх боломжтой. Вэб хандалтаар бол дээд тал нь 180 хоног.
Хэрэв та фэйсбүүк сурталчилгаагаа илүү ахисан шатанд гаргах ур чадваруудыг эзэмшихийг зорьж буй бол Сошиал медиа маркетинг 2 сургалтад хамрагдаарай. Харин мэргэжлийн байгууллагын туслалцаа хэрэгтэй бол манай фэйсбүүк сурталчилгааны үйлчилгээтэй танилцаарай. Баярлалаа.
