Улайрах (Deep work / Гүн үйл)

2B | +1% better 2day | b.002

--

Animated book summary (зураг)

Манай компанид нэг уламжлал гэх юм уу даа япон соёлын нэгэн илрэл байдаг юм. Тэр нь Даваа гараг болгон өглөө 10 цагаас хийдэг босоо хурал. Хурал дээр саяхан болсон үйл явдлын тайлан, удахгүй болох зүйлсийн мэдээлэл, онч үгс тэгээд хэн нэгэн нь илтгэл тавьдаг загвартай.

Нэг удаагийн илтгэл дээр УЛАЙРАХ (Deep Work) гээд нэг зүйл байдаг болон ажил дээрээ хэрэгжүүлбэл үр өгөөж өндөртэй байж болох талаар ярилаа. Цаашлаад номыг нь хамтарч унших хүн хайж байгаагаа дурдсан юм. Номын сэдэв нь тун чиг сонирхолтой санагдсан учраас бидний хэдэн нөхдүүд нийлж хэсэг хэсгээр нь хуваан авч уншин, цайны цагаараа уншсанаа бусадтайгаа хуваалцахаар болсон юм. Ингээд үр дүнд нь гарсан дүгнэлт болон хэрхэн өөр дээрээ хэрэгжүүлж байгаа талаараа энд сийрүүлж байна.

Номын тухай товч :

(зураг)

Хэвлэгдсэн он : 2016
Оноо (Goodreads) : 4.25/5
Гол санаа : Байнгын анхаарал сарниж байдаг одоо цагт хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар (Deep Work)
Зохиолч :
Кал Ньюпорт— (Cal Newport) MIT төгсөгч, Жоржтаун Их Сургуулийн Профессор

TL;DR хувилбар (Too Long; Didn’t Read)

Энэ хэсэгтээ номын талаар товчхон бөгөөд үндсэн санааг танилцуулах ба хүсвэл дараачийн хэсгийг (Дэлгэрэнгүй хувилбар) алгасан төгсгөлийн “Би яаж УЛАЙРДАГ вэ?” хэсэг рүү очоорой.

Өнөөдрийн нийгэмд АМЖИЛТТАЙ байхын тулд
- 1. Хэцүү зүйлсийг хурдан СУРАХ
- 2. ӨНДӨР бүтээмжтэй ажиллах (хурд & чанар)
хоёр чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.

Харин энэ 2 чадвар нь “DEEP WORK” буюу УЛАЙРАХ-тай шууд хамааралтай байдаг.

Улайрах (Гүн төвлөрч ажиллах) : Анхаарал сарнихгүй орчинд, өөрийн бүтээлч сэтгэлгээгээ тултал нь ашиглан 100% төвлөрч ажиллах

Deep Work by Cal Newport | Animated Book Summary | Between The Lines Animations

Дэлгэрэнгүй хувилбар :

Хэдий дэлгэрэнгүй гэж байгаа ч бүхэл бүтэн номыг бүгдийг нь багтааж чадахгүй болохоор өөрийн чухал гэж үзсэн хэсгүүдээ орууллаа. Илүү ихийг мэдмээр байвал номыг нь ЗААВАЛ уншаарай/сонсоорой.

Ном маань үндсэн 2 хэсэгтэй. Эхний хэсэг нь “DEEP WORK” гэж юу болох, яагаад хэрэгтэй талаар тайлбарлах бол дараачийн хэсэгтээ “DEEP WORK”-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, арга барилуудын талаар бичсэн.

Part 1: Deep work is Valuable, Rare, and Meaningful

“Deep work” буюу УЛАЙРАХ нь (гүн төвлөрч ажиллах) хүний бүтээлч сэтгэлгээг хязгаарт нь тултал эрчимжүүлж, бага хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллахыг хэлж байгаа юм. “Deep Work” хийснээр өөрт байгаа чадвараа ахиулах, шинэ ҮНЭ ЦЭНЭ-ийг үүсгэх боломжтой бөгөөд хүн болгоны хийгээд байдаг чат бичих шиг амархан зүйл БИШ юм.

Шуудангийн хайрцаг дүүрэн е-мэйл, хэрэгтэй хэрэггүй ажлын чат, нээлттэй оффис дах шуугиан (open office), сошиал медиануудын мэдэгдэл (push notification), яаралтай боловч чухал биш ажлууд (urgent but NOT important), хэрэгцээгүй хурал (UNnecessary meetings), хөгжилтэй зураг болон бичлэг (funny pictures & videos), хэзээ ч дундаршгүй мэдээллийн урсгал (news feed) зэрэг нь өнөөдрийн бидний ажил амьдралд МАШ ИХ сөргөөр нөлөөлж байдаг.

Эдгээр ажлуудыг “Shallow Work” буюу өнгөцхөн ажил гэж зохиолч маань нэрлээд байгаа. Ихэнх хүмүүс энэ ажлуудыг л хийдэг бөгөөд гаднаасаа харахад ЗАВГҮЙ мэт боловч хийхэд амархан, тасралтгүй анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй “Shallow Work” нь амьдрал дээр шинэ ҮНЭ ЦЭНЭ-ийг бараг л үүсгэдэггүй гэхэд болно.

Эсрэгээрээ та УЛАЙРСНААР хийж байгаа зүйлдээ улам гаршиж өөрийн болгон эзэмших бөгөөд түүнийхээ хажуугаар тухайн ажлаасаа авах сэтгэл ханамж ч бас өсдөг.

Shallow work vs Deep work (зураг)

Part 2: Suggestions on how to improve the skill of Deep Work
- Work deeply, Embrace boredom, Quit social media, Drain the shallows

Эхний хэсэгтээ “Deep Work” гэж юу болох, яагаад хэрэгтэй талаар бага зэрэг ойлголт өгсөн гэж найдаж байна. Харин одоо яаж амьдрал дээрээ хэрэгжүүлэх аргуудын талаар ярилцъя.

1. Өдөр бүр “Deep Work”-ийг хэрэгжүүл + өөрийн гэсэн хэлбэрийг үүсгэ (ritual)

Туршлагатай УЛАЙРАГЧ нар 7 хоногт 3-аас 4-н удаа 4 хүртэлх цагаар улайрдаг.

Хүний WILLPOWER буюу сэтгэлийн тэнхээ нь хэр удаан УЛАЙРЧ чадахыг нь тодорхойлох гол бензин нь байдаг. Харин энэ нь өөрөө хязгаартай, дуусчихдаг эд болохоор хамгийн их үр өгөөжтэйгөөр ашиглах хэрэгтэй.

Үүний тулд өөрийн гэсэн хэлбэр (ritual)-ийг үүсгэн, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх нь чухал.

  • Бүрэн тусгаарлах (Monastic)
    - Ажлынхаа гүнд орж удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж ажиллах (өөрийгөө бусдаас тусгаарлах хэдэн сараар…)
  • Хосолмол (Bimodal)
    - Тодорхой хугацааг (7 хоногт 3–4 өдөр) гүн төвлөрч ажиллахад зарцуулах, үлдсэнийг нь нээлттэй орхино гэсэн үг юм
  • Хэмнэлт (Rhythmic)
    - Өглөө эрт 5–7 цагийн хооронд гэх мэт давтамжтай өөрийн гэсэн хэмнэл бүхий 7 хоногийн төлөвлөгөө үүсгэх.
  • Сэтгүүлч (Journalistic)
    - Цаг л олдвол гүн төвлөрч ажиллах (УЛАЙРАХ).

Ихэнх хүмүүсийн хувьд Хэмнэлт (Rhythmic) хэлбэр нь хамгийн тохиромжтой юм уу гэж санагдсан. Тэр тусмаа анх эхэлж байгаа бол 1 цагаар 7 хоногт 3-аас 4 удаа УЛАЙРАХ төлөвлөгөө гаргаж юу хийсэн байхаа тодорхой болгон хянах нь илүү ҮР ДҮН-тэй байх болов уу.

Нэгэнт л төлөвлөгөө гаргасан бол тухайн цагтаа өөр юманд анхаарлаа хандуулж ОГТХОН ч болохгүй. 00 орох, идэх, уух, илүү дутуу зүйлсийг урьдчилан хийчхээд УЛАЙРАХ явцдаа бүгдийг нь өөрөөсөө хол байлгах хэрэгтэй.

N-headed distraction seeker (зураг)

Үүнээс гадна юу хийхээ мэдэх, түүнийгээ хянаж чаддаг (lead measure & lagging measure) байх нь ЧУХАЛ. Харин ажиллаж дууссан бол тэр ажлынхаа талаар бодохгүй, санаа зовнихгүй байх нь тархи амрахад, өөрийгөө цэнэглэхэд дөхөм болно.

Хийж үзэх зүйлс :
- Өөрт хамгийн тохиромжтой хэлбэрийг сонгон хэзээ УЛАЙРАХ, хэзээ САТААРАХ-аа (интернет хэрэглэх) сайн төлөвлөх хэрэгтэй.
- Ажлыг тодорхой цагт дуусган, дахин хийж эхэлтэл МАРТ!

Анхаарах зүйлс :
- УЛАЙРАХ-аасаа өмнө бэлтгэлээ сайн ханга. Өөртөө сатаарах БОЛОМЖ бүү олго!

Don’t give yourself the opportunity to be distracted

2. Уйдаж сур

Хэзээ төвлөрөхөө биш хэзээ сатаарахаа ТӨЛӨВЛӨ.

Хүмүүс ихэвчлэн юм хийх болохоороо л АНХААРЛАА төвлөрүүлж, элдэв янзын зүйлд сатаарахгүйг хичээдэг. Харамсалтай нь байнгын САТААРАЛ дунд байсаар байгаад төвлөрөх чадвар нь хэт багассан хүмүүс төдий л амжилттай төвлөрч чадах нь ховор. Харин эсрэгээрээ байнгын төвлөрдөг, системтэйгээр завсарлага авдаг хүмүүст энэ нь ХҮҮХДИЙН ТОГЛООМ шиг л байдаг.

High-Quality work produced = (time spent) x (Intensity of Focus)

Энэ бүлгийн гол санаа нь хэрхэн тэвчээрээ ИХЭСГЭХ болон анхаарлаа УДААН төвлөрүүлэхийг сурах юм.

Байнга өнгөцхөн ажил хийснээр УЛАЙРАХ чадвараа бид бага багаар алдаж байдаг.

Үе үехэн утсаа шалгах, 9Gag, YouTube зэрэг лүү шагайх нь хоромхон зуурын үйлдэл юм шиг боловч байнгын энэ үйлдлүүдээс болж бидний ГҮН ТӨВЛӨРӨХ ЧАДАМЖ маань багасаж байдаг. Тиймээс иймэрхүү хүсэл төрөх бүрийд өөрийгөө хянаж ҮГҮЙ гэж хэлснээр таны эсэргүүцэл сайжрах болно.

Үүнээс гадна ажилдаа явах, алхах, аяга таваг угаах зэрэг үйлдлүүдийг үр ашигтайгаар тархиа ажиллуулж өнгөрөөх нь цаг хэмнэхээс гадна, анхаарал төвлөрүүлэх чадварт эерэгээр нөлөөлж байдаг.

Хийж үзэх зүйлс :
- Интернет Мацаг барих (Internet Sabbath)
-
Эсэргүүцлээ ихэсгэх, дасгалжуулах (Train & Build up RESISTANCE)
- Бодох аргаа цэгцлэх (Structure your deep thinking)
- “Deep Work” mode
-г гол төлөвөө болгох : хэзээ амрахаа ТӨЛӨВЛӨХ
- “Roosevelt Dashes ашиглах : хугацаанд нь амжуулах, сул цаггүй ТӨВЛӨРӨХ
- Санах ойгоо сайжруулахын тулд хөзрийн моднуудыг цээжлэх (Moonwalking with Einstein)

Анхаарах зүйлс :
- Давталтад орохгүй байх (Beware of getting stuck in easy step - loop)

Can’t get past the HARD STEP

3. Сошиал медиаг УСТГА

Сошиал медиа танд хэрэгтэй юу? Та сошиал медиаг хэрэглэснээр ямар ҮНЭ ЦЭНЭ-ийг үйлдвэрлэдэг вэ?

Мужааны хэрэгслээ сонгох арга (The Craftsman Approach to Tool Selection) : буюу өөрийн хувийн болон мэргэжлийн амьдралын АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ-ыг тодорхойлох гол хүчин зүйлүүдээ эхлээд тодорхой болгон, түүний дараа тэдгээр зүйлсэд НӨЛӨӨЛӨХ эерэг тал нь сөрөг талаасаа хавьгүй илүү байх тэр л ХЭРЭГСЭЛ-ийг сонгоорой.

80/20-ийн хууль : Таны хийж буй зүйлсийн 20% нь л нийт үр дүнгийн 80%-ийг ТОДОРХОЙЛНО. (The law if the vital few : {Pareto Principle})

Тархиа ямар нэг УТГА УЧИР-тай зүйл хийлгэж өдрийг өнгөрөөх нь маргаашийг эрч хүчтэйгээр угтахад дөхөм болдог. Эсрэгээрээ ямар ч зорилгогүй вэб ухаж, хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэвэл бид ядарч туйлдсан, огт амраагүй юм шиг өглөө сэрдэггүй гэж үү?

Delete your social media

Хийж үзэх зүйлс :
- Сошиал медиа-г 30 өдөр ОГТ ХЭРЭГЛЭХГҮЙ байх (Энэ хугацаанд тухайн сервисийг хэрэглэх нь зайлшгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэдийгээ л буцаагаад ашиглаарай)
- Байнгын хэрэглэдэг сошиал медиа,төрөл бүрийг сервисүүдийг ДҮГНЭЖ өөрийн ЗОРИЛГыг чинь биелүүлэхэд хэрэгтэй эсэхийг нэг бодож үзээрэй

Анхаарах зүйлс :
- Юмнаас ХОЦРОХ ВИЙ гэсэн айдас нь утгагүй зүйл (Fear of Missing Out (FOMO))

No FOMO

4. “Үгүй” гэж хэлж сур (Drain the shallows)

Таны үгсийн санд байгаа хамгийн аюултай үг бол “ТИЙМ”.

Өдрийнхөө төлөвлөгөөг болж өгвөл цаг минутаар гарга. Ингэснээр юу хийх ёстой, хэр их хугацаа үлдсэнийг хянаж хэрэггүй зүйлд цаг үрэхээс сэргийлнэ.

Чухал зүйлсээ тодорхойлж түүнийгээ биелүүлэхийн төлөө бусад жижиг зүйлсэд ҮГҮЙ гэж хэлж сурах.

Тодорхой цагт ажлаа дуусгаж, цэгцлээд маргааш хүртэл тэр талаар дахин санаа зовох, мэйлээ шалгалгүйгээр ТАРХИА АМРАА. Бусад зүйлсийг хийхэд тань хийж дуусгаагүй ажлууд саад болох нь бий.

Хийх зүйлс :
- Их биш УХААЛАГ ажиллах
- Өдөр/7 хоног/Сар-аар нь төлөвлөгөө гарга
- Юу хийхээ ТОДОРХОЙ болгож, ХЯНАЖ байх. Мөн өөртөө хариуцлага тооцох.

Анхаарах зүйлс :
- Ядарсан үедээ ажиллах нь БҮТЭЭМЖ гаргадаггүй
- Анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхэд өмнөх бодол нь хормын дотор устаад алга болдоггүй (Attention residue)

Attention residue

Хэрэгжүүлэлтийн 4 дүрэм : 4DX (The four disciplines of execution)

  1. Хамгийн чухал зүйлс дээр төвлөр
  2. Lead measure”-дээр тулгуурлан өөрчлөлт хий
  3. Хяналт тавь
  4. Хариуцлага тооц
(зураг)

Би яаж УЛАЙРДАГ вэ?

Нэгэнт л ном уншсаных зүгээр чихнийхээ хажуугаар өнгөрөөх биш амьдрал дээр хэрэгжүүлж байж үр шимийг нь хүртэх байх. Тийм ч учраас өөр дээрээ туршиж үзсэн талаараа товч бичье.

“Deep work” хийх нь нилээн хэрэгтэй гэдгийг ухаарсан би хамгийн түрүүнд шууд сошиал медиа апп-уудаа устгасан.

Үүнээс гадна гар утасны OFFTIME гэдэг апп ашиглан гаднаас ирэх дуудлага, мессэж болон аппликэйшнуудыг блоклодог болсон.

Chrome-ийн push notification-ийг хаасан. Үүн дээр нэмээд Windows 10-ийн Focus Assist ашиглаж элдэв янзын мэдэгдлүүдийг харуулахгүй болгосон.

Focus Assist-г анх идэвхижүүлснээс хойш огт унтраагаагүй :D

Хэдий чухал байж болох ч мэйл ирсэн гэх дохио нь уншихаас нааш алга болохгүй саад байдаг. Тиймээс Chrome-ийн Boomerang нэмэлтийг ашиглан тодорхой давтамжаар мэйл ирдэг болгосон.

Ажил эхлэхээс өмнө (ажилдаа очих үедээ) мэйл болон чатуудыг уншиж дуусган, цай кофегоо бэлдээд л нэг хэсэгтээ суудлаасаа босохгүй дараачийн амрах цаг хүртэл төвлөрдөг болсон. Мөн илүү үр дүнтэй ажиллахын тулд Pomodoro техникийг ашиглан өөрийгөө хянахыг хичээж байгаа.

Өмнө нь Noise cancelling чихэвчээ зүүгээд дуу сонсоод ажилладаг байсан юм. Хэдий орчны дуу чимээг сонсохгүй боловч дууны үг нь төвлөрөхөд сөргөөр нөлөөлдөг тал байсан. Харин одоо ямар ч үггүй ая сонсонгоо ажиллахыг илүүд үзэж байгаа.

Concentrate Your Mind | lofi hip hop | Chillhop, Jazzhop, Chillout |

Ажлын цаг дууссан л бол гэртээ харьж маргааш болтол эргэж харахгүй байхыг хичээж байгаа. Тарахаасаа өмнө бүх асуудлаа шийдэх эсвэл цэгцлэх хэрэгтэй. Өмнө нь TeamViewer ашиглан гэрээсээ ажиллахыг илүүд үздэг байсан бол одоо гэртээ компьютер ч бараг асаахаа больсондоо.

Leave work stuff at work (зураг)

Одоохондоо хараахан 4 цаг хүртэл УЛАЙРЧ сураагүй байгаа ч хийсэн өөрчлөлтүүд маань аль хэдийнээ эерэгээр нөлөөлж байна гэж би дотроо дүгнэж байгаа. Удахгүй өглөө эрт 2 цаг төвлөрч сурахаараа дахин нэг үр дүнгээсээ хуваалцнаа. Мартах дөхсөн байна. Хамт уншсан хүмүүстээ БАЯРЛАЛАА :D удахгүй дахиад нэгийг унших биз ээ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй