Bolor Batselenge
Sep 3, 2018 · 2 min read

Зүүн Үзэмчин хошуунд зорчисон тэмдэглэлээс…

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг нь монгол олон үндэстэн ястны өлгий нутаг билээ. Түүн дундаа Зүүн үзэмчин хошуу нь үзэмчин ястан төвлөрөн суудаг газрын нэг нь юм. Зүүн үзэмчин хошуу анх засаг захиргааны нэгжийн хувьд 15 сумтай байсан бөгөөд одоо 9 сум, 57 гацаатай болсон байна. Газар нутгийн хэмжээ нь 47300 км² ба хошууны төвийг нь Улиастай гэнэ. Зүүн үзэмчин хошуунд 70 мянга орчим иргэн амьдардаг ба хүн амын 64.5 хувийг нь монгол үндэстэн эзэлнэ. Бүс нутгийн ДНБ нь 2010 онд 5.87 тэрбум юань байсан бол 2015 онд 10.8 тэрбум юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 15.3%; нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 75,000 юаниас 158,000 юаньд хүрч, хоёр дахин нэмэгджээ.

Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг. Үүнээс Зүүн үзэмчин хошуу ар талаараа Монгол улсын Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэртэй 527.6 км зурвасаар хиллэдэг бол бусад талаараа Баруун Үзэмчин хошуу, Шилийн хот, Авга хошуу, өөртөө засах орныхоо Хянган аймаг, Тунляо, Улаанхад хоттой хаяа залгадаг. Нийт газар нутгийнх нь 95 хувийг өвст ногоон тал эзэлдэг ба малын бэлчээрээр ашигладаг байна. Тус хошуунд манай улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь “Бичигт” боомттой хиллэдэг олон улсын чанартай байнгын ажиллагаатай “Зүүн хатавч” боомт үйл ажиллагаа явуулдаг. “Зүүн хатавч” боомт нь 1992 онд улирлын чанартай үйл ажиллагаа эхэлсэн ба 2008 оноос хойш байнгын горимоор ажиллаж эхэлжээ. Хилийн боомт байнгын горимоор ажиллаж эхэлснээр иргэд хоорондын харилцан зорчих, арилжаа наймаа эрхлэх, ачаа тээврийн асуудалд дөхөм болсон байна.

    Bolor Batselenge

    Written by

    Journalist, freelancer…