Миний Амьдралын Философи: 25 Наслахдаа Ойлгосон 25 Зүйл

16 хоногийн дараа 25 хүрлээ гэж. Үгүй бас нэг худлаа үнэн хорвоогийн тоосыг 25 жил хөдөлгөж явсных энэ хугацаанд бишгүй л алдлаа, онолоо. Өдийг хүртэл ойлгоогүй яваа асар олон зүйл бий ч бас ойлгож авсан зүйл цөөн хэд бий. За тэгээд олон юм нуршаад яахав: “Миний 25 наслахдаа ойлгосон 25 зүйл”.

Ууланд алхаж байсан чинь нэг нь зураг авчихсан байна лээ хаха
  1. “You are the average of the five people you spend the most time with”. Хүн өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлнэ өөрөө ч тийм л болдог. Хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйнхээ төлөө хичээж зүтгэдэг хүмүүстэй ойр байвал өөрөө ч тийм л байна. Ямар ч хичээл зүтгэлгүй, өнөөдрөө л аргацаасан хүмүүстэй хамт байгаад байвал бас тийм л байна. Харин та ямар хүмүүстэй цагийг илүү өнгөрүүлж байна? Орчноо солих цаг болсон юм биш байгаа?
  2. Ном унш. Завгүй байна, унших зав олдохгүй байна гэдэг бол зүгээр л нэг шалтаг. Дэлхийн хамгийн завгүй, хамгийн чухал ажил алба хашдаг Барак Обама, Уоррен Баффет зэрэг хүмүүс хүмүүс зав гаргаад болоод байхад бид нарт л өдөрт ганц цагийн зав гаргах боломж олдохгүй байв гэж?
  3. Гэхдээ зөв зүйлээ олж унш. Хэрэгтэй хэрэггүй хог новш уншиж цагаа үрж байхаар сайхан унтаж нойроо авсан нь хамаагүй дээр байх. Иймд ямарваа нэг номыг уншиж эхлүүлэхээсээ өмнө интернэтээр тэр номны талаар хүмүүс юу гэж хэлсэн байна (review) сайн унш. Ямар ч ном бүх хүнд таалагдана гэж байхгүй. Хүмүүс сайлсан ч байгаа муулсан ч байгаа. Гэхдээ яагаад сайлсан байна, яагаад муулсан байна гэдгийг нь ойлго. Тэгээд энэ надад хэрэг болох ном уу? надад таалагдах ном уу? гэдгийг дахиад нэг бодоод үз.
  4. Бүгдийг өөрөө хийх гэсний хэрэггүй. Би бага байхдаа бусдаас дор, бусдаас ухаан муутай хүмүүс л бусдаас тусламж гуйдаг гэж боддог байсан учир бүгдийг л өөрөө хийхийг хичээдэг байлаа. Ер нь өөрийгөө бусдаас илүү гээд худлаа итгэчихсэн байсан тулдаа л бүгдийг чадна гэж боддог байсан байх. Гэхдээ арай том болж, ухаан суугаад, өөрөөсөө хамаагүй илүү хүмүүстэй танилцаад ирэхээр өөрийнхөө юу ч чаддаггүй гэдгээ улам ойлгодог юм билээ. Ер нь хүн болгоны чаддаг зүйл, чаддаггүй зүйл гэж бий. Чаддаггүй зүйл дээрээ бусдаас үргэлж тусламж гуйж бай. Харин чаддаг зүйлээ бусаддаа зааж бай.
  5. Багийн тоглогч бай. Стив Жобст Стив Возниак байсан, Билл Гейтст Пол Аллен байсан. Ер нь ганцаараа зүтгэсээр байгаад амжилтанд хүрсэн хүн гэж бараг л байхгүй болов уу. Өмнө хэлсэнчлэн ямар ч хүн бүх зүйлийг сайн хийнэ гэж байхгүй. Иймд өөрийнхөө сайн чаддаггүй зүйлийг чаддаг хүмүүстэй хамтар, тэдэнтэй нийл. Багаар ажилла. Үргэлж багийн тоглогч бай.
  6. Өөрийн бодлоо бусдад битгий тулга. Би ер нь өөрийнхөөрөө их зүтгэх гээд байдаг талтай. Өөрийнхөө бодолд үнэнч байна гэдэг нь зөв гэж боддог. Гэхдээ миний зөв байлаа гээд бусад хүмүүсийн буруу байна гэсэн үг биш. Ямарваа нэг зүйлийг хийх ганцхан зам байна гэж байхгүй. Хоёр, гурав магадгүй арван арга байгаа байх. Тийм болохоор бусдын ч гэсэн бодлыг сонс. Магадгүй тэдний арга чинийхээс ч дээр байж болно шүү дээ.
  7. Мэддэггүй зүйлийнхээ талаар битгий ярь. Хүмүүс мэдэхгүй зүйлийн чинь талаар ярилцаж байвал худлаа мэддэг дүр эсгэж өөрийгөө эвгүй байдалд оруулахын оронд зүгээр л чимээгүй сонс. Тэдний яриан дундаас нэг ч гэсэн зүйлийг сурж авахыг хичээ.
  8. Олон төрлийн мэдлэгтэй бай. Мэддэггүй зүйлээ битгий ярь гэснээс зүгээр л ихэнхи зүйлийн талаар мэддэг болчих. Чи энэ талаар мэдэх хэнд ч хэрэггүй гэж бодож байж болох ч ямар ч хүнтэй ямар ч сэдвээр ярилцаж чаддаг байх нь хамгийн чухал ур чадваруудын нэг. Викториа Сикретийн моделуудын ч гэсэн цөөн хэдийнх нь нэрийг цээжилчих.
  9. Ямарваа нэг зүйлээр тууштай хичээллэ. Судалгаагаар илүү discipline буюу сахилга баттай хүмүүс илүү өндөр амжилтанд хүрдэг талаар их дурдсан байдаг. Харин сахилга бат нь цаанаас төрдөг зүйл биш ба хүн өөрийн амьдралын явцад олж авдаг зүйл бөгөөд хөгжим, спорт зэргээр тууштай хичээллэх нь хүнийг илүү сахилга баттай болгодог. Илүү сахилга баттай бол яах билээ харин?
  10. Өөрийн гэсэн зорилготой, сонирхолтой, мөрөөдөлтэй бай. Ямарваа нэг зүйлд сонирхолтой бай түүнтэйгээ холбоотой зорилготой, мөрөөдөлтэй бай. Гэлээ гээд заавал би дэлхийг өөрчилнө, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж зорих шаардлагагүй (гэхдээ үнэхээр тэгж хүсэж байгаа бол бас болохгүй зүйл байхгүй л дээ). Мөрөөдөл гэхээрээ л заавал асар том байх албагүй. Чи гоё кофенд дуртай, жижигхээн кофе шоптой болохыг хүсдэг, мөрөөддөг байж болно эсвэл магадгүй мөрөөдөл чинь бүр маш жижигхэээээн зүйл ч байж болно. Хэр жижиг эсвэл том байх нь хамаагүй мөрөөдөлтэй л бай. Түүнийхээ төлөө хичээ, зүтгэ, ажилла. Яаж тэр мөрөөдөлдөө хүрэх талаар шат дараатай төлөвлөгөө гарга.
  11. Өөрөөсөө өөр сонирхолтой хүмүүстэй танилц. Найз нөхөд, ойр дотны хүмүүс чинь чамтай л ижил сонирхолтой, чамтай л ижил бодолтой хүмүүс байгаад байвал чиний ертөнцийг харах өнцөг зөв ч бай, буруу ч бай хэзээ ч өөрчлөгдөхгүй. Иймд өөрөөсөө тэс өөр хүмүүстэй танилц, тэдэнтэй нөхөрлө. Тэдний юу бодож явдаг талаар ярилц.
  12. Үргэлж хамгийн сайн, сайхан зүйлсийг ходоодруугаа хий. Хүн нэг л амьдрахаас хойш үргэлж амттай зүйл идэж байх ёстой гэж боддог. Гэхдээ амттай зүйл иднэ гээд өдөр бүр тосонд шарсан (deep fried) чихэр ихтэй, хямд хоол идээд байвал нөгөө ганц амьдрал чинь төдийлөн удаан үргэлжлэхгүй л байх шүү. Иймд ходоодруугаа хийж байгаа зүйлийнхээ талаар үргэлж бод, эрүүл хоолло гэхдээ амттай зүйл ид.
  13. Бясалгал хий. Бясалгал хийснээр хүн илүү тайвширч (depression, anxiety багасдаг) анхаарал төвлөрөх зэрэг олон сайн үр дагавартай. Ердөө 10-хан минут чимээгүй сууж зөв амьсгалаад л тархиа цэнэглээд, биеэ сэргээгээд авна гэхээр гайхалтай биш гэж үү? Ууг нь бясалгал нь хүмүүсийн боддог шиг нэг тийм хэцүү эсвэл тэнэг (lame) зүйл биш л юм. Оролдоод л үзэх хэрэгтэй. Интернэтээр дүүрэн заавар байгаа. Сүүлийн хэдэн жил бүр гоё гоё апп-ууд ч зөндөө гарсан.
  14. Даруу бай гэхдээ хэтэрхий даруу байж болохгүй. Хэн ч онгироо сагсуу хүнд дургүй гэхдээ тэд бас хэтэрхий даруу хүнийг үл тоодог. Би би би би гээд байж болохгүй ч өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлүүлж сур.
  15. Ганцаараа байж сур. Ганцаараа гадуур яв, хоол ид, кофе уу, зүгээр л гэртээ ганцаараа өдрийг өнгөрүүл. Хүн ганцаараа байх үедээ өөрийнхөө амьдралын, алдаа оноонуудын талаар бодох боломж олддог. Ер нь тэр бүр бодоод байдаггүй зүйлсээ бодож, бодлоо цэгцлэх боломж олддог.
  16. Price per use rather than the initial price. Ямарваа нэг худалдан авалтыг хийхээсээ өмнө анх авах үнийг нь бус нэг удаагийн хэрэглээний үнийг нь бодоод үз. Мөнгөө хэмнээд хямдхан гутал авчихсан чинь хэдэн сар өмсөөд л муудчихвал яах вэ? Харин мөнгөө хэмнэлгүй, арай үнэтэйг нь авбал хэдэн жил ч өмсөх юм бил үү? Гэхдээ чанартайг нь авч байна гээд хэтэвчнийхээ зузаанаас хэтэрсэн зүйл битгий ав.
  17. Хуучинсаг бай. Түрүүлээд мессеж бичиж болохгүй, сийндчихлээ, танилцсанаас гурав хоногийн дараа залга, их бичвэл өлөн санагдана…. f*** all these s**t. Юу хийх ёстой гэж бодож байна, түүнийгээ л хий. Цэцэг авч өг, болзоонд урь, гадуур алх ер нь хүмүүс чаталдаг болохоос өмнө юу хийдэг байсан тэр бүгдийг л хий.
  18. Хуучинсаг гэснээс kindle хэзээ ч цаасан номноос илүү гарахгүй. Kindle $100–300 орчим үнэтэй бөгөөд цаашид номнуудаа үнэгүй аваад явчих боломжтой. Харин нэг ном $10+ дээр нь каргоны мөнгө төлнө, гэрт зай эзэлнэ, тэгээд ч зузаан ном гадуур авч явж байхаар Kindle-ээ аваад явсан нь хамаагүй авсаархан гээд бодохоор Kindle нь яагаад ч дээр юм шиг санагдах авч жинхэнэ ном гартаа барих, хуудсыг нь эргүүлэх мэдрэмж, шинэхэн номны үнэр зэргийг Kindle-ээс хэзээ ч авч чадахгүй.
  19. Procrastination буюу залхуурал бол муу зүйл биш. Би ер нь өөрөө жаахан залхуу хүн л дээ. Яаралтай л биш бол ямарваа нэг зүйлийг үргэлж бага ч гэсэн хойш нь тавихийг хичээдэг. Гэхдээ хойш нь тавьж байна гэдэг маань зүгээр тэр зүйлийн талаар ор тас мартаад цаг нь тулахаар нь “өөө нээрэн тэрийг хийх ёстой билүү” гэж санаад яарч хийхийг хэлсэнгүй. Цаг нь тулсан зүйл биш л бол шууд хийж эхлэхээсээ өмнө яаж хийвэл дээр талаар жаал бод. Яаж залхуурч, яаж амархан аргаар хийж болохоор байна? Манай Монголчууд (яг үнэндээ Орос хэллэг юм шиг байгаа юм) 7 хэмжиж, 1 огтол гэдэг дээ.
  20. Хоол хий, гэрээ цэвэрлэ. За энэ хэсгийг манай ээж уншвал ёстой татаад уначих байх л даа. Гэхдээ хоол хийх, гэрээ цэвэрлэх (ялангуяа аяга таваг угаах) нь хүний сэтгэл зүйд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд маш сайн тайвшруулдаг талаар сэтгэл судлаачид онцолсон байдаг. Миний хувьд хааяааааааа нэг хоол хийх үед тухайн үед бодогдож байсан бүхий л бодол арилж маш сайхан тайвширч чаддаг. Жич: эхнэр, найз охинтой хүмүүс нь тэгээд хоол хийж, гэр цэвэрлэхээр сүр сүлд, хийморь уначихдаг гээд тэнэгтээд байваа.
  21. Банк санхүү, уул уурхайн талаар мэдлэгтэй бол. Юу ч мэдэхгүй болохоор чинь хэдэн нөхдүүд хүссэн болгоноо яриад тархийг чинь угаагаад байна шдээ.
  22. Өөрөө өөрийгөө хайрла. Шинэ хувцас авмаар байна уу? АВ. Шинээр гарсан нэг электроникийг авмаар байна уу? АВ. Массажинд ормоор байна уу? ОР. Сайхан хоол идмээр байна уу? ИД. Өөрийгөө гаднаас нь ч, дотроос нь ч торд. Өөртөө мөнгө, цаг зарцуулахаас хэзээ ч битгий зайлсхий. Юу хийхийг хүсэж байна түүнийгээ хий. Өөрийгөө баярлуул, өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг ч хайрлаж чадахгүй. Хайр дурлал гэж олон юм ярихаасаа өмнө өөрийгөө сайн хайрлаад сурчих.
  23. Орлого нэмэгдэж байна гэдэг нь хэрэглээ чинь өснө гэсэн үг биш. Харин хуримтлал чинь л нэмэгдэж байна гэсэн үг. Хүнд хэзээ ч юу ч тохиолдож магадгүй тул үргэлж нөөц төлөвлөгөөтэй бай, үргэлж хуримтлал, хадгаламжтай бай.
  24. Чадахгүй бол чадна гэж хэзээ ч битгий хэл. Томоохон төсөл дээр ажиллах гэж байлаа ч, зүгээр орой найзуудтайгаа уулзая гэж байлаа ч. Ер нь юу ч байсан чадахгүй бол чадахгүй л гэдгээ хэл. Чамайг чадна гээд хэлчихээр бусад чинь чамд тодорхой хэмжээгээр найдчихна шүү дээ.
  25. Хүн бүрт итгэ. Би ер нь за энэ хүн яагаад ч миний итгэлийг дааж чадахгүй дээ л гэж бодоогүй бол огт танихгүй хүн байсан ч итгэхийг хичээдэг. Гэхдээ мэдээж хүн болгон итгэлийг чинь дааж чадахгүй. 5 хүнд итгэл үзүүллээ гэхэд магадгүй 4 нь чиний итгэлийг хугалах байх. Гэхдээ үлдсэн 1 нь үнэхээр итгэлийг чинь дааж чадах хүмүүс гэдгээ харуулах болно. 4 удаа урам хугарснаас илүүтэй итгэл даах 1 хүнтэй болох нь чухал биш гэж үү?

Надтай санал нийлж байгаа эсвэл санал нийлэхгүй зүйл байна уу? Хэрвээ нийлэхгүй байвал яагаад нийлэхгүй байна вэ?