Сэтгэц эрүүл бол бие эрүүл.

2015 онд АНУ-ын 12000 гаруй хуульчдын дунд судалгаа хийж л дээ. Гэтэл тамхи, согтууруулах ундаанд донтох, нойргүйдэх, анхаарал сарних, сэтгэл гутрах, тархинд цус харвах, зүрхний шигдээс, гэр бүл салалт, цаашилбал амиа хорлолт анхаарал татахуйц өндөр байгаа нь харагдаж. Судалгааны дүгнэлт нь “хуульчдад сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй чухал”.

Монголд ч ялгаагүй, ид насны мэргэжилтнүүд ихэнх нь тамхичин, нойргүйдсэн, байнга ямар нэг зүйлд санаа зовдог, анхаарал төвлөрөхөө больсон, мартаж санах нь ихэслээ гэсэн зүйл яриастай. Америк, монгол хүнд онцын ялгаа юу байхав дээ. Америк хүний ийм асуудал нь “сэтгэцийн эрүүл мэнд”-ийнх, монгол хүнийх нь сэтгэлийн тэнхээгүй, буруу зуршилтай, арчаагүйнх биш л байлгүй.

Ингэхэд “сэтгэцийн эрүүл мэнд” гэхээр толгойдоо сумтай, “хурцын тасаг”-т очих ёстой хүний талаар ярьж байгаа юм шиг бодохвий.

“Сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдал.

“Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдал.

Тэгэхээр үүнийг уншигч та, бичигч би бээр ч тулгамдсан асуудалтай явааг үгүйсгэхгүй байгааз.

Итгэхгүй бол энэ ярилцлагад сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж нь нойргүйдлээр илэрдэг гэж мэргэжлийн хүн хариулсныг уншина биз.

Манай хуульчид хаагуур явна?

Хуульчийн мэргэжлийн онцлог буюу өдөр тутмын ажлын зураглал нь ахин, дахин бусдын зовлонг хуваалцах, тэдний асуудлыг шийдэх юм. Жаргалтай үедээ хуульчид хандана гэж барагтай байхгүй. Үүн дээр нэмээд ажлын ачаалал ихийг ч хэлэх үү. Хуульч нь хуульч биш хүнээс 3.6 дахин илүү сэтгэл хямарч, гутардаг гэсэн судалгаа ч бий. Тиймээс хуульчдын сэтгэцийн эрүүл мэнд нь яалт ч үгүй хууль зүйн салбарын бодлого барьдаг хүмүүсийн анхаарвал зохих асуудал.

Манайхны хувьд энэ нь шинэ сэдэв. Хуульчдын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дагнасан судалгаа байхгүй. Хууль зүйн сургуулийн хөтөлбөрт байх Хууль зүйн сэтгэл судлал хичээл нь үйлчлүүлэгчдийн сэтгэл судлал, тэдэнтэй хэрхэн харилцах арга заадаг. Хууль зүйн үргэлжилсэн сургалт дахь энэ сэдэвт хүчээр багтааж болохуйц хичээлүүд нь “хувь хүний эерэг хандлага” төдийхнөөр хязгаарлагддаг.

“Өөдрөг бай, эерэг ханд” гэх цайны үгээр үнэхээр өөдрөг байж, эерэг хандлагатай болно ч гэж юу байхав. Наагуур л даялаад байна гэсэн үг.

2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс захиалан хийлгэсэн “Шүүгчийн цалин хангамжийг тогтоох үндэслэл, шаардлага” судалгаа, 2016 онд Монголын Хуульчдын холбооноос хийсэн “Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” судалгааны дүнгээс хэдэн тоо дурдъя.

Прокуроруудын 64% нь, шүүгчдийн 91.4% нь ажлаасаа шалтгаалсан стресс, сэтгэлийн дарамтад ордог гэж хариулжээ. Ажлынх нь яг юу нь ийм байдалд хүргээд байгааг харвал ажлын ачаалал өндөр, цалин хангамж бага, хэргийн оролцогчдын таагүй зан авир, өөрийнх нь болон ойр дотныхных нь аюулгүй байдлын баталгаа, мэргэжлийнх нь өндөр хариуцлага зэрэг байх аж.

За тэгвэл энэ стрессийг тайлахаар юу хийдэг, байгууллагын зүгээс ямар бодлого барьдагийг тандах гэсэн ч эрэл энд хүрээд мухардав.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь тухайн хуульчийн хувийн асуудал биш. Хуульчдын дундаж наслалт багасах нь туршлагатай хуульчид эрт нас барах эрсдэл, гэр бүл салалт өндөр байх нь нийгмийн асуудал, стрессээс үүдэлтэй ёс зүйгүй зан харилцаа, ажлын бүтээмж буурах зэрэг нь нэг талдаа хууль зүйн салбарын нэр хүнд, нөгөө талдаа төсөв үр дүнгүй зарцуулагдах уршигтай.

Гадныхан яаж байна?

Шотландын Хуульчдын нийгэмлэгийн захирал “Таван өмгөөлөгч тутмын нэг нь амьдралдаа ядаж нэг удаа мэргэжлээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудалд орж байдгийг бид мэднэ” гэж ярилцлагадаа дурдсан байх юм.

Өнгөрөгч оноос Канадын Барын холбооноос сэтгэл судлалын мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт хийх болж. Тус сургалт нь хуульчдад:

  1. Сэтгэл зүйн байдлаа тодорхойлох, ямар нэг сөрөг шинж тэмдгээ (донтолт, гутрал зэрэг) таних;
  2. Мэргэжлээс шалтгаалсан таагүй мэдрэмжээ тодорхойлох, даамжрахаас урьдчилан сэргийлэх;
  3. Эмчилгээний арга хэрэгсэл, эмчлүүлэх газрын талаар мэдээлэлтэй болох;
  4. Энэ талаараа бусадтай хуваалцах.

зэрэг чадваруудыг суулгах 4–6 цагийн онлайн сургалт аж.

АНУ-ын Техас мужийн Барын холбооны албан ёсны сайтад “Хуульчдын стрессээ даван туулах 10 арга”-гарын авлагыг байршуулсан байна. Гарын авлагын өмнөтгөлд “Манай мужид хуульчаар ажиллах амаргүй давааг бид мэднэ” гэсэн байх юм.

Эцсийн эцэст

Байнга шударга ёсны талд зогсох амаргүй. Шударга ёс, мэргэжлийн зарчмынхаа төлөө бүхий л амьдралаа дэнчин тавих тохиол хуульчдад цөөнгүй бөгөөд энэ бүрийд жирийн хүнээс давсан сэтгэлийн хат, сэтгэл зүйн хүчтэй чанар зайлшгүй чухал. Хуульч нь анхнаасаа шударга байх өгөгдөлтэй робот биш, махан бие, цусан зүрх, усан нулимастай хүн учраас тэр.

Хуульчийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь мэргэжлийн хувьд тулгарах аливаа эрсдэлийг туулах, даван гарах чадвар суух тухай ойлголт.

Нэг хуульч энэ талаар яривал өөрөө “сэтгэцийн эмгэг”-тэйгээрээ цоллуулна, үйлчлүүлэгчээ алдана. Иймээс мэргэжлийн холбооных нь зүгээс ил тод ярьж, урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Нийтлэлийн эхэнд дурдсан АНУ-д хийгдсэн судалгааны асуулгын хэсгээс сонирхуулъя. Та ихэнхт нь “тийм” гэж хариулбал

Шалгах асуултууд
· Ойр дотны хүмүүс тань болон та өөрөө зан аашаа өөрчлөгдөж буйг анзаарч байна уу?
· Ажлын болон хувийн харилцаанд хариуцлагатай байхад хэцүү болсон уу?
· Анхаарал төвлөрөлт муудаж, мартаж санах нь ихэссэн үү?
· Уурлах, гуниглах гэх зэрэг сэтгэл хөдлөлөө барихад хүндрэлтэй байна уу?
· Уулзалт таслах, хойшлуулах, утасны дуудлага авахгүй байх нь олширсон уу?
· Унтах, идэх зуршил өөрчлөгдсөн үү?
· Гэр бүлд тань асуудал үүссэн үү?
· Гэр бүлд тань архинд донтсон хүн байсан уу?
· Аливаа сэтгэлийн асуудлаа архи уух, мөрийтэй тоглох байдлаар шийдэх гэдэг болсон уу?
· Архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэж байна уу?
· Мөрийтэй тоглоом танд санхүүгийн хүндрэл учруулж байна уу?

Дэлгэрэнгүйг эндээс харна уу.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.