Улаанбаатарын үдэш

Bilguun Batbayar
Aug 8, 2017 · 3 min read

Нэгэн зэврүүн өдөр Нацагдорж цайндаа гарахаас төвөгшөөн нэг ийм жүжиг бичиж байжээ.

I ҮЗЭГДЭЛ

Эргэн тойрон битүү манан(уг нь утааг харуулахаар манан тоосруулагчаар цацжээ). Тайзны голд Сүхбаатарын хөшөөг дууриамал хөөсөнцрөөр зорон бүтээгэд, урд нь жижиг жижиг арслан маягийн зүйлс тавин, хар бүсээр холбожээ. Өмнөхөн талд хөдөөнөөс ирсэн оюутан хөвгүүн өвөл аль хэдүйн эхэлсэн атал, үсээ гелдеж, чих нь дэрчийсэн байдалтай зогсож байна. Зүүн чих нь бага зэрэг бөөрөнхийлдөж эхэлж байгаагаас харвал зундаа хальт мулт ноцолддог нь илт. Хавар намрын куртиг өмсөөд, ардаа гурилын гамбанз, гулуузны сав болов уу гэмээр хавтгай хар юм зүүжээ. Ийн дуулна:

Угаас хөөрхөн чи минь ээ,
Утаан дундаас сүүмэлзэнэ ээ
Уушиг юугаан бодож
Урьдхан талын кафе орох уу даа.

Жич: Бүх дууны аяыг дээр үеийн ардын дууны аяыг хуулбарлан дуулах юм. (Би ингэх нь нийцтэй гэж бодсон юм. Аль эсвэл зохиолын дуунуудын аянуудаас авцан ч бас болох л юм.). Уншиж байгаа хүн бол өөрийн мэдэх ардын дууны аянд оруулан аялан унших нь зөв. Ингэвэл жинхэнэ жүжиг үзсэн рүү нэг алхам ч болов ойртох учиртай юм.

Хархан нүдэт чи минь
Харанхуй дундаас сүүмэлзэнэ ээ
Хоолой амаа бодож
Энүүхэн урдах кафе зүглэх үү дээ.

Өглөөнөөс хойш юм идээгүй,
Өлсөж үхэхийн даваан дээр байна,
Өөртөө гэлгүй хоёулаа (яг энэ дээр хармаан дахь түрүүвчээ тэмтэрч үзнэ)
Өндөгтэй бифштекс авч цохъё байз. гэж дуулав.

Өмнөөс нь улаа бутарсан хацартай, хар заман дээр дрифт хийхээр үлддэг машины мөр шиг мурилзсан хар хөмсөгтэй, цасан цагаан царайтай бөгөөд арай боровтор хүзүүтэй, ерөнхийдөө будалт нь арай хэтэржүүдээ гэмээр охин ирж явна. Гэсэн ч үүндээ өөрөө сайхан хангалуун догь болсон мэтээр сэтгэж байгаа нь явдалаас нь илт. Дээгүүрээ хийлцэн юм шиг богинохон курчиг, хөх жийнстэй өмсөж, буган гутал (годон гутлыг би бас ингэж хэлдэг) жийжээ. Уулзаад ирэхийн алдад, залуу харан мөн л сэтгэлд нийцтэй аятай дороо нэг өндөлзөөд, урдаас 2 алхаад, хөтлөлцөн одов.

II ҮЗЭГДЭЛ

Тайзны голын ширээн дээр мань хоёр сууж байна. Урд нэг нэг хоосон таваг, хөвгүүний урд боргионы шил тавьжээ. Цаана тайзны зүүн хойд мухарт мөн нэг ширээн дээр 3 залуу амьдралын мөн чанарыг ярьж байгаа харагдана. Баруунтайхан 2 охин бие биенийхээ ам руу бараг орчингоо алдан хов базаж буй дүр үзүүлэн, чухал царайлцгаан ярилцана. Арай урдхантаа лангуу маягын юм тавьж, цагаан цамц, хар жийнс, конверс кэттэй охин бохь зажилан, лангуу тохойлдож зогсоо харагдана.

Залуу зоримог, цогтой хоолойгоор дуулж эхэлнэ:
Энхрий хайрт чамайгаан
Эртүүдээс хойш харсангүй
Айлын гэрт, эгчийн хараан дор
Атганд орсон болжмор мэт байна уу

Цаад гурван хөвүүний арай бадриун, биеийн тамирын хослолтой нь ширүүнээр эргэн харахтай харц тулаад, залуу аяар дуугаар шивнэн үргэлжлүүлэв:

Хотын энэ утаанд хоёул амьдраад яанам,
Хөдөө талд гэрээн барьж,
Мал хунараа цуглуулаад
Малчин айл болъюу даа гэв. Охин дуугүй суусаар хөшиг хаагдана.

ХААЛТЫН III ҮЗЭГДЭЛ

Автобусны буудал дээр ирж байна. Цаана нь машин моторын чимээ, сигналын дуу, жолооч нар биенээ хараан хашгирах дуу сулавтар тавьсан байна. Сөөнгө хоолойгоор Шараад Шараад! дуу бас гарна. Охин хэсэг дуугүй явснаа, гэнэт залуугийн хоёр гараас барьж аван ийн дуулна: (Арын дууг багасгана)

Суурин газрын утаанд
Суусаар байгаад би ч залхлаа
Эрдэм ном ч сурсангүй,
Эртхэн нутгаа зүглье дээ.

Хоёул хоршин дуулна:
Аав ээжээс хэдэн мал
Аргагүй таслаж өгөх биз,
Хатуу өвөл болох юм гэж
Батлага ерөнхийлөгч хэлсэн гэнэв
Өвлийн амралтаар сургуулиаа хаяад
Өөрийн гэртээ тус болъюу
Дараа намраас гэрээн бариад
Дэлгэр сайхан айл болно доо, хэмээн дуулалдсаар буудал дээр ирж, троллейбусандаа суун одов. (Троллейбусыг алимны хайрцгаар орлуулсан байх юм)

Тун удалгүй жүжигчид инээж байгаа дүр үзүүлэн гүйлдэн гарч ирж ёслоод, хөшиг хаагдана.

Төгсөв.

Улаанбаатар хот, 1930 он.

~ oOo ~

Жүжигт нэр өгөх хүн байвал өгөөрэй.