Хакатон / Hackathon

2B | +1% better 2day | s.001

--

Хакатон гэж юу вэ?

Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино цаг хугацаанд шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм.” 👈👈👈 гэж Монголоор тайлбарласан юм билээ. Үүнийг нь товчхоноор хэлбэл 👇

Богино хугацаанд үр дүнд хүрэх, шийдлийг олох явц.
- Хугацаа : Богино (24 цаг — 7 хоног)
- Баг : 2–5 хүн

Хакатон (hackathon) гэдэг нь hack + marathon гэсэн үгээс гаралтай.

Хамгийн анхны хакатон нь 1999/6/4-ны өдөр Канад улсад OpenBSD Hackathon нэртэйгээр зохион байгуулагджээ. Харин хамгийн сүүлд OpenBSD Hackathon нь “t2k19: taipei mini hackathon” нэртэйгээр явагдсан байна.

Анх зөвхөн программистууд дунд хийгдэж эхэлж байсан бол одоо бүхий л салбарт Хакатон хийж байгааг ажиглаж болно. Томоохон компаниуд шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд ихээр ашиглах болсон.

Яагаад ХАКАТОН-д оролцох вэ?

Маш олон хүмүүс өөрсдийн чадвартаа эргэлзэн Хакатонд оролцохоос эмээдэг. Гэвч хакатонд оролцож байгаа хүмүүс технологитой “тоглох”, цагийг хөгжилтэй өнгөрөөх гэж оролцдог болохоор чадахгүй гэж бодох хэрэггүй. Та ямар нэг хакатонд оролцсоноор 👇

  • Туршлага : Практик дээр суурилсан мэдлэг олж авна. Онолыг бодит амьдрал дээр туршиж үзэх боломж.
    (design & build & test & deploy)
  • Баг : Хүмүүстэй танилцах, хамтарч ажиллах учраас нэг нэгнээсээ богино хугацаанд ихийг суралцах боломжийг бүрдүүлдэг.
    (new friends & collaborate & learn)
  • Fun & free : Хакатонд оролцох нь хөгжилтэй байдгаас гадна үнэгүй пицца, пиво, футболк өгдөг гэх мэт зүйлсээрээ онцлогтой.
    (fun & free stuff)

UT hackathon (2018/4/06–4/08)

Эхлэл хэсгийг уншаад Хакатонд оролцмоор санагдсан уу? Тэгвэл одоо би өөрийнхөө оролцсон нэгэн хакатоны туршлагаасаа хуваалцъя.

Таванбогд группийн Pizza Hut Mongolia + Unimedia Solutions LLC хамтран пицца хүргэлтийн хугацааг багасгах, үр дүнтэй ажиллах тал дээр шийдэл гаргахаар UT Hackathon-ийг зохион байгуулсан.

- Даалгавар : Пицца хүргэлтийн тоо буюу бүтээмжийг нэмэгдүүлэх
- Хугацаа : 41 цаг (Баасан 17:00 — Бүтэн сайны өглөө 10:00)
- Баг : 6 баг
- Өгөгдөл : Ерөнхий процесс + бүсчлэл + 1 сарын хүргэлтийн дата

Ямар ч төрлийн шийдэл байж болох бөгөөд 2 долоо хоногийн өмнө ерөнхий мэдээлэл, чиглэлийг өгсөн нь эртнээс санаагаа олох болон яаж хийх тал дээр бодох хугацааг олгож, амжилттай оролцоход түлхэц болж өгсөн.

Game time

За тэгээд бэлтгэлээ базаагаад ямар шийдэл гаргах, юу ашиглах, яаж хийх вэ гэж бодсоор байтал ЭХЛЭХ цаг боллоо.

  1. Асуудлыг судлах (Goal & Problems) 🎯
  2. Өгөгдөл дээр анализ хийх (Analyze & Study) 👁‍🗨
  3. Шийдэл гаргах (Brainstorm & Research) 💭
  4. Хэрэгжүүлэх (Build & Test) 🔨

гэсэн дарааллаар ажилласан.

1. Асуудлыг судлах

Pizza Hut process (International Standard)

Pizza Hut нь олон улсын стандартын дагуу ажилладаг болохоор үндсэн хоол хийх процесс нь ХАНГАЛТТАЙ сайн, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс бүх анхаарлаа ЗӨВХӨН ХҮРГЭЛТ хийх хэсэгт нь төвлөрүүлэхээр болсон байгаа.
(XX минут : Жолооч ирэх > Хүргэлт > Хаяг олох > Төлбөр)

Хүргэлт хийх үед гардаг хамгийн том 2 асуудал нь замын түгжрэл (60%), захиалгын оновчтой сонголт/хүргэлт (30%) хоёр байсан юм.

Түүнээс гадна
- Машины паркин 🅿
- Хаягийн хайлт 🔍
- Хэрэглэгчтэй холбогдох 📞
- Хүргэлтийн унаа хүрэлцээгүй ❌🚗
гэх мэт жижиг асуудлууд үлдсэн багахан хувийг нь эзэлж байсан.

2. Өгөгдөл дээр анализ хийх

Тайлбарласны дагуу 9 салбар нь нийтдээ XX+ машинтай бөгөөд салбаруудын өөр өөрсдийн бүсчлэлдээ хүргэлт хийсэн 1 сарын өгөгдлийг хакатонд оролцогчдод өгсөн байгаа. Excel sheet дээрх өгөгдлийг Google Marker Clustering ашиглан нягтаршил, хүргэлт хийсэн чиглэл зэргийг тооцоолсон.

Clustering

3. Шийдэл гаргах

Анализ хийсний үр дүнд хүргэлтийг хурдан болгох хэд хэдэн шийдэл бодож олсон байгаа.

1. Төвүүдээс явган хүргэлт
2. Гэрээт төвийн үйлчилгээ 🍕
3. Хамтрагчтай хүргэлт
4. Хувь хүний хүргэлт

Хамгийн түрүүн “Гэрээт төвийн үйлчилгээг” хэрэгжүүлэхээр зорьсон бөгөөд Pizza Hut-ийн салбараас гэрээт хүргэлтийн цэгрүү машинаар хүргэх, гэрээт хүргэлтийн цэгээс явганаар хэрэглэгчид хүргэж өгөх гэсэн загвараар ажиллахаар тооцов. 🚗⏩🍕⏩📭⏩😋
- Машинтай хүргэлт : паркин хайхгүй, цаг алдахгүй, олноор нь хүргэх боломж (Хийх үйлдэл нь энгийн бөгөөд хялбар)
- Алхах : ойрхон зайд хурдан хүргэлт хийх + нэмэлт орлоготой болох боломж (Автобусны буудал дээр байрлах ТҮЦ)

Хүргэлтийг үр дүнтэй бөгөөд шуурхай гүйцэтгэхийн тулд аль захиалгуудыг авах, аль замаар явбал түгжрэлд орохгүй хурдан хүргэлтээ хийх боломжтойг харуулах зорилгоор GoogleMaps болон UB Traffic хоёрыг хослуулан А — Б цэгүүдийн хооронд хэдэн минут зарцуулахыг тооцох систем хөгжүүлсэн.
- Google Maps : estimated time from A to B

Google Maps : Driving

Монголд байдаг нэг том асуудал нь өгсөн захиалга ямархуу явцтай байгаа нь мэдэгддэггүй. ЮУ болсон, хийгдэж байгаа эсэх, хаана яваа, хэзээ ирэх нь тодорхойгүй болчихдог. Тийм учраас Status Notification буюу шат дамжлагуудын төлөвийг нь харуулах хэрэгтэй гэж үзсэн.
- Cooking > Waiting for pickup > Car > Delivery on foot > Finished

BPL : status notification

Дээрх шийдлийг хэрэгжүүлэхэд хүргэлтийн бүтээмж нь цагт 1.xx байсныг нь хамгийн багадаа 2.22, ихдээ 4.07 болохоор тооцоолсон.

4. Хэрэгжүүлэх

Гар утасны апп хийхээр шийдсэн болохоор хайбрид хөгжүүлэлт хийдэг Ionic Framework-ийг сонгосон. Back End service-ээ мэддэг + энгийн гэдгээр нь Ruby (Sinatra)-г ашигласан байгаа.
- Front end : Ionic 3 (iOS & Android)
- Back end : Ruby (Sinatra) REST API

Нэг сонирхолтой зүйл нь манай багаас гаргасан апп (Google Maps + UB traffic + …) маань 2 долоо хоногийн дараа “Google Maps”-д “feature” болж орсон тохиолдол.

UB Traffic сайтын өгөгдлийг барьж аван замын түгжрэлийг бодож буй аргачлалыг нь ашигласан байсан нь яг адилханаар орсон байх шиг байна лээ.
(Жижигхээн “хак” маягын : албан ёсны зөвшөөрөлгүйгээр)

PHD vs Google Maps : Driving

Demo : PPT + Screen Record

Шүүгч нарт хийсэн бүтээлээ танилцуулах 15 минут + асуултанд хариулах 5 минут гээд нэг багт нийтдээ 20 минутын хугацаа олгогдсон. Манай багийн илтгэл (PPT) болон хийсэн аппликэйшний бичлэг маань 👇👇👇

Team 2 : Demo video

Бусад санаа :
- Буухиа хүргэлт (Замын камера + AI)
- POD (Branch-less delivery + route remembering)
- Delibot (Automated delivery robot)
- Walkizza (Pack + delivery on foot)
-
Moped & Bicycle

Би юу сурав? 🤔

Багаар ажиллах, баг удирдах талаар бага сага юм гадарладаг боллоо. 5-н хүнтэй баг учир өөр өөр ажил хуваарилан авч дараа нь үр дүнгээ нэгтгэх шаардлагатай байсан.

Бодит амьдрал дээрх асуудал дээр тулгуурлан богино хугацаанд АЖИЛЛАДАГ бүтээгдэхүүн гаргаж чадсан. Чанарын хувьд сайн биш ч гэсэн Proof of Concept (PoC) түвшинд хангалттай хийж чадсан гэж бодоод байгаа 😅.

Түүнээс гадна шинэ технологийг ашиглан өдөр тутамдаа тулгардаг асуудлуудыг шийдэх олон боломжууд байгаа гэдгийг олж харах шиг боллоо.

UT Hackathon — 1st place

Асуудал байвал ГОМДОЛЛОХ биш аргыг нь олохыг хичээх хэрэгтэй.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй