Мөнгө гэж юу вэ? : ₮$€¥

2B | +1% better 2day | l.008

--

Зарим нь шүтнэ, зарим нь үзэн ядна, дийлэнх нь олохын төлөө зүтгэнэ цөөхөн хэд нь ихэнх хувийг нь эзэмшинэ. Хүмүүс мөнгөний төлөө нэгнээ хорлож, тангараг тасарч, өөрийгөө гээх нь энгийн үзэгдэл мэт болсон дэлхий дээр бид амьдарч байна. Гэтэл үнэн хэрэгтээ мөнгө гэж юу юм бэ?

Мөнгө бол зүгээр л “хэрэгсэл”

Мөнгө гэж юу вэ?

Мөнгө гэдэг нь нийгмийн болон хууль ёсны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, өр ширийг төлөх зориулалттай “зүйл” юм.

Мөнгөний хийх ёстой үндсэн гурван функц байдаг.

  1. Төлбөрийн хэрэгсэл (medium of exchange)
    Хүмүүс худалдаа наймаа хийхийн тулд дундын ямар нэг зүйлийг төлөөлүүлэн сонгодог.
  2. Өртгийн хэмжүүр (unit of account)
    Аливаа зүйлийн үнэ цэнийг (өртөг) хэмжих нэгж болгон хэрэглэх тогтвортой бөгөөд уялдаатай арга (consistent) болдог.
  3. Үнэ цэнийг хадгалах (store of value)
    Цаг хугацаанаас хамааралгүй үнэ цэнээ хадгалдаг.

Мөнгө гарч ирэхээс өмнө бүх худалдаа наймаа нь барааг бараагаар солих буюу БАРТЕР-ийн аргаар явагддаг байсан (barter).

Double Coincidence Wants

Бартер хийх нь өөрөө тийм ч амархан процесс биш. Наймаа хийх 2 хүн нэг нэгнийгээ олох, наймаалах эд барааны хэмжээнд тохиролцох гэх мэт асуудлууд гарч ирдэг. Харин мөнгө гарч ирснээр худалдаа наймааг хялбарчлах, нэгэн ижил стандарт тогтоох, хүссэн үедээ хэрэгтэй зүйлээ авах зэрэг боломжууд бий болсон.

Мөнгө үүссэн нь хүн төрөлхтний томоохон нээлтүүдийн нэг гэж үздэг.

Мөнгөний шинж чанар

“Мөнгөний шинж чанар нь юунд оршдог вэ? гэвэл мөнгө нь эд зүйлс биш харин нийгмийн харилцаа болдогт оршдог.” К.Маркс

Мөнгө нь өөрийн гэсэн хэд хэдэн чухал шинж чанаруудыг агуулж байдаг. Тэдгээр нь

  1. Тэсвэртэй байдал (Durability)
  2. Авч явахад амар байдал (Portability)
  3. Хуваах боломж (Divisibility)
  4. Нэг төрлийн (Uniformity)
  5. Тодорхой хязгаартай (Limited supply)
  6. Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн (Acceptability)

Эдгээрийг хангаж байвал мөнгө нь зоос, хясаа, цаас, цахим, үхэр гэх мэт ямар ч юм байсан МӨНГӨ болох боломжтой. Саяхныг хүртэл хэрэглэж байсан “Үхэр” болон дэлхий нийтээрээ хэрэглэдэг “Америк доллар” хоёрыг дээрх шинж чанаруудын дагуу харьцуулж үзье.

Нэг үхэртэй байснаас зуун доллартай байсан нь дээр. 💲💲💲

Мөнгөний төрөл

Мөнгийг дотор нь 4-н өөр төрөлд хамааруулж болно. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн онцлогтой.

1. Эд материал (Commodity)
- Тухайн зүйлийг нь мөнгөнөөс өөр зүйлд хэрэглэх боломжтой
Жишээ нь : алт, мөнгө, зэс, давс, даавуу, архи, үхэр гэх мэт

2. Төлөөлүүлсэн (Representative - exchanged for commodity)
- Хүссэн үедээ Алтаар солиулах боломжтой авч явахад хялбар
Жишээ нь : цаасан мөнгө (1971 оноос өмнөх Америк доллар)

3. ФИАТ (Fiat - legal & issued by the government)
- Өөрийн үнэ цэнэ байхгүй (No Intrinsic value) засгийн газраас олгодог
Жишээ нь : Төгрөг, Доллар, Евро, Иен гэх мэт

4. Крипто валют (Cryptocurrency - next generation)
- Дижитал
Жишээ нь : BitCoin & Etherium & USDT & Dai & Basis гэх мэт

FIAT мөнгө гэдэг нь ямар нэг материаллаг зүйлтэй хамааралгүй, зөвхөн засгийн газраас батлан дааж байгаа мөнгийг хэлнэ.

Мөнгөний түүх

Анхны мөнгөний хэлбэр нь үхэр, хясаа гэх мэт биет зүйлс байсан бол цаашлаад хөгжлийнхөө явцад илүү амар боловсронгуй болсоор одоо цахим хэлбэрт шилжээд байгаа.

  1. Эд зүйлс
  2. Металл
  3. Зоос М.Э.Ө 11 дүгээр зуун (Хятадын Шан улс)
  4. Цаас 1260 он (Юан Гүрэн - Чао)
  5. Жиралл /хуурмаг - данс/
  6. Цахим /крипто валют/

Эдгээрээс гадна сүүлийн үед шинээр гар ирсэн нэг содон хэлбэр нь Time Money буюу “цаг”-ан мөнгө гэсэн ойлголт ч гарч ирээд байгаа.

Цаг бол алт гэдэг дээ :)

Монголд

Юан Гүрэн — Чао цаасан мөнгө

Анх Чингис хааны үе дараа нь Хубилай хааны үед зоос болон цаасан мөнгө хэрэглэж байсан гэж ярьдаг юм билээ. Юан Гүрний үед хэрэглэж байсан баримтууд зөндөө бий. Харин Чингис хааны үед байсан эсэхийг сайн мэдэхгүй юм.

Орчин цагийн Монголчууд маань алт, мөнгөн ембүүнээс эхлээд төмөр зоос, цаасан мөнгө цаашлаад цахим мөнгө рүү шилжиж байгаа.

1 10 20 25 50 100 200 250 500 1000-тын зоос

1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан. Анхандаа Орос болон Хятадад хийлгэдэг байж байгаад 1970 оноос жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.

Одоо бол зоосон мөнгийг гүйлгээнээс хассан бөгөөд тусгай нөхцөл байдалд дурсгалын зоосыг цөөн тоогоор бүтээлгэдэг.

1 2 4 10 25 50 100-тын дэвсгэрт 1925 он

Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээжээ.

Муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банканд татан авч, тусгай комиссын хяналттайгаар шалгаж, зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг.

Ихэнхи улсуудын нийт мөнгөний 4% нь бэлэн мөнгө гүйлгээнд байдаг бол 96% бэлэн бус хэлбэрээр хэрэглэгдэж байдаг.
(дээрх хувь нь улс улсаас хамааран хэлбэлздэг)

Монголд ч бас Candy, GG, RedPoint, Эгэрэг гэх мэт цахим мөнгөний төрөл бүрийн хэлбэрүүд гарч ирээд зарим нь хэрэгэлээнд аль хэдийнээ орчихсон байгаа. Цаашдаа зардал чирэгдэл болон асуудал ихтэй бэлэн мөнгө улам багасч CASHLESS болох нь бараг л 100% тодорхой гэж би хувьдаа бодож байна.

Мөнгө байхгүй бол?!

Японы NHK телевизийн бэлтгэсэн Money World нэвтрүүлгийн нэг дугаар. Мөнгө гэж юу вэ, эдийн засаг яаж ажилладаг вэ, мөнгөний төрөл болон ИРЭЭДҮЙД бэлэн мөнгө яах вэ гэсэн хэд хэдэн сонирхолтой сэдвүүдийн талаар гарах болно.

Бичлэг нь Монгол хэл дээр орчуулсан тексттэй болохоор сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна.

Money World

Төгсөлд нь танаас асуух нэг асуулт байна.

Та сардаа хэдий хэмжээний бэлэн мөнгө ашигладаг вэ?

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй