Оролдоод үз л дээ

Muug0319
Muug0319
Nov 2 · 2 min read

Хүмүүс бид төрсөн цагаасаа л олон зүйлийн нөлөөнд өртөж, төрөл бүрийн хүмүүсийн нөлөөгөөр төлөвшдөг. Үүнтэй нээх их хүн маргаад байхгүй гэж бодож байна. Хэдийгээр бусад хүмүүс бидэнд ихээр нөлөөлдөг боловч тэдний хэн нь ч бидний юунд хамгаас дуртай байх, юуг хүсэж мөрөөдөх, юунд утга өгч амьдрах, юуны төлөө зорьж дараагийн алхмаа хийхийг бүрэн тодорхойлж чадахгүй. Бусдын нөлөөлж чадах ч удирдаж чадахгүй тэр зүйл бол бидний мэдрэмжүүд.


Би багаасаа юм бүхэнлүү үсчсэн, олон зүйлийг туршиж, сонирхдог хүүхэд байлаа. Төрөл бүрийн хүрээлэлд орж, олон янзын зүйлсийг оролдох явцдаа юу намайг жаргалтай болгож, юу надад сэтгэл ханамж өгч болохыг танин мэдсээр ирсэн гэж боддог. “Надад дуртай юм нээх олон байхгүй, би чадахгүй байх оо, би наадахыг чинь сонирхохгүй байна аа” гэх үгстэй олон таарч байлаа. Тэгээд би дотроо боддог байсан. “Оролдож ч үзэхгүй байж чадах чадахгүйгээ яаж мэддэг юм бол, дуртай дургүйгээ яаж мэддэг юм бол, сонирхох ч үгүй байж хэрэгтэй хэрэггүйг нь яаж тодорхойлоод байна аа?” гэж. Нэг хэсэг усанд сэлэлтээр хичээллэж билээ. Угтаа бол би багадаа голын усанд хоёр ч удаа живж байсан болохоор уснаас нэлээд айдаг байсан ч суугаа ажлын улмаас нуруу өвдөх болсон тул зориг гарган хичээллээд үзэхээр шийдсэн юм. “Би уснаас айдаг” гэсэн бодлоо давж, “оролдоод л үзье” гэсэн бодлоо дагасны ачаар миний эрүүл мэндэд хэрэгтэйн дээр надад сэтгэл ханамж, тайвшрал өгдөг зүйлийг нэгээр нэмэгдүүлж чадав. Бид өөрсдийгөө их л завгүй хүмүүс гэж боддог. Гэтэл дийлэнх тохиолдолд ямар нэг зүйлийг шинээр туршаад үзэхэд тийм ч их цаг ордоггүй. Мөн илүү утга учиртайхан амьдаръя гэж бодож байгаа бол зарим тохиолдолд эрсдэл гаргах, зоригтой байх шаардлагатай шүү дээ.


Миний хувьд “Comfort zone”-доо гацчихсан хүмүүс яг л зомби шиг санагддаг. Аливаа зүйлээс авах мэдрэмжээ оролдож үзэж байж л ямар гэдгийг нь мэднэ. Тэр ч бүү хэл хэдий чинээ эрэл хайгуул хийнэ төдий хэрээр шинэ мэдрэмжүүдийг олж нээнэ. Ер нь бол гүзээлзгэнийг идэж үзэхгүйгээр түүнд дуртай болох боломжгүй л дээ.

Зарим зүйлийг та хийж чадахгүй байсан ч ядаж л түүнээсээ эерэг мэдрэмж авдаг байвал асуудалгүй шүү дээ. Солгой ч гэсэн дуулах дуртай, эвсэлгүй ч гэсэн бүжиглэх дуртай, чаддаггүй хэрнээ сагс тоглоод л байдаг танилууд надад олон бий. Өөрийгөө амраах, эерэг зуршил болгож болохуйц, сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлсийг олж нээх нь өөрийн чинь хичээл зүтгэлээс л шалтгаална. Битгий зомби шиг амьдраарай найзуудаа. Их амархан, зүгээр оролдоод л үз. Хамгийн зоригтой баатар бол мангастай агуйруу орж буй баатар биш, дотор нь юу байгаа нь огт мэдэгдэхгүй агуйруу орж буй баатар юм. Зүгээр эрч хүч, сэдэл олгох үүднээс “мэдрэмжүүдээ нээж илрүүлээ” гээд байгаа юм. Ямарч учир холбогдолгүй юм бүхэнлүү үсчээд бай гэх гээгүй шүү.

    Muug0319
    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade