Үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг хууль

Интернет гэдэг өдгөө хүний суурь эрх болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний салшгүй хэсэг болжээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь бусад эрхийг эдлэх боломжийг тэлдэг бол интернэт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрэгжих боломжийг тэлж өгсөн. Өөрөөр хэлбэл, интернэт нь хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг өргөтгөсөн юм. Энэ ч үүднээс интернэтээр дамжуулж, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах боломж нь ардчилсан нийгмийн гол шинжид тооцогддог, гол шалгуурын нэг болоод байна.

2016 он бол сонгуулийн жил. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаанд интернэт ашиглаж болохыг тусгажээ. Өөр аргагүй. Цаг үе шаардаж байна. Интернэт, тэр дундаа сошиал медиа нь үнэхээр сонгуулийн кампанит ажлын чухал хэрэгсэл мөн үү? Аль 2008 онд АНУ-д Барак Обама интернэтийг (facebook, twitter, youtube, myspace болон хувийн сайт) амжилттай ашиглаж, сонгуульд ялсан юм. Сошиал медиагаар дамжуулж, тодорхой бүлгүүд (ЛГБТ, эмэгтэйчүүд г.м) болон сонгуульд хамгийн идэвхигүй оролцдог залуучуудын сэтгэлийг татаж, өөртөө санал өгүүлж чадсан нь ийм үр дүнд хүргэсэн хэрэг.

Сошиал медиа нь яалт ч гүй нэр дэвшигчдийн өөрийгөө эерэгээр харуулах, сонгогчидтойгоо шууд харилцах шинэ хэрэгсэл мөн. Фэйсбүүк гэхэд л энэ оны эхний сарын байдлаар 1,591 тэрбум хэрэглэгчтэй байх ба үүний 1,038 тэрбум нь өдөр тутам хэрэглэдэг гэсэн статистик байх юм. Энэ нь хамгийн олон хүн амтай Хятадаас ч том “цахим улс” гэсэн үг. Гэхдээ сошиал медиа дахь нэр дэвшигчийн дагагч нь (friends, followers) түүнд санал өгнө гэсэн үг хараахан биш бөгөөд зөвхөн сурталчилгааг нь сонсохоор уулзалтын танхимд орж суусан иргэн л гэсэн үг юм. Тэгэхээр энэ танхимд үйлчилэх дүрэм буюу манай шинэ Сонгуулийн тухай хууль дахь сонгуулийн сурталчилгаа хийх, ялангуяа интернэт орчин ашиглан сурталчилгаа хийх зохицуулалтын талаар тоймлон хүргье.

НӨХӨРСӨГ ИМЭЙЛД ДАРАГДАНА

Цахим шуудангаар сонгуулийн сурталчилгаа явуулж болохоор заажээ. Гэхдээ хаанаас, хэзээ цуглуулсан цахим шуудангийн хаягнууд юм бол? Монголд цахим нууцлалын асуудал хүндхэн байдаг. Зарим сайтад бүртгүүлэхэд өгсөн цахим хаяг нь маркетинг компаниудын өгөөш боллоо л гэсэн үг. Тэгээд ар, араас цуварсан реклам Үүнийг дагасан хувийн ямар мэдээллүүд хэний хүртээл болоод явж буйг хянах аргагүй болжээ. Гэхдээ л улс төрийн нам, нэр дэвшигчид энэ орон зайг ашиглахыг эрмэлзэнэ. Үр дүнд нь таны имэйл улс төрчдийн хайрын захидалаар дүүрнэ.

“ТРОЛЛ”-ДОХ ХОРИОТОЙ

Сонгуулийн сурталчилгааг интернэт ашиглан явуулахдаа захиалагчийн нэр, сонгуулийн штабын нэрийг заавал дурдах бөгөөд бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно гэж заажээ. Энэ агуулгаар Твиттер, Фэйсбүүк дэх олон дагагчтай, хуурамч нэртэй хаягуудыг худалдаж авах явдал тодорхой хэмжээгээр хязгаарлагдана гэж харж байна. Учир нь Фэйсбүүкт өөрт нь 200+ like цуглуулсан хуудасны нэрийг зөвхөн нэг удаа солих хязгаарлалт бий. Мөн тэдгээр хуудаст захиалгат сурталчилгаа тавигдах нь ч энэ агуулгаар хориглогджээ.

ХҮНИЙ ЭРХИЙН ХААЛТУУД

Нэр дэвшигчийн талаар пост хийвэл…?

Сонгуулийн хуульд заасан хориглосон хэм хэмжээнүүдийг шинжлэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан шинжтэй байна. Тухайлбал: хуулийн 70.3 дахь заалт нь хэт өргөн хүрээг хамарч, иргэн сонгуулийн сурталчилгаа хийх, энгийн харилцааны түвшинд үзэл бодлоо илэрхийлэх буюу өөрийн дэмжиж буй нэр дэвшигчээ сонгохыг уриалах үйлдлийг хориглосон агуулгатай болжээ. Өөрөөр хэлбэл иргэн та өөрийн Фэйсбүүк хуудаст нэр дэвшигчийн талаар санал сэтгэгдлээ илэрхийлэн бичихэд хууль зөрчсөн үйлдэл болж болохуйц хууль үйлчилж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний суурь зарчим…?

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг цахим хуудастаа байршуулахдаа захиалагчийн нэр, сонгуулийн штабын нэрийг байршуулаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлах эрхтэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах буюу үзэл бодлын илэрхийллийг хазгаарлахдаа шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эсвэл улс төр, бизнес болон бусад нөлөөллөөс ангид, хараат бус статустай тухайн асуудлыг эрхлэх байгууллагаар шийдүүлэх зарчим бий. Өмнөх олон жишээ тухайлбал: Ерөнхий сайдын өмчлөлийн амралт гэгдэх Хаан жимс амралтын талаарх бичлэгээс нь болж “www.amjilt.com”-ийг хаасан ХХЗГ-ын үйлдэл хууль бус байсан, тодорхой нөлөөллийн улмаас хаасан гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Гэтэл энэ явдал дахин давтагдахуйц байдал Сонгуулийн тухай хуулиар бий болчихжээ.

Шүүхийн өмнүүр хөндөлсөв үү…?

Ингээд зогсохгүй улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан болон хаалтын гэрээ байгуулсан хэвлэл, мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг ШӨХТГ-ын саналыг үндэслэн зөвшөөрлийг анх олгосон байгууллага нь 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр заасан нь дээр дурдсан зарчмууд болоод “гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно” гэх суурь зарчмыг зөрчиж байна.

Интернэт, тэр дундаа сошиал медиа бол зөвхөн технологи биш тэр чигтээ үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх хэрэглүүр болжээ. Интернэт дэх аливаа үзэл бодлын илэрхийллийг хязгаарлах оролдлогууд байж болох ч үндэслэл нь бусдын эрх болон үндэстний аюулгүй байдал, нийгмийн хэв журам зэрэг байх учиртай. Үүнээс давсан хязгаар Сонгуулийн тухай хуульд орсон байж болохуйц байна. Болохуйц гэсний шалтгаан нь үүнийг шүүх тогтоох ёстой учраас тэр…

“Үндэстний тойм” сэтгүүлд нийтлэгдсэн.