Bulgan Tuya
Nov 5 · 2 min read

Байт харваан спортод хэрхэн дурлаж байсан түүхээ хуваалцъя

Миний дурласан спорт

Байт харвааны спортын талаар миний анх таньж мэдсэн үе гэвэл 2008 оны Бээжингийн олимп. Монголоос паралимпийн аварга төрсөн үе юм. Өмнө нь би гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар /гар бууны төрөл/ О.Гүндэгмаагийн жинхэнэ фанат байлаа л даа. Паралимпийн аварга Д.Баатаржав ахын оролцсон нэвтрүүлэг зурагтаар гарсны дараагаас би байт харвааны спортыг сонирхож, судалж эхэлж билээ. Их сургууль төгсөөд гадагшаа явахаар хэлний бэлтгэлд сурч байсан би нэг л өдөр зориглоод “Нийслэл Өргөө” клубийн бэлтгэлээ хийдэг модны 2-ын тэнд байрлах зааланд очсон юм. Түүнээс хойш зургаан жил өнгөрч. Эхний нэг, хоёр сар үнэн уйтгартай байсан. Огт танихгүй хүмүүс дунд ороод, өмнө хийж үзээгүй дасгалуудыг хийж эхэлсэн. 2–3 цаг хана тулж зогсоно, резин татна, суниана. Үүнийгээ тэд техник дасгал гэдэг байв. Нэг л хэвийн, уйтгартай. Үүнийгээ бараг хоёр сарын турш өдөр алгасалгүй хийсэн. Дараа нь резин дээрээ харвалтын дасгал, задаргаа хийж эхэлвээ. Энэ үеэс л дахин сонирхол татагдаж эхэлсэн. Резин дээрээ задаргаагаа зөв хийгээд байвал нум татуулна гэж багш маань хэлсэн юм. Нум гэдэг зүйлийг гартаа барьж үзэх нь байна шүү дээ… Хоёр дахь сарын сүүлээс нум татаж эхэллээ. Татаал байлаа, татаал байлаа… Дараа нь нэг л өдөр харваж эхэлсэн. Өө бурхан минь! Татаад тавьсан сумны агаар зүсэх чимээ хамгийн тансаг, жинхэнэ супер. Шүкк, шүкк гээл … Кино шиг л санагддаг байсан даа. Харвах үед миний хамгийн дуртай мэдрэмж бол нумны чичиргээ, сумны чимээ. Шүкк… Бусад тамирчдын харвах чимээг сонсохоор арай өөр. Миний тавьсан сумны чимээ л огт өөр сонсогдоно. Бүр мааш гоё! Гоё гэдэг яг ямар утга илэрхийлж байгааг хүн бүр өөр өөрөөр төсөөлөх байх л даа. Харвах үед төрдөг тэр гоё мэдрэмжийг зүйрлэж хэлэхэд миний уран сэтгэмж, үгийн баялаг дутна.

#Гоё Нэг л тааламжтай, амттай, өдөржингөө өлсөж байгаад халуун мока амтлах шиг, эцэтлээ кардио хийчээд амьсгаа дараад амрах шиг, өглөө эртлэн босч явган алхсаар зорьсон оргилдоо хүрч байгаа шиг, уулзалгүй удсан хайрт хүнээ бусдын нүд хариулан тэврэх шиг, нууц нь үл тайлагдах адармаатай кино ч юм шиг. Тийм л сонихон, гайхалтай, салж хагацмааргүй, адармаатай ч аз жаргалтай мэдрэмж төрдөг.

Хэтэрхий тансаг… Хэрвээ чи энэ спортоор хичээллэхийг хүсвэл юу хийх хэрэгтэйг биш, яаж хийх хэрэгтэйг мэддэг байх ёстой. Өөрийнхөө үе, яс бүрийг мэдэрч, өөртэйгөө ажиллаж сурах хэрэгтэй. Мэдээж энэ бүхэн маш их хичээл зүтгэлээр бий болно. Би яг л тэр зам дээр явж байна. “Бүхнийг орхимоор санагдсан үедээ яагаад эхлүүлснээ сана…”

2017 оны 10 дугаар сарын 10.

    Bulgan Tuya

    Written by

    Сайн муу гэсэн зүйл байдаггүй. Оюун бодол л ийн дүгнэдэг :)